Ж.Бат-Эрдэнэ: Монголын банкны салбарт дараагийн шатны реформыг эхлүүлнэ

Х.Есү
1 цаг 51 минутын өмнө

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлах болсон үндэслэл, хэрэгцээ шаардлага юу байв?

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 35 жил болж байгаа хэдий ч зээлийн хүү бодитойгоор буурч, олон улсын жишигт нийцсэн нэг оронтой түвшинд хүрч чадаагүй.  Зээлийн өндөр хүү иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, бодит эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна.

Хуулийн төслийн гол зорилго нь Монголын банкны салбарын дараагийн шатны реформыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа. 2021 онд банкны салбарыг нээлттэй хувьцаат компанийн тогтолцоонд шилжүүлж, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах реформ эхлүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр банкны салбарт 80 мянга гаруй хувьцаа эзэмшигч бий болсон нь том ахиц.

Гэсэн ч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж хязгаарлагдмал, банкны салбарт шаардлагатай урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр хангалтгүй байна.  Бас Монгол Улсад банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, гадаадын банкны үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна гэж үзсэн.

Тиймээс дээрх асуудлыг шийдэхгүйгээс болж үүсэх үр дагавар, эрсдэлийг бууруулах талаарх судалгааны үр дүн, олон улсын сайн туршлага зөвлөмжид үндэслэн банкны салбарын хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах шаардлага бий болсон.

“Дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж хангалтгүй” гэж дурдлаа. Энэ нь яг ямар эрсдэл үүсгээд байна вэ?

Зөвхөн системийн нөлөө бүхий 3 банкны хувьд л гэхэд 2.7 их наяд, бусад 5 банк  668 тэрбум, нийт 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа зах зээлд нийлүүлэх хэрэгцээтэй байгаа. Цаашид ч эдийн засгийн өсөлт, банкны салбарын нийт актив зэргийг тооцвол шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэнэ. Харин манай хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар харьцангуй бага байгаа нөхцөлд ийм хэмжээний нийлүүлэлт огцом орж ирвэл хувьцааны үнэлгээ унах, улмаар банкны өөрийн хөрөнгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл илүү уян хатан, олон улсын зах зээлтэй холбогдсон бүтэц шаардлагатай.

Тэгвэл энэ хуулийн төсөл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байна гэж ойлгож болох уу?

Тийм. Гэхдээ зүгээр нэг хөрөнгө оруулалт биш, урт хугацааны, институтийн, тогтвортой хөрөнгө оруулалтыг татах зорилготой.

Олон улсын санхүүгийн байгууллагууд болон зарим гадаадын банкууд Монголын банкны салбарт оролцох сонирхлоо илэрхийлж байгаа. Гэхдээ банкны удирдлагад нөлөөлөх, стратегийн хөрөнгө оруулагчаар оролцъё гэхэд одоогийн хуулийн зохицуулалт дахь хувьцаа  эзэмшлийн бүтэц нь хэт хязгаарлагдмал байна. Иймээс бид системийн банкуудад нэг хөрөнгө оруулагчийн эзэмших дээд хэмжээг 34 хувь, бусад банкуудад 51 хувь хүртэл байхаар санал болгож байгаа. Энэ нь олон улсын жишигт нийцэж байгаа.

Яагаад заавал 34 болон 51 хувь гэж?

34 хувь гэдэг нь Компанийн тухай хуульд заасан хяналтын багцыг эзэмшихтэй холбоотой юм. 33.3 хувиас дээш хувьцаа эзэмших нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт хориг тавих буюу хяналтын бодит эрх олгодог. Энэ нь стратегийн хөрөнгө оруулагчид банкны томоохон шийдвэрийг зогсоох нөлөөтэй байхад хангалттай, гэхдээ банкийг бүрэн удирдах биш. Өөрөөр хэлбэл стратегийн хөрөнгө оруулагч банкны засаглал, урт хугацааны хөгжлийн бодлогод бодит оролцоотой байх боломжтой болно.

Харин 51 хувь бол биржид бүртгэлгүй, хаалттай хувьцаат компанийн хэлбэртэй банкны хувьд тогтоосон. Үүгээр охин компани болон холдинг бүтцэд шилжих боломжийг нээнэ. Стратегийн хөрөнгө оруулагч банкны удирдлагыг бүрэн хариуцаж, засаглалын хариуцлага нэмэгдэнэ. Хамгийн чухал нь аль ч тохиолдолд хувьцааг эцсийн өмчлөгчийн түвшинд тооцно, тиймээс нэрлэсэн хувьцаа эзэмшигчийн ард жинхэнэ хэн байгааг нуух боломжгүй.

2021 оны хуульд заасан зорилтоос ухарч байгаа юм биш үү гэж шүүмжлэх хүн байна?

Огт тийм биш. 2021 оны реформын зорилго зөв байсан. Бид банкны засаглалыг сайжруулах, нэг этгээдэд банкны эрх мэдлийн нөлөөлөл хэт төвлөрөхөөс сэргийлэх зарчмаас ухраагүй. Харин тухайн зорилгод хүрэх замаа зах зээлийн бодит нөхцөлд нийцүүлж байгаа. Хэтэрхий богино хугацаанд хэт хатуу стандарт тавих нь банкны тогтвортой байдалд эрсдэл учруулна. Энэ бол онцгой зүйл биш, харин олон улсын нийтлэг практикт ойртож байгаа хэрэг.

Гадаадын банк Монголд орж ирэх асуудал олон жил яригдсан. Энэ хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах вэ?

Өмнө нь гадаадын банк Монголд салбар, төлөөлөгчийн газар байгуулах эрх зүйн боломж байсан ч практик зохицуулалт нь тодорхой бус байсан.

Шинэ зохицуулалтаар “гадаадын банк” гэсэн ойлголтыг хуульчилж байна. Мөн   Монгол Улсын хянан зохицуулагч болон гадаадын хянан зохицуулагч хоорондын хамтарсан хяналтын тогтолцоог тусгасан. Гадаад банкны эрсдэлийн хяналт, төлбөрийн чадварын шалгуурыг ч тодорхой болгож байгаа. Энэ нь Монголын банкны салбарыг олон улсын санхүүгийн системтэй илүү нягт холбох ач холбогдолтой.

Гадаадын банк орж ирснээр ямар бодит үр дүн хүлээгдэж байгаа вэ?

Нэгдүгээрт, өрсөлдөөн нэмэгдэнэ. Өрсөлдөөн нэмэгдэхээр үйлчилгээний чанар, технологи, бүтээгдэхүүний төрөл сайжирна. Хоёрдугаарт, урт хугацааны хямд эх үүсвэр орж ирэх боломж нэмэгдэнэ. Манай банкуудын санхүүжилтийн бүтэц өнөөдөр ихэвчлэн богино хугацааны хадгаламжид тулгуурлаж байна. Харин гадаадын институтийн хөрөнгө оруулалт нэмэгдвэл илүү урт хугацааны эх үүсвэр бий болно. Гуравдугаарт, засаглал сайжирна. Олон улсын хөрөнгө оруулагчид засаглал, эрсдэлийн удирдлага зэрэг дээр өндөр шаардлага тавьдаг.

Гэхдээ гадаадын банк зах зээлд ноёрхол тогтоох эрсдэл гарахгүй гэж яаж баталгаажуулах вэ? Монгол Улсын банкны салбар дарагдахгүй гэх баталгаа бий юу?

Хуулийн төсөлд энэ асуудлыг маш нарийн зохицуулсан. Аль нэг гадаадын банк эсвэл гадаад улсын банкны салбарын активын хэмжээ банкны тогтолцооны нийт актив эсхүл банкны системийн өөрийн хөрөнгийн 33 хувиас давбал Монголбанк тусгай нөхцөл, шаардлага тавих эрхтэй байхаар тусгасан. Мөн гадаадын банкны зөвшөөрлийг олгохоос татгалзах, хүчингүй болгох тодорхой үндэслэлийг хуульд заасан. Монголбанк дотоодын болон гадаадын зохицуулагч байгууллагатай хамтран хос хяналтын тогтолцоогоор ажиллана. Дэлхий дээр ердөө 8 орчим улс л гадаадын банкны салбаргүй гэсэн судалгаа бий. Монгол Улс эдгээр улсын нэг хэвээр явж ирсэн. Өнөөдрийн дэлхийн санхүүгийн интеграцийн нөхцөлд хаалттай банкны системтэй байх нь хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадвар, технологийн шинэчлэлийн хувьд сул тал болж байна.

Олон нийт “зээлийн хүү буурах уу?” гэж их асууж байгаа. Энэ хууль зээлийн хүү шууд бууруулах уу?

Дунд болон урт хугацаанд буурах суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Зээлийн хүүд инфляц, улсын эрсдэлийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хөгжил, эх үүсвэрийн өртөг, өрсөлдөөний түвшин гээд олон хүчин зүйл нөлөөлдөг.

Зээлийн өртөг буурснаар боловсруулах салбар, хөдөө аж ахуй болон жижиг, дунд үйлдвэрлэл, бодит эдийн засгийн салбаруудад чиглэсэн зээлийн хэмжээ өсөж, үйлдвэрлэл хөгжиж, экспорт нэмэгдэнэ. Улмаар татварын бааз тэлэх, улсын төсвийн орлого дунд болон урт хугацаанд өсөх боломж бүрдэнэ.

Иргэдийн хадгаламж, банкны үйлчилгээ, санхүүгийн тогтвортой байдалд ямар нөлөө үзүүлэх вэ?

Хадгаламж эзэмшигчдийн хувьд хамгийн чухал зүйл бол банкны тогтвортой байдал. Тиймээс өөрийн хөрөнгө сайтай, олон улсын стандарттай банкны систем бий болох нь хадгаламж эзэмшигчдийн итгэлийг нэмэгдүүлнэ.

Мөн үйлчилгээний түвшинд дижитал банк, олон улсын төлбөр тооцоо, төслийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд дагаж хөгжих боломжтой. Үүгээрээ санхүүгийн хүртээмж мөн сайжирна.

Таны харж байгаагаар банкны салбарт ойрын жилүүдэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр ямар хэмжээнд байна вэ?

Зөвхөн хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хүрээнд 3.4 их наяд төгрөгийн хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа. Үүн дээр эдийн засгийн өсөлтийг санхүүжүүлэх, томоохон төсөл, ногоон санхүүжилт, дижитал шилжилт, экспортын санхүүжилтийн зэрэг хэрэгцээг нэмбэл банкны салбарт урт хугацаанд маш их хэмжээний капитал шаардлагатай болно. Дотоодын эх үүсвэрээр энэ хэрэгцээг хангах боломж хязгаарлагдмал. Ийм ч учраас олон улсын хөрөнгө оруулалт, институтийн хөрөнгө оруулагчдыг татах асуудал стратегийн ач холбогдолтой болж байгаа юм. Монголын банкны салбарын реформ бол зөвхөн санхүүгийн салбарын асуудал биш. Эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна