Б.Баярцэнгэл: Хөгжим тоглож сурахын тулд том золиос гаргасан ч үр дүнд нь илүү их зүйлийг олж авсан

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 0 минутын өмнө

Хөгжимчин Б.Баярцэнгэлтэй түүний нээсэн кофе шоп мөн уран бүтээл болон хэрхэн хөгжимд дуртай нэгэн болсон талаар ярилцлаа.

-Та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаач?

-Сайн байцгаана уу намайг Баярцэнгэл гэдэг. Уран бүтээлч, бизнес эрхлэгч хүн байна. Би хийлч мэргэжилтэй, энэ хөгжмөөр 22 дахь жилдээ хичээллэж байна. Хажуугаар нь хөгжмийн продюсер хийдэг. Үүнийгээ хийгээд найм гаруй жил болж байна. Мөн энэ кофе шопын эзэмшигч. Видео хийдэг продакшн компанитай, ер нь нилээн олон төрлийн зүйл хийдэг хүн байна даа.

-Уран бүтээлийнхээ талаар бидэнтэй хуваалцаач?

-Ер нь би гурван өөр төрлийн чиглэлээр, гурван өөр хамтлагт тоглодог. Жазз хамтлагт тоглодог. Мөн Сан жүнипер гээд өөрийнхөө үүсгэн байгуулалцсан хамтлагтаа тоглодог. Хамтлаг маань одоо шинэ уран бүтээлээ төлөвлөөд явж байгаа. Магнолиа гэдэг хамтлагт илүү гүн гүнзгий төрлөөр хийлээ тоглоод явдаг.

Тус тусдаа өөрийн гэсэн жанртай. Би өөрөө ч  нэг зүйлд баригдаж тоглох дургүй учраас миний олон төрлийн хэрэгцээг хангадаг гэх юм уу даа.

-Та өөрийгөө урлагаар явах ёстой хүн юм байна гэдгээ хэзээ мэдэж авсан бэ?

-Яг урлагийн хүн мөн үү, биш үү гэдгээ олж мэдэх, хөгжим гэдэг зүйлийг хийх ёстой юу, үгүй юу гэдэг эргэлзээг тайлах мөч л хамгийн хэцүү байдаг гэж боддог. Би өөрөө зургаан настайгаасаа хойш хөгжмөөр суралцсан. Дунд ангидаа яг хөгжмөөр явах үгүйгээ шийдэх маш том асуулттай тулгарч байсан.

Надад хөгжимдөө дургүй болох ч үе байсан. Хөгжим миний юм биш байна гэж бодох хүртлээ явж байгаад яагаад ч юм гэнэт хөгжимд илүү дуртай болчихсон. Яг энэ үеээ давсны дараа л эргэлзээ тайлагдаад, бүх зүйл нэг чигт харж эхлэдэг.

Хөгжимд яг өөрийнхөө амьдралыг зориулъя гэсэн хүн цаанаасаа л тэр хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй мэт мэдрэмж суучихдаг юм байна лээ. Өөр юм хийж эхэллээ ч гэсэн эргээд л олсон мөнгө, сэтгэл зүрх, олж авсан мэдлэгээ хөгжимдөө зориулчихдаг.

-Хөгжим тоглож сурахын тулд таниас гарч байсан хамгийн том золиос юу вэ?

-Зургаахан настайдаа хөгжмийн сургуульд орсон нь л хамгийн том золиос юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл надад гэлтгүй ер нь хөгжмөөр сурч байгаа хүүхдүүдэд бага нас гэж байдаггүй. Хүүхдүүд гадуур тоглоод явж байхад гэр дотроосоо тэр хүүхдүүдийг хараад атаархаад байж байдаг л байсан. Тийм учраас хамгийн том золиос бага нас л байсан юм байна.

Том золиос гаргасныхаа үр дүнд том зүйлийг олж авсан байх гэж хувьдаа боддог юм. Тэр золиостойгоо дүйцэхүйц зүйлийг л олж авсан байх.

-Дуртай зүйлээрээ мөнгө олж эхлээд хамгийн түрүүнд юунд зарцуулж байсан бэ?

-Хөгжмөөрөө мөнгө олдог болж эхлээд хамгийн анхныхаа лабтобыг нэгдүгээр курсдээ авч байсан. Тэгж авсны дараа хамгийн анх хөгжим хийх оролдлогоо эхлүүлж байсан. Намайг хөгжим хийхэд хамгийн их дэм болж байсан газар бол кофе шоп.

Соёл урлагийн их сургуулийн хажууд байдаг "Кафе бене"-д миний бүхэл оюутан нас өнгөрсөн. Тухайн цаг үедээ өөрийн гэсэн кофе шоптой болоод тэндээ хөгжмөө хийгээд сууж байвал гоё доо гэж бодож байсан юм. Тэрнээс хойшоо долоогоос найман жилийн дараа Лотус гээд кофе шоптой болсон. Яг ажиллаж эхлээд зургаан жил болж байна. Яг үнэндээ өөрийн гэсэн кофе шоптой болоод хөгжмөө хийж сууна гэдэг нь бүтэхгүй мөрөөдөл байсан юм байна лээ.

-Кофе шопынхоо онцлог, давуу талуудыг нэрлэвэл, хэр сэтгэлээ шингээж нээсэн бэ?

-Нэгдүгээрт манайх өглөө зургаан цагаас онгойдог. Зургаан жилийн хугацаанд тасралтгүй өглөө болгон нээж байгаа хамгийн анхны кофе шоп гэж хэлж болно. Энэ эрчээ алдахгүй явж байгаа, үүгээр нь ч бас хүмүүс их мэддэг болсон байх гэж боддог.

Өглөө ирээд л өглөөнихөө цайг идэж, уугаад явах боложтой.

-Мэргэжлийн хөгжимчин болоход юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Нилээн их хөрөнгө мөнгөтэй байж л яг 100 хувь хөгжимчин болох юм шиг байдаг. Хамгийн наад захын жишээ нь багаасаа эхлээд өөр юунд ч санаа зовохгүйгээр хөгжмөө тоглох байдаг. Хөгжимчин болох гэдэг дээрээ төвлөрөхөд эдийн засгийн шалгуур байх ёстой юм шиг байна лээ.

Энэ бол угаасаа л туйлын зүйл байх. Энэ шалгуур үнэхээр хэцүү байдаг. Сайн хөгжмөөр тоглохгүй бол хөгжимдөө тааруулж бие нь хувьсаж, тэрэндээ тохируулж хөгжимдөөд байдаг. Сайн хөгжимтэй бол тэрнийг дуугаргахад амархан. Өөрийнхөө гарны барилт, тоглолтынхоо өнгө аяс дээр л анхаарах хэрэг гардаг. Муу хөгжим дээр бол энийг яаж аятайхан дуугаргах вэ гээд зовчихдог.

Мөн маш их цагийг хөгжимдөө зарцуулах ёстой. Өдөрт найман цаг давтдаг гэдэг нь үнэн. Хоёр цаг давтаад нэг цаг амардаг. Иймэрхүү хуваарьтай явж байж л дэлхийн хэмжээний хөгжимчин болох боломж нь гарч ирэх байх. Ийм байна гэдэг чинь хүүхдэд бол үнэхээр л хар дарсан зүүд шүү дээ.

Хийл утсан хөгжим, нумт хөгжмийн зэмсэг болохоор дуугаргахад үнэхээр хэцүү байдаг. Яг гоё дуугаргадаг болтлоо хоёроос гурван жилийн хугацааг зарцуулна. Оролдож үзсэн хүмүүс мэднэ дээ. Нумыг нь бариад л татахад эвгүй дуугардаг шүү дээ.

Бусад хөгжмүүдийг амархан гэх гээгүй. Гоё дуугаргана гэдэг л их хэцүү байдаг гэдгийг хэлсэн юм. Иймэрхүү зүйлсээс шалтгаалаад хөгжимчин болох гэж нилээн л их зүйл үзнэ дээ.

-Та төгссөн сургуулийнхаа талаар танилцуулаач?

-Хөгжим бүжигт шалгалтнаас шалгалтын хооронд л амьдардаг. Нэгдүгээр ангиасаа авхуулаад л шууд коллежийн хуваарьт орчихдог. Хоёр семестр, гурав гурван шалгалтаар нь хуваадаг гэсэн үг. Дан ганц хөгжим сурахгүй шүү дээ. Мэдэж ерөнхий эрдмийн шалгалтуудаа өгнө.

Хүмүүсийн зарим нь өрөөсгөл ойлголттой байдаг юм шиг байна лээ. Хөгжмөө сураад л явж байдаг гэж боддог. Үгүй шүү дээ. Хажуугаар нь ерөнхий эрдмийн хичээлээ үзээд, шалгалтаа өгөөд явдаг байсан. Бусад 10 жилийн хүүхдүүдтэй л адилхан. Мэдрэмж бол байнгын түгшүүртэй, стресстэй байдаг байсан.

-Хийл хөгжмийг нэг чихэндээ наагаад тоглоод байдаг. Энэ нь сонсголд нөлөөлдөг үү?

-30-40 наснаас эхлүүлэн жил ирэх тусам хүний сонсгол муудаад л яваад байдаг. Бид нар тэр тусмаа нэг талаараа зөвхөн хийлийн гаргаж чаддаг герцийг сонсдог. Тэр нь 100-8000 хооронд байдаг. Тэр хэмжээг байнга сонсоод байхаар тухайн давтамжийн хэмжээгээрээ муудаж эхлэдэг.

Миний хэлэх санаа гэвэл чихээ байнга хайрлах хэрэгтэй, аль болох амрааж байх ёстой. Байнга чихэвчтэй байж болохгүй. Хөгжимчдөд хэлэхэд энэ бол маш чухал зүйл.

-Хөгжмөөр хичээллэж байгаа залуус дүү нартаа хандаж үг хэлээч?

-Хөгжмийг дургүй болтлоо хийж болохгүй юм байна лээ. Хэрвээ хөгжмийг өөрхийнхөө үндсэн зорилго болгох гэж л байгаа бол ерөөсөө дургүй болтлоо хийж болохгүй. Аль болох өөрийнхөө дуртай гэсэн зүйлийг хөгжим болгож гаргах хэрэгтэй. Дургүй болчих юм бол хийхээ больчихно шүү дээ.

Энэ яахав мэргэжлийн хөгжимчдөд тохиолддог асуудал л даа. Программ дээр нь тусгагдсан дургүй хөгжмөө тоглох хэрэг гардаг. Гэхдээ сурах зүйлээ сураад л авчих. Дараа нь өөрсдийнхөө, өөрийнхөө дуртай хөгжмийг хийж байх хэрэгтэй.

Тэгэж байж өөрийнхөө сүнсийг алддаггүй юм байна лээ. Хэрвээ дургүй зүйлээ хийх юм бол сүнсээ алдчихна шүү. Өөрийнхөө сүнсийг тэжээгээрэй.

-Бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна