Б.Сүхбаатар: Ирэх дөрвөн жилд нэг ч яндан нэмэгдэхгүй

2017/01/27
ҮАБЗ-аас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зөвлөмж гаргаж, НИТХ-д чиглэл өгсний дагуу өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан боллоо. Хуралдаанаар ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах тусгай  төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жилүүдэд дандаа шахмал түлш, утаагүй зуухтай зууралдсан нь үр дүнгүй бага байжээ. Шинэ суурьшлын бүсэд замбараагүй газар олгосон нь жил бүр яндангийн тоог олон мянгаар нэмсэн байна. Энэ хэмжээгээр утаа буурахгүй байгаа нь харагдаж байсан учраас эхний ээлжинд шинэ суурьшлын бүсэд шилжин ирэхийг тодорхой хугацаанд хориглох, шинэ суурьшлын бүсэд орчны бохирдол гаргахгүй гэсэн нөхцлөөр суурьшуулах зэрэг  чиглэлээр захирамжууд гарсан. Товчхондоо бол ирэх 4 жилд яндан нэмэхгүй байя гэж байгаа.

Жил бүр 20-30 мянган яндан нэмэгддэг байдлыг зогсооно гэсэн үг. Хорт утаа их хэмжээгээр ялгаруулдаг хог хаягдал түлж болзошгүй 41 мянга гаруй өрхөд чиглэсэн “Нэг өрх нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ шууд халамжийн бодлого баримтлахаас илүү орлоготой байлгах боломжийг бүрдүүлэх юм.

Агаарын бохирдлын хэмжээгээр нийслэлийн айл өрхийг 4 бүсэд хуваасан. Эдгээрээс гамшгийн хэмжээнд хүрсэн буюу 1-р бүсэд нийтдээ 72 хороо хамаарч байгаа. Энэ бүсэд утааг багасгаж болох бүхий л арга хэмжээг шат дараатай авахаар төлөвлөсөн” гэлээ.

С.Одонтунгалаг: Онцгой байдал зарлаагүй байхад хууль зөрчсөн захирамж гаргаж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой саналуудыг тусгажээ.Мөн хууль давсан захирамж гаргаж, төсөвгүй төлөвлөгөө батлах нь учир дутагдалтай гэж шүүмжилж байлаа.

Энэ талаар төлөөлөгч С.Одонтунгалаг, “Агаарын бохирдлыг бууруулахад арга хэмжээ авч ажиллах зөв боловч хууль зөрчиж байна. Ерөнхийлөгч зарлиг гаргах юмуу, асуудлыг УИХ-аар хэлэлцэж тогтоол баталсан тохиолдолд онцгой байдал зарласан гэж үзнэ. Энэ тохиолдолд хуулийг өөрөөр хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл онцгой байдал зарлах асуудал нь хуулийн хүрээнд эрэмбэ дарааллаар явагдсан үед Үндсэн хуулиар олгогдсон хүний шилжин суурьших эрхийг хязгаарлана.

ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан болохоос онцгой байдлыг албан ёсоор зарлаагүй. Зөвлөмжийг удирдлага болгож нийслэлийн Засаг дарга газар өмчлөх хуулийг зөрчих, хүний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрхгүй. Мөн төсвийн хүрээнд бус төсөв хөрөнгө нь тодорхойгүй тусгай төлөвлөгөө батлуулах гэж байгааг буруутгаж байна” гэсэн юм.

С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна