Ихэнх нутгаар цасан шуургатай байна

2017/01/28
2017 оны 01 дүгээр сарын 28-ны 08-20 цаг хүртэл Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Нийт нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна.

Говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 20-25 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 21-23 градус хүйтэн байна.
 
2017 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

29,31-нд хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна