АН-ын 7-р их хурал өчигдөр болж өндөрлөсөн. Энэ үеэр АН-ын ҮЗХ-ны гишүүн, хуульч Р.Булгамаагаас намын дүрмийн шинэчлэлийн асуудлаар тодрууллаа.
-АН-ын их хурлын үр дүнг дүгнэж хэлэхгүй юу?
-Эх орныхоо өнцөг булан бүрээс их хуралдаа ирж оролцсон төлөөлөгч нар маань сэтгэл өндөр байна. Миний хувьд намын дүрмийг шинэчлэх 30 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэгт багтаж ажилласан. Дүрмийн ажлын хэсэг орон нутаг, намын хороодод дүрмийн хэлэлцүүлгийг урьдчилсан байдлаар зохион байгуулсны үр дүн өнөөдрийн/өчигдөр/ их хурлаар харагдлаа. Хэд хэдэн удаа хэлэлцүүлэг явагдсан учраас дүрэмд орж буй өөрчлөлтийн талаар ойлголттой байсан. Тэр ч утгаараа дүрмээ ёсчлон батлах нь зүйтэй гэдэг дээр байр суурь нэгдсэн.
-Намын дүрэмд хариуцлагын асуудлыг чангатгаж оруулж ирсэн гэсэн. Чухам ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Намын дүрмийн шинэчлэл дээр эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хүчтэй яригдаж байгаа хариуцлагын асуудал хурцаар тавигдсан. Тухайлбал УИХ-д олонх болоогүй тохиолдолд намын дарга, дэд дарга, хэрэг эрхлэх газрын дарга гээд удирдах албан тушаалтнууд огцорч байхаар тусгасан. Дараагийн сонгуульд дээрх хүмүүс намын удирдах албан тушаалд нэр дэвшихгүй байх асуудал яригдаж байгаа. Өмнө нь ийм заалт байгаагүй. Мөн намынхаа эсрэг ажилладаг, намынхаа гишүүнчлэлээс гараад өөр намаас нэр дэвшдэг, намын үйл хэргийг эсрэг дуугардаг зэрэг ойлгомжгүй, хувь хүний ёсзүйтэй холбоотой асуудлыг дүрмээр зохицуулсан нь үр дүнтэй болсон гэж үзэж байгаа.
Ёс зүй, дүрэм журмыг мөрдөж байж АН цаашаа явна. Дүрмээ мөрдөе гэвэл хариуцлага сахилга бат байх ёстой гэдгийг их хурлын төлөөлөгчид санал нэгтэй дэмжиж гар өргөж байсан. Аливаа амжилтын үндэс нь зохион байгуулалт, сахилга бат, хариуцлага. Бид өмнө нь дүрмээрээ зохион байгуулалт, сахилга баттай байх асуудлыг зааж өгсөн бол үүн дээр хариуцлагаа тооцох асуудал нэмэгдэж байна. Хариуцлага тооцдог байх нь манай намын шинэчлэлийн гол категори. Хүнээ шинэчлэхээс илүү сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй байна гэж онцолсон намынхаа удирдлагуудтай санал нэг байгаа.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна