Ж.Амарсанаа: Ерөнхийлөгчид Р.Амаржаргал нэр дэвшвэл МАН-ын өрсөлдөгчийг давж гарна

2017/02/15
Эрүүл мэндийн дэд сайн асан, АН-ын гишүүн Ж.Амарсанаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-АН-ын шинэчлэл эрчимтэй явж байна гэцгээж байна. Энэ намын залуу үеийн төлөөллийн хувьд танд мэдрэгдэж байгаа зүйл байна уу?

-Мэдрэгдэж байна. Олон жил дунд, дээд шатны намын дарга нарыг цөөн хэдэн хүн хор хутгаж томилдог байсан. Энэ байдал өөрчлөгдөж сунгаагаар сонгодог тогтолцоо руу орж байгаа нь  сайн хэрэг. Намын шат шатны удирдлагуудыг сонгох асуудал илүү нээлттэй, оролцоо хамаагүй илүү сайжирч байна л даа. Хүссэн хүн болгон нэр дэвшүүлэх боломж харагдаж байна. Нөгөө талаас бүх, дүүрэг аймгийн намын даргыг сунгаагаар шийднэ гэдэг нь тийм ч оновчтой хувилбар биш. Сунгаа гэдэг зардал ихтэй, бүх гишүүдэд хүрч ажиллах шаардлага гарна. Сая л гэхэд төв гамын даргын сунгаанд оролцохын тулд зөвхөн дэнчингийн мөнгө нь 250 сая төгрөг, сунгаанд зарцуулсан нийт зардал 500 саяаас 1 тэрбум төгрөг болсон байх жишээтэй.

-Ж.Батзандан, Л.Гантөмөр гээд залуу үеийн төлөөлөл намын даргад өрсөлдсөн. Энэ утгаараа АН-ын залуусыг бэл бэнчин сайтай гэж харах хэсэг байна?

-Зарим нэгэнд нь хурааж хуримтлуулсан мөнгө байдаг л байх. Олонх нь амьдралаараа дэнчин тавиад явдаг. Дундаж орлоготой хүн бол намын удирдах албанд очиход хүнд боллоо л гэж бодож байна.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. АН-аас нэр дэвших боломжтой хувилбарыг хэн гэж харж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг нэрлэнэ. Р.Амаржаргалын нэр хүнд өндөр хэвээр байгаа. МАН-аас нэр дэвшигчийг давж гарч ирэх боломжтой хувилбар гэж яригдаж байна. Э.Бат-Үүл дарга байна. Үндэсний хэмжээний аль ч тойрогт ялах боломжтой лидер. З.Энхболд дарга нэр дэвшихгүй гэж хэлсэн байна лээ. Гэхдээ нэр дэвшвэл боломжтой хувилбар гэж боддог. АН-ын дарга асан Н.Алтанхуяг нэр дэвшинэ гэж өөрөө мэдэгдсэн ч тодорхой болсон зүйл алга. Бас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан өрсөлдөх болов уу. Эдгээрээс  өөр сонголт бараг байхгүй дээ.
 
Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна