Б.Пүрэвдорж: ОУВС хэлэлцээ хийдэггүй, болзол тулгадаг

Өчигдөр 16 цаг 03 минут
 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.02.22/ өргөтгөсөн хуралдаанаа  хийлээ. Хуралдаанаар Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөр, Авлигатай тэмцэх газраас өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчилсантай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат,  бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж нар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн зүгээс ОУВС-гаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар гурван өдрийн өмнө мэдээллээ тараахыг шаардсан ч өгөөгүй гэнэ. Өнөөдрийг хүртэл тус асуудлаар байр сууриа илэрхийлэхэд мэдээлэл дутмаг байгаагаа хэлж байлаа.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх асуудлыг хөтөлбөрт багтаасан нь эдийн засгийн хүнд нөхцөлд байж боломгүй зүйл. Төсвийн зарлагыг танах талд анхаараагүй. Төсвийн орлого нэмэгдүүлэхэд л чиглэж байгаа нь анхаарал татаж байна. 2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засгийн хүндрэлээс гарах гол концепци барьсан. Эдийн засаг дахь уул уурхай, түүхий эдийн үнэ 2-3 дахин унасан нөхцөлд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор Монголын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг зорьж, ажлын байр, цалингийн хэрэглээг бууруулахгүй байхад анхаарч ажилласан.

Ипотекийн зээлээр дамжуулан иргэдээ орон сууцжуулахын зэрэгцээ ажлын байр бий болгосон. Ардчилсан намыг Засаг барьж байх үед тэтгэврийн насыг бага хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал ярихад МАН-ынхан маш их эсэргүүцэж байсан ч өнөөдөр 180 градус эргэж байна.  ОУВС-гийн энэ нөхцөл байдлаар явбал 2016 оны МАН-ын амлалт биелэх боломжгүй” гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж мөн ОУВС-ийн хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “ОУВС хэлэлцээ хийдэггүй, болзол тулгадаг. Хэрвээ хэлэлцээ хийдэг байсан бол өнөөдөр Өргөтгөсөн хөтөлбөрийг авахгүй байх байсан. Зардлыг танах тал дээр ямарваа нэг арга хэмжээ аваагүй байгаа. Төрийн албан хаагчдыг танавал 8 тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой. Төрийн байгууллагуудын зардлыг таван хувиар танахад 450 тэрбумын зардал хэмнэгдэнэ. Зөвхөн энэ хоёрыг танахад л ОУВС-аас авах гээд байгаа 440 саяыг гаргаад авчих  боломжтрой байсан. ОУВС эдийн засагт тус болох биш илүү боомилсон, хөгжлийг удаашруулсан хөтөлбөр санал болгож байна. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2017 оны төсөв хэлэлцэх байх, энэ үед төсвийн зардлыг танах, төрийн албан хаагчийг багасгах тал дээр бүлэг санал гаргаад явна” гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах өөр ямар гарц байсан гэж үзэж байна вэ?

-Д.Эрдэнэбат: Бид ОУВС-гийн төлөөлөгчийн дүгнэлтийг орчуулахад түүхий эдийн үнэ огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт задран унасан нь Монголын эдийн засагт хүнд цохилт болсон гэж тодорхойлсон байна. Энэ  тодорхойлолтыг зөв гэж үзэж байгаа. Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ уналттай байсан бол өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Зэсийн үнэ нэг тонн нь 4000 ам.доллар байсан нь 6000 ам.доллар, нүүрсний үнэ 30 ам.доллар байсан нь 110 ам.доллар болсон. Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэж байгаа үед төсвийн зөв зохицуулалт хийх юм бол энэ хүндрэлээс гарах боломж бий. Ганц юм зовоож байгаа нь урд талын авсан евро бондын 580 сая ам.долларын зээлийг төлөх хугацаа тулсан учраас үүнийгээ яах вэ гэдэг дээр тулгамдсан. Харамсалтай нь, манай эрх баригчид Засаг авсныхаа маргаашнаас эдийн засгийн үнэлэмжээ буулгах, эдийн засгийн үл итгэлцлийг бий болгох ойлголт төрүүлсэн учраас олон улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.

Б.Пүрэвдорж: ОУВС-аас манайд 5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээсэн гэдэг нь  орж ирэх мөнгийг төслийн болон төсвийн зориулалтаар зарцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвийн цоорхойг нөхөх юм. Гаднаас зээл авч  байгаа бол  хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулагдах ёстой. Уг нь  заавал ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр хөгжих боломжтой. Энэ жилийн хувьд нэг ч төгрөгийн шинэ бүтээн байгууллат хийхгүй байхаар төсвөө баталсан. Хоёр жил ингээд явчихад эдийн засаг босоод ирнэ. Өнгөрсөн жил татварын орлого нэмэгдсэн. Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хүрээнд 37 их наядын хөрөнгө ил болсон. Үүний татвар хуримтлагдаж байгаа. Татварын буцаан олголттой холоботойгоор орлого нэмэгдэж байгаа. Сайн зүйл маань жижигхэн эдийн засгийг аваад явах боломжтой.
С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна