Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлж ахмадын төлөөлөлтэй золголоо

2017/02/27
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгтөдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золголт хийн, азай буурлуудын амар мэндийг эрэн мэндчиллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд золголт хийв. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг цэнгүүлж, ерөөл магтаалаа айлдлаа.

Ахмад буурлуудтайгаа золгож, гарын бэлгээ гардуулан, Төрийн есөн хөлт цагаан тугны өмнө дурсгалын зураг авахуулсны дараа төрийн өндөрлөгүүд ард иргэддээ хандаж сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орон, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн бичин жилийн хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ирж байгаа гал тахиа жил ч гэсэн Монголчууд бидэнд ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сар шинийн баяр бол бид өвөг дээдсээ, ахас ихэсээ хүндэтгэх, нялхасаа баярлуулах, ураг төрлөөрөө, айл хотлоороо инээж хөхөрч, сайн сайхныг билэгдэн, ёс заншлаа дээдэлдэг сайхан баяр. Монгол түмэн маань сайхан баярлаарай” гээд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв. Төрийн золголтын дараа УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд бараалхаж золголоо.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагууд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очин түмэн олны буян заяаг даатгаж мандал өргөлөө хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.









Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна