НИТХ-ын дарга Ц.Сандуй тэргүүтэй албаныхан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайтай очиж золголоо.
А.Даариймаа гуай өдгөө 87 насыг зооглож байгаа бөгөөд үр хүүхэд, ач, зээ нарын хамт эрүүл энх амьдарч байна. Тэрбээр "МАН-ын удирдлагууд жил бүр ирж золгодогт их баяртай байдаг юм. Мөн хөгшний маань мэндэлсэн өдөр болон бусад дурсгалт өдрөөр намын удирдлагууд болон монголчууд хүндэтгэл үзүүлж байдагт би их талархаж явдаг. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Нийт ард түмэн сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн өдрүүдэд МАН-ын удирдах зөвлөлийнхөн нам төрийн удирдагч байсан ахмадуудынхаа гэрт очиж золгон, хүндэтгэл үзүүлдэг. Энэ жил бид маш олон ахмадтай очиж золголоо. Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа гуайнд ирээд байна. А.Даариймаа гуай их өндөр настай сайхан буурал. Бидэнд үнэтэй сургааль хэлж, Ж.Батмөнх агсныг дурслаа. Энэ сайхан бууралдаа урт удаан наслаарай гэж нийслэлчүүдийнхээ өмнөөс хүсэн ерөөе” гэв.
Ж.Батмөнх агсан их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаа дугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна