Ардчилсан намын Дүрэм яагаад буцав?
Ардчилсан намын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өчигдөр хэлэлцэж, дүрмийг бүртгэх хүсэлтээс татгалзсан шийдвэр гаргажээ. Харин Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Ардчилсан намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг бүртгэлээ.
Улсын Дээд шүүх хүсэлтийг хэлэлцээд намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Чухам ямар зүйл, заалт нь хууль зөрчсөн талаар Улсын Дээд шүүх хэвлэлийн мэдээндээ хараахан дурдаагүй байна.
Гэвч зарим эх сурвалжийн тайлбарлаж байгаагаар АН-ын Үндсэн дүрэмд “Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний Бодлогын Хороо, Нийслэл, аймаг, дүүргийн салбар байгууллага (Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо)-ыг тухайн УИХ-ын болон ИТХ-ын тойрогт харъяалагдах анхан шатны гишүүдээс сонгох”-оор тусгасан нь Улс төрийн намын тухай хуулийн 13.2.2-д заасан “намын төлөөллийн төв болон хяналтын төв байгууллагын тайланг хэлэлцэх, тэдгээрийн бүрэлдэхүүнийг сонгох”, 13.3-д заасан “Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна” гэсэн заалтыг шууд зөрчсөн гэж үзжээ.
Түүнчлэн “Үндэсний бодлогын хороо нь Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна”, “Үндэсний бодлогын хорооны гишүүнийг тухайн УИХ-ын тойрогт харъяалагдах анхан шатны гишүүдээс нууц санал хураалтаар сонгоно... (нийслэл, аймаг, дүүргийн намын хороодын гишүүдийг мөн адил)” гэсэн нь Улстөрийн намын тухай хуулийн 5.1.6-д заасан “үйл ажиллагаагаа нутаг дэвсгэрийн зарчмаар явуулах” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Улс төрийн намын тухай хуулиар бол намын Үндсэн дүрэм, түүний өөрчлөлтүүдийг батлах эрх нь Их хурал эсхүл түүнээс сонгогдсон төлөөллийн төв байгууллагад олгогдсон байдаг.
Тэгвэл АН-ын VII их хурлаар баталсан Үндсэн Дүрмийн нэмэлт өөрчлөлтөд намын ажлын албаны зүгээс дур мэдэн өөрчлөлтүүд оруулсан нь намын Их хурлын бүрэн эрхэд халдаж, Улс төрийн намын тухай хуулийн 13.2.1.-д заасан “намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлах” гэсэн заалтыг зөрчсөн хэрэг ажээ.
Уг нь АН-ын VII Их хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталж, нийт гишүүдэд нээлттэй мэдээлж танилцуулсны үндсэн дээр Дээд шүүхэд бүртгүүлэхийг намын даргад үүрэг болгосон юм байна.
Гэтэл дүрмийн төслийг “Ажлын хэсэг” гэсэн хэдхэн хүн дур мэдэн өөрчилж, намын гишүүдэд мэдээлж ил болгоогүй, төсөлтэй танилцах тухай гишүүдийн шаардлагыг огт биелүүлэлгүйгээр VII Их хурлаас батлаагүй нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлжээ. Энэ нь Улс төрийн намын тухай хуулийн 5.1.2-д заасан “үйл ажиллагаагаа ил тод явуулах” гэсэн заалттай зөрчилдөж байгаа аж.
Ямар үр дагавар үүсэх вэ?
Ардчилсан намын гишүүдийн хүсэн хүлээсэн шинэчлэлийг бий болгоход шинээр баталсан Үндсэн дүрэм суурь, хөрс болно гэж гишүүд үзэцгээж байсан ч Улсын Дээд шүүхээс буцаагдсанаар уг дүрэм үйлчлэх бололцоогүй болж байна.
Энэ тохиолдолд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй хуучин дүрмээр АН-ын үйл ажиллагаа нэг хэсэгтээ зохицуулагдах бололтой. Тийм бол дөрөвдүгээр сард зохион байгуулах дотоод сонгууль, түүний бүртгэл гэх зэрэг намын Үндсэн дүрмийн хүрээнд өрнөж буй шинэчлэлийн ажлууд утга учир муутай болж хувирна.
Харин Үндсэн дүрмийн зөрчил бүхий заалтуудаа холбогдох хуультай нийцүүлэн засна гэвэл намын Их хурлаа дахин хуралдуулах ёстой болж таарна. Ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан нам дотоодынхоо асуудлуудаа амжиж шийдвэрлэх цаг хугацааны дарамтад орж байна гэсэн үг юм.
Эх сурвалж:Өглөөний сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна