Жил бүрийн өвөл нийслэлчүүдийн өмнө тулгамддаг агаарын бохирдол гурван жилийн өмнөөс нүдэнд харагдахуйц, мэдрэгдэхүйц хэмжээгээр тодорхой хугацаанд буурсан ч энэ жил эргээд ихэсчихлээ.
Үүнийг нь хариуцсан дарга нар нь иргэдийн буруу, иргэд түлшээ их хэрэглэж байна хэмээн хээв буруутгаад сууж байх юм.
Гэхдээ агаарын бохирдол нүдэнд үзэгдэх хэмжээ нь гайгүй болсон ч чанар нь тааруухан байсаар байгааг мэргэжилтэн судлаачид хэлсээр ирсэн. Нөгөө талаар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын төсвөөс өчнөөн хөрөнгө мөнгө зарцуулж байгаа ч агаарын чанарын үзүүлэлт аюулгүй, стандарт хэмжээнд хүрээгүй байгааг төрийн аудитын байгууллагын тайлангаас харж болно.
Тодруулбал, Үндэсний аудитын газраас “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланг олон нийтэд ил болгожээ.
Тайлангийн дагуу өнгөрсөн дөрвөн жилд агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 456.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2017-2020 онд төсвөөс гаргасан энэ их мөнгө үр дүнтэй зарцуулагдсан уу, хэн хэдэн төгрөгөөр ямар ажил хийснийг дараах 10 баримтаар тоймлон үзүүлэхээр бэлтгэлээ.
1. Агаар бохирдуулах бодисууд өндөр хэвээр байна. Илтэд харагдах утааны хэмжээ буурсан мэт боловч агаарын чанар дахь хортой бодисуудын хэмжээ нэмэгдсэн байж болзошгүй талаар ҮАГ-ын аудитын тайланд онцолжээ. Тухайлбал, хүхэрлэг хийн агууламж 2016 онд стандартаас 1.8 дахин их байсан бол 2020 онд Монгол Улсын стандарт болон ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2.4 дахин өндөр болсон байна. Харин PM10 тоосонцрын хэмжээ 2016 оны жилийн дундаж агууламжаар Монгол Улсын стандартаас 2.6 дахин их, ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.3 дахин их байсан бол 2020 онд хэмжээ нь бага зэрэг буурсан ч улсын стандартаас 1.8 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 4.5 дахин өндөр байжээ.
Тэгвэл PM2.5 тоосонцор 2016 онд улсын стандартаас 3.16 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 3.9 дахин өндөр байсан бол 2020 онд улсын стандартаас 1.9 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.4 дахин өндөр хэвээр байсан байна. Өөрөөр хэлбэл, агаарын найрлага дахь бохирдуулагч бодисууд 2016 оноос хойш бага зэрэг буурсан мэт боловч хүний эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй хэмжээнд хүрэх яагаа ч үгүй байгааг дээрх тоо баримт харуулж байгаа юм.
2. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд багагүй төсөвтэйгөөр хийгдсэн энэ ажлын үр дүн харин ямар байна вэ. Төлөвлөсөн арга хэмжээнүүд бүрэн хийгдэж чадсан уу гэдэг дээр тун ч асуудалтай хариулт байгааг аудитын тайлангаас харж болно.
3. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжсэн байна.
4. Мөн хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 43 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл үүнээс 100 хувийн хэрэгжилттэй арга хэмжээ ердөө гурав байгаа нь анхаарал татна. Мөн 70 хувийн хэрэгжилттэй 13, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжээгүй 9 арга хэмжээ байгааг онцолжээ. Эндээс төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажиллаж байгааг харж болно.
5. Орчны бохирдлыг буруулах үндэсний хороо ажлаа хийхгүй байна. Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах хороо “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргээ биелүүлдэггүйгээс 2020 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний 67.8 хувь нь хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас хийсэн байна.
6. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг Сангийн яам, ЭМЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, БХЯ, ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, аймгийн ЗДТГ зэрэг хариуцан хэрэгжүүлэгч яам, агентлагууд тухайн жилийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгадаггүй зөрчил байгааг байгууллага бүрд зөвлөмж хэлбэрээр сануулсан байна.
7. Тухайн аудитаар илрүүлсэн бас нэг томоохон зөрчил нь агаарын чанарын бүсэд хамаарах гэр хорооллын зорилтот айл өрхүүд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд бүрэн хамрагдаж чадахгүй байгааг онцолсон байна.
8. Мөн 2017-2020 онд гэр хорооллын айл өрхөд үзүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн 7.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг хариуцан төлөх байгууллага тодорхой бус байгааг БОАЖЯ, Эрчим хүчний яам зэрэг байгууллагын удирдлагуудад сануулжээ.
9. Түүнчлэн стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэр байхгүй, хүчин чадал хүрэлцэхгүйгээс барьцалдуулагч, түлш савлах 25 килограммын шуудайг ихэвчлэн БНХАУ-аас худалдан авдаг, Тавантолгойн нүүрсний уурхайгаас нүүрсийг машинаар тээвэрлэдэг зэргээс шалтгаалан шууд материалын өртөг өндөр болж байгааг тодотгожээ.
10.Нийтдээ “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” аудитаар 43.7 тэрбум төгрөгийн 19 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 10.9 тэрбум төгрөгийн дөрвөн албан шаардлага, 32.8 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
Монгол улсын эх баригчид Нийсэлийн утаатай тэмцэх үйл ажиллагаа аль 2005 оноо эхтэй байх тухайн цаг үетэй зэрэгцэн төмөр замын тухай бас л яригдаж байсан хараисалтай нь монголын эх баригчид тухайн цаг үед төмөр замыг тавих сонирхол нэгээхэнд ч байгаагүй хэрэв тухайн цаг үеээс л төмөр замаа ашиглалтанд оруулаад нүүрсээр экспорлосон бол өнөөдөр гэр хорооллын 224 мянган айлын утааны асуудлыг бараг шийдсэн байх байсан
Хариулах