А.Алтансүх: Өнөөдрийн энэ хүнд этапыг багийн тактикийн дагуу уралдаж, амжилттай дуусгалаа

Zuv.mn
2 цаг 56 минутын өмнө

“TOUR OF MONGOLIA 2025” олон өдрийн тэмцээний V гараа Тосонцэнгэл-Улиастай чиглэлд болж, дугуйчид алдарт Загастайн даваа өгсөж уралдан орой дээр нь бариалсан билээ.

Бид тус тэмцээний бүх ангилалд тамирчдаа оролцуулж буй “Catco racing team” багийн дасгалжуулагч, дугуйн спортын ОУХМ А.Алтансүхтэй ярилцлаа. А.Алтансүх мөн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг хашдаг юм. 

-“Catco racing team” энэ удаагийн Монголын олон өдрийн тэмцээнд бүх ангилалд багаа оролцуулж өрсөлдөж байна?

-Өсвөрийн ангилалд бол Сонгинохайрхан дүүрэгтэй нийлж орсон шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй элит ангилалд бүтэн багаараа оролцож байна.

-Өнөөдөр /Өчигдөр/ тамирчид тэмцээний хамгийн хүн этап болох Загастайндаваанд уралдлаа. Лидерийн шар цамцыг хадгалж байгаа багийн дасгалжуулагчийн хувьд энэхүү шийдвэрлэх гараанд ямар тактикаар уралдсан бэ?

-Энэ хүнд этапыг багийн боловсруулсан тактикийн дагуу уралдаж, амжилттай дуусгалаа.

-Ямар тактик байсан бэ?

-Ер нь бол өрсөлдөгч багууд нийлчихээд байсан л даа. Тэрэн дээр нь “Хүчийг нь хоёр хуваая” гэсэн бодол байсан. “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр маань уралдаан эхлээд хаа холоос тасралт хийж, тэрэн дээр нь хойноос нь багчилж ажиллаад барианд орохоос дөрөв орчим км-ийн наана барьж аваад л, үргэлжлүүлж, ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Болор-Эрдэнэ хоёр маань нийлбэр цагаа хадгалж орж ирлээ. Өнөөдрийн хувьд, маш салхитай өдөр байлаа. Энэ нь тамирчдад нэмэлт сорилт боллоо. Монголын олон өдрийн уралдааны түүхэнд ингэж олон километр өгссөн, өндөр давааны оройд бариалж байсан удаа байхгүй. Монголын олон өдрийн уралдааны түүхэнд хамгийн өндөрт бариалсан тохиолдол нь энэ шүү дээ.

-Гарааны өмнөх төлөвлөгөө, гарсан үр дүн хоёрын хооронд хэр зөрүү гарав. Сэтгэл хангалуун байна уу?

-Тамирчид маань яг төлөвлөсний дагуу л ажиллалаа. Уулын цамцан дээр... Яах вэ, жаахан шунаж л байсан л даа. Гэхдээ нөхцөл байдал хүнд байсан болохоор уулын цамц “Алдар” спорт хорооных /ОУХМ Э.Билгүүнжаргал/ болчихож байна шүү дээ, тийм ээ. Манайх бол шар цамц /ОУХМ Б.Марал-Эрдэнэ/, цэнхэр цамцаа /ОУХМ А.Даваажаргал/ хадгаллаа. Байгууллагын дүнгээрээ тэргүүлж байна. Хувийн дүнгээрээ нэг, гуравдугаарт явж байна. Эмэгтэй тамирчин маань /СМ Г.Энхжин/ шар цамцаа мөн хадгалж байна. Маргааш /өнөөдөр/ тойргийн уралдаантай, уул байхгүй болохоор бүх цамцнуудаа хадгалчих болов уу гэсэн бодолтой л байна.  

-Сүүлийн гараанд тамирчид Улиатай хот дотор тойрог замаар уралдана. Олон өдрийн уралдаанд, жишээ нь “Тур де Франс”-т сүүлээсээ хоёр дахь гараа хүртэл тэргүүлээд гараад ирсэн бол сүүлийн гараанд тэгтлээ өрсөлддөггүй, шоу маягтай уралдах тохиолдол байдаг. Маргаашийн  уралдаанд манайхан яах бол?   

-Өрсөлдөгч багуудаас оролдлого ирж магадгүй. Гэхдээ манайхан жигдхэн багчилж ажиллаад нийлбэр цагаа барина гэсэн бодолтой байна. ОУХМ Б.Марал-Эрдэнэ маань арын тамирчнаасаа 50 орчим секундээр түрүүлж байгаа. Тэр цагийг нь бариулна. Дундын барианд ОУХМ А.Даваажаргалыгаа зүтгүүлнэ дээ.

-ОУХМ Б.Марал-Эрдэнэ шар цамцаа хадгалж чадвал Монголын олон өдрийн уралдаанд дөрөв түрүүлсэн анхны тамирчин болох юм билээ?

-Одоо тэгээд тэр боломжийг алдахгүйн төлөө л зүтгэнэ дээ бүгдээрээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна