Монгол ба өнөөгийн ертөнц

Zuv.mn
3 цаг 11 минутын өмнө

Дэлхийн улс төрийн байдал үндсээрээ өөрчлөгдөж цөмийн дайн гаргахгүйн тулд хоёр их гүрэн ойлголцох арга зам эрэлхийлж эхэллээ. Саяхан Аляскт болсон ОХУ болон АНУ-ын Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт нь эдгээр гүүрнүүд ихэд чармайлт гаргаж байгааг гэрчлэв. Дээд хэмжээний  уулзалтыг  дэлхий даяараа анхааралтай ажигласан бөгөөд Орос, Америкийн удирдагчдын Аляскт хийсэн уулзалт дэлхийн улс төр болон эдийн засагт томоохон өөрчлөлт дагуулав.

Хүйтэн дайны үед хоёр өөр системийн зөрчилдөөний талаар байнга ярьдаг байсан бол  маш  нарийн бөгөөд олон талыг хамарсан асуудлыг хөнддөг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Дэлхий дахинаа БРИКС (BRICS) зэрэг олон улсын  байгууллагууд бий болж тэдгээрийг дагаад шинэ  дэд бүтэц,  улс төрийн шинэ үзэл бий болж байна. Ази, Африк, Латин Америкийн орнууд  өөрийн гэсэн  бодлого хэрэгжүүлж, Европын Холбооны гишүүн орнуудын хооронд үл ойлголцол газар авч байгаа нь  бас нэгэн шинэ үзэгдэл.

Өөр өөрийн геополитикийн  ашиг сонирхол бүхий “тоглогчид” энхтайваныг тогтоохоор яриа хэлэлцээ хийж байхад Украинд өрнөсөн үйл явдал  нөхцөл байдлыг улам хурцдуулж буй. Үүнийг нэг талаас нь авч үзвээс Орос, Баруун хоёр дахин  зөрчилдөж, хүйтэн дайн  эхлэв үү гэмээр. Тэгвэл  байдлыг бодитоор авч үзье.  Ямар ч байсан манай хойд хөрш илт давуу гэдгээ дайны талбар дээр ч төдийгүй  харуулсаар байна. Тун удалгүй бид Украин хэмээх улс  үгүй болохыг бүгд харж ч болзошгүй нөхцөл байдлын өмнө иржээ. Үйл явдал яг л ингэж өрнөнө гэдгийг хамгийн түрүүн ойлгосон улстөрчдийн нэг бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп. Тиймээс ч  байдлыг  хурцдуулахгүйн тулд ОХУ-ын  Ерөнхийлөгч В.Путинтэй цаг алдалгүй уулзаж хэлэлцээ хийлээ. Харин Европ үүнийг сүүлд нь ойлгох байх. Хөгшин гэгддэг Европ  байр сууриа тавьж өгөлгүй, Украиныг золиосын ангал руу түлхсэн хэвээр харагдаж буй.

Өнөөдөр дэлхийн дахины байдал тун  түвэгтэй байна. Харин манай Монгол  амар амгалан байгаа мэт санагдана. Монгол Улс бараг 25 жил олон талт  гадаад бодлогыг хэрэгжүүлж, төвч байр суурь баримталсаар ирсэн. Бид хэт тайвшралд автаж байдал өдөр өдрөөр өөрчлөгдөх энэ үед таатай боломжийг алдчих вий. Манай газар нутаг  нь  улс орны маань төдийгүй бүс нутгийн байдлыг тогтвортой байлгах үндэс суурь гэдгийг бүгд мэдэж байгаа.  Гэхдээ нөхцөл байдал яаж ч эргэж, аюул нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй.

Геополитикийн ашиг сонирхолын үүднээс янз бүрийн хүчнүүд Монголд илд далдаар нөлөөлдөг гэдгийг бүгд мэднэ. Энэ бол нууц биш. Та бүхэн намайг Орос-Хятадын ашиг сонирхолыг хамгаалах гэж байна хэмээн буруутгахгүй байх. Сүүлийн 80 жилийг эргэн нэг харахад  манай хоёр хөрш  Монголыг “залгихаас”, тэр битгий хэл  манай  нутагт дайны гал өдөөх бодолгүй гэдгээ харуулсан. Монгол Улс оршин тогтнох нь  манай хоёр хөршийн хувьд ашигтай, бункер бүс болж өгдөг гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Манай улсын баримталж буй “гуравдагч хөршийн”  талаар хэдэн үг хэлье. Энэ бодлогыг нэг талаас нь авч үзвээс газар зүйн хувьд алс хол орших улс орнуудад манай үндэсний эрх ашиг тийм ч чухал биш. Харин ч тэд Монголыг Орос болон Хятадтай зөрчилдүүлэх санаатай байж магад.  Энэ далд санаа нь   манай бүс нутагт томоохон зөрчилдөөн үүсгэх аюултай.   Хоёр хөрштэйгээ зөрчилдөх нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдал хамгийн их аюул учруулна.

Монголын хөгжлийг ОХУ болон БНХАУ-тай  худалдаа-эдийн засгийн салбарын хамтын ажиллагаагүйгээр төсөөлөхийн аргагүй.  Тиймээс манай нутагаар дамжин өнгөрөх Оросоос Хятад руу  хийн хоолой тавих мөчийг тэвчээртэй хүлээх нь зүйтэй. Манай өмнөд хөрш маш хурдацтай хөгжиж байгаа. Тимйээс ч  хийн хоолой тавих нь цаг хугацааны л асуудал. Газар нутгаар нь хийн хоолой дамжин өнгөрдөг улс болох завшааныг алдаж болохгүй бөгөөд ингэвээс манайд томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, энэ нь төсвийн орлогыг нэмэдүүлээд зогсохгүй  ард иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ. Өнөөгийн бодит байдал ийм л байна.

Д.Цэрэнсамбуу



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна