Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн нөхөн олговорыг 80/20 болгох саналыг боловсруулна

Zuv.mn
2 цаг 33 минутын өмнө

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай, “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ.

 Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүдээс энхийг дэмжих ажиллагаатай холбоотой шинэчилсэн журмуудын хүрээнд журмын заалтад нийцэхгүй зарим найруулгын алдааг засварлах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэлтийг хараат бус, бие даасан байдлыг бий болгож цахимжуулах, тавигдах шаардлагад сэтгэлзүйн сорилыг тусгах, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчийн НҮБ-аас олгодог нөхөн олговрын хэмжээ 70/30 байсныг 80/20 болгох зэрэг саналуудыг оруулж, дэмжсэн байна.

 Нөхөн олговрыг 80/20 болгох саналын тухайд, энхийг сахиулагч нар үүрэг гүйцэтгэхдээ Монгол дахь цалингаа 100%, хилийн чанадад байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийн 70 хувийг хувьдаа, 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангах зориулалтаар “Хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэгчийн амьдралын баталгаа болсон уг нөхөн олговрын үүрэг гүйцэтгэгчид олгох хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй сайдын зөвлөлийн гишүүд үзэж, Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах саналыг боловсруулах бэлтгэл ажлыг хийхийг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.


 

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 14.1.81.42
    27 минутын өмнө

    Энхийг сахилуулах ажиллагаанд явж байгаа алба хаагчид бүгд арын хаалгаар явдаг асуудалаа ил болгооч

    Хариулах