Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө

Zuv.mn
2 цаг 40 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцлоо.

Өнгөрөгч долоодугаар сарын 02-нд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарч, төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцолсон. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөөд байсан юм. Албан даалгаврын хэрэгжилттэй өнөөдөр танилцлаа.

Бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглов

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:

-Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим суманд гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлээд Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эртнээс хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон гэлээ.

Өвс, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн өвс, байгалийн хадлан бэлтгэж экспортлохыг хориглох, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран авч хэрэгжүүлж байна.

Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана

ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн:

-Улсын хэмжээнд 2024 оны эцсийн мал тооллогоор 57.6 сая толгой мал тоологдож, 2025 онд 20.08 сая толгой төл бойжуулснаар өнөөдрийн байдлаар 77.68 сая, хонин толгойд шилжүүлснээр 130 сая мал бэлчээрлэж байна. Үүнээс 2025 онд дотоодын хэрэгцээнд 7.0 сая, зах зээлд 13.0 сая толгой малыг худалдан борлуулж нийт 100 орчим сая (хонин толгойд шилжүүлснээр) малыг өвөлжүүлж хаваржуулахаар тооцож бэлтгэл ханган ажиллаж байна.

Олон малтай аймгууд буюу Хөвсгөл, Төв аймагт бэлчээрийн ургамлын 2025 оны ургац тааруу, дийлэнх сумдад нь гандуу, гантай байгаа нь өвөлжилтийн хүндрэл үүсэж болзошгүй, эрсдэлт бүс нутагт тооцогдож байна. Харин Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд хэдийгээр малын тоо ихтэй  ч бэлчээрийн ургамлын ургац, даац харьцангуй сайн байна.

Улсын хэмжээнд 2025 онд улсын хэмжээгээр  312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8  мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан. 

Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн  тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байна.

Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна

Боловсролын сайд П.Наранбаяр:

-2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд 300 орчим мянган хүүхэд суралцана. Харин ерөнхий боловсролд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ. 

Ерөнхий боловсролын тухайд хүүхдийн тоо 30 гаруй мянгаар өсөж байгаатай холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай ерөнхий боловсролын долоон сургууль, 400 орны хүчин чадалтай хүүхдийн таван цэцэрлэг, 280 орны хүчин чадалтай нэг цогцолбор, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн спорт заал, их, дээд сургуулийн спорт заалны барилга тус тус ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж ялангуяа ширээ, сандлыг Азийн хөгжлийн банкны төслийн санхүүжилтээр худалдан авч, сургуулиудад нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичиг хүлээгдэж байна.

Цэцэрлэгт мянга гаруй, ерөнхий боловсролын сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш ажиллуулах, тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах гэх мэт арга замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ цаашид багшийн хангалтыг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд багшийн цалин хөлс, тэр дундаа үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Улирлын томуугийн вакцины 300,000 хүн тунг худалдан аваад байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат:

-ДЭМБ-аас 2025-2026 онд зөвлөмж болгосон улирлын томуугийн вакцины нийт 300,000 хүн тунг НҮБ-ын Хүүхдийн сан болон дотоод ханган нийлүүлэгчээр дамжуулан худалдан авсан. Эхний ээлжийн 135,000 хүн тун томуугийн вакциныг ирэх долоо хоногт, дараагийн ээлжийн 165,000 хүн тун вакциныг есдүгээр эхний хагаст хүлээн авахаар төлөвлөсөн. 

Улаанбурханы эсрэг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, нөхөн дархлаажуулалтад 10 сараас 15 насны хүүхдийн 55 хувийг хамруулсан байна. 

Отор нүүдлээр бусад аймгийн нутагт амьдарч буй иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлийг аймгуудын Эрүүл мэндийн газарт хүргүүлэн мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллаж байна. 

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокыг оны 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байна, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийхгүй зэрэг мэдээллийг албан тушаалтнууд өглөө.

Салбарын сайд, орон нутгийн удирдлагуудын мэдээллийг сонсож, асуулт хариулт боллоо. Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллах,

-Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок болон БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах,

-Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв болон хүн ам төвлөрсөн томоохон сум, суурин газрын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, халаалтын зуух, технологийн тоног төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулгын болон эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын урсгал болон их засварын болон түгжрэлийг бууруулах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийлгэж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах,

-Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллах,

-Орон нутагт 2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж,  өвс, тэжээлийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллах,

-Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажлыг технологийн хугацаанд төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллах,

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангах, сургууль, цэцэрлэг, дотуур байрны их болон урсгал засварыг 09 дүгээр сарын 01-нээс өмнө бүрэн хийж дуусгах, багшлах боловсон хүчний хангалтыг хэвийн болгоход анхаарч ажиллах,

-Төрийн өмчийн цэцэрлэг, сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг 17 аймгийн 294 суманд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Комисс шуурхай ажиллуулах,

-Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн автозамын түгжрэл, хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх,

- Улсын хэмжээнд зарим аймаг, сумд гантай, гандуу зусаж, улмаар өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх зураглал гарган, цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангах, бусад аймаг, сумын нутагт отроор өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулж ажиллах,

-Улсын хэмжээнд өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, шаардлагатай тохиолдолд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийн үнэлгээ хийж, зохицуулах арга хэмжээ авч ажиллах,

-Отроор өвөлжиж буй айл өрхөл нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн багц бэлтгэж, нөөц бүрдүүлэх, сумын эрүүл мэндийн төвд оношилгоо, шинжилгээ, лабораторийн зөөврийн тоног төхөөрөмжөөр хангах,

- Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, бусад аймаг, сумаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр, хяналт шалгалтын доор хэрэгжүүлэх бэлтгэлийг бүрэн хангахыг аймгийн Засаг дарга нарт;

-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлэх, халдварт өвчин гарсан тохиолдолд өвчнийг цаг алдалгүй хяналтад авч, голомтыг устгах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх,

-Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац, зудын эрсдэлийг бодитой тогтоох ажлыг хийж, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, аймгийн Засаг дарга нарт;

-“Аймаг, орон нутагт төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 03, 04 дүгээр албан даалгавар болон бусад холбогдох үүрэг, даалгварын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, биелэлтийг эрчимжүүлэх талаар арга хэмжээг авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.72
    1 цагийн өмнө

    Дулааны ачааллаа дийлэхгүй яаж өвөлжих гэж бган бэ?

    Хариулах