Н.Учрал: Сүүлийн сарын хугацаанд нүүрсний экспорт 30 хувиар өсөж, 8,4 сая тонн нүүрс экспортоллоо

Zuv.mn
4 цаг 19 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. 

Ерөнхий сайдын долоодугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр захирамжаар экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 19-ний хооронд нэг сарын хугацаанд нийт 8.4 сая тонн нүүрс экспортоллоо.  Энэ нь өмнөх саруудын дунджаас 30 хувиар өссөн үзүүлэлт. 

Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долоодугаар сард 2 сая 963 мянган тонн нүүрс арилжаалсан бол наймдугаар сарын 19-ний байдлаар 2 сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан байна. Энэ үзүүлэлтүүд нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр нь гэж хэлж болно.

Өнөөдрийн шийдвэрээр энэ эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах бололцоог энэ журмын хүрээнд бий болгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. 

Экспортыг нэмэгдүүлэхийн тулд хүнд суртлыг багасгах тодорхой алхмуудыг хэрэгжүүлж байна.  Олон зөвшөөрөл нэхэж, бичиг баримт бүрдүүлж, цохолт хийлгэж, тамга даруулдаг удаан процесс хувийн хэвшилд дарамт болдог байсан. Үүнийг гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавих хяналтын журмыг өөрчлөх замаар шийдвэрлэхээр болж байна. Цахим систем бэлэн болсон. Ингэснээр ГЕГ, Татварын ерөнхий газар, Боомтын захиргаа, ХХЕГ хоорондоо мэдээлэл солилцдог болно.

Өнөөдөр ХАҮТ дээр хувийн хэвшлийнхэн журамд санал өгч байгаа бөгөөд нийт 17 мянга гаруй санал ирүүлсэн. Энэ журмыг наймдугаар сарын 31-ний дотор батална. Энэ үүргийг өнөөдөр ГЕГ-ын даргад өгсөн. Ингэснээр цахимаар мэдээлэл солилцож, шат дамжлага бууруулах боломж бүрдэнэ.

Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил яригдсан цахим худалдааны цонхыг бий болгох ажлыг эхлүүллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна