Ногоон технологийн цэцэрлэг урсгал зардлыг 75 хувь хэмнэнэ


Үндэсний компаниуд Монгол орны нөхцөлд тохирсон ногоон цэцэрлэгийн барилгын зураг төслийг иж бүрнээр нь боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэж өглөө. Засгийн газар, нийслэлийн Засаг даргын зүгээс дэвшүүлсэн зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн  XXV хороонд 125 хүүхдийн жишиг ногоон цэцэрлэг барихаар шийдвэрлэсэн билээ. Ногоон цэцэрлэгийн урьдчилсан зураг төсөл, технологийн шийдлийн үнэлгээг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Солонгосын ногоон хөгжлийн төв хамтран боловсруулжээ. Улмаар зураг төслийг “Монголын ногоон барилгын хүрээлэн”, “Бюлдингс техноложи” компаниудын хамтарсан консорциум гүйцэтгэсэн байна. Тус цэцэрлэг нь эрчим хүч, усны хэмнэлттэйгээс гадна хүүхдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэх мэт олон давуу талтай бөгөөд цэцэрлэгийн урсгал зардал жирийн цэцэрлэгтэй харьцуулахад 75 хувиар бага байна гэсэн тооцоог судалгааны багийнхан гаргасан байна. Барилгын дээвэрт суурьлуулсан 128 ширхэг нарнаас эрчим хүч хуримтлуулах хавтангийн тусламжтайгаар цахилгааны хэрэглээний 60 орчим хувийг ногоон технологийн тусламжтай үйлдвэрлэж, өөрөө өөрийгөө хангах чадвартай аж. Ногоон цэцэрлэг байгуулах төсөл 2015 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өчигдөр зураг төслөө эцсийн байдлаар гаргасан бол барилгын ажил ирэх онд эхлэх боломжтой гэдгийг ажлын хэсгийнхэн өглөө.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуучлалын яамны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн барилгыг байгальд ээлтэй, ногоон технологиор барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ цэцэрлэгийн зураг төслийн хувьд хүрэн барилгыг ногоон, дэвшилтэд технологид шилжүүлснээрээ онцлогтой. Ногоон гэж онцлох болсон шалтгаан нь гадаад барилгын хийц, ус, цахилгааны хэмнэлттэй, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлсэн явдал юм. Одоо манай хүүхдүүдийн сурч боловсорч буй орчин, бидний ажиллаж, амьдарч байгаа барилга байшин дөрвөн улирлын онцлогоосоо хамааран дулааны алдагдал  өндөр, нарны эрчим хүчийг ашигладаггүй, усны зарцуулалт их гэх мэтээр эдийн засгийн хувьд урсгал зардал ихтэй. Энэхүү зураг төслийг ажил хэрэг болгох ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн 2018 оноос барих боломжтой” гэв.

 

Харин ногоон барилгын эдийн засгийн үр өгөөж, давуу талын талаар “Бюлдингс техноложи” компанийн ерөнхий архитектор Э.Номиндарь мэдээлэл өгсөн. Тэрбээр “Олон улсын жишгээр ногоон барилгын өртөг хүрэн технологиос 20 хувиар илүү байдаг. Гэхдээ өртгөө ашиглах зардлаараа дамжуулан хурдан хугацаанд нөхдөг байгаа. Цахилгаан, бохир, халаалт гэх гурван хүчин зүйл дээрээс харахад нэг жилд ашиглалтын зардлаа 70 хувь хэмнэх тооцоо гарсан. Одоо Монголд хэрэглэгдэж буй канад технологийн цэцэрлэгүүд нэг жилийн  бохироо шийдвэрлэхэд 11.2 сая төгрөг зарцуулдаг бол ногоон барилга 60 мянган төгрөг зарцуулна. Энэ бол зөвхөн бохироос 99 хувийн эдийн засгийн хэмнэлт хийж байна гэсэн үг. Цахилгааны хувьд ч нарны дулаан ашиглан шийдвэрлэж байгаа учраас 70 хувийн хэмнэлттэй” гэсэн юм.  

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна