Оросын спорт амаргүй үеийг туулж явна. Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш спортын бараг бүх байгууллага ОХУ-ыг тусгаарлаад байна. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол ойрын ирээдүйд болох олон улсын бүх тэмцээнүүд Оросгүй явагдах болоод буй. Эндээс хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс нь тамирчин дасгалжуулагчид, бас хөгжөөн дэмжигчид.
Хойд хөршийн Lenta цахим сонинд спортын тавцанд эзлэх ОХУ-ын байр суурь, тэдэнгүйгээр спорт хэрхэн өөрчлөгдөх талаар хөнджээ. Нийтлэлийг бичигч оросуудын оролцоогүйгээр тухайн спорт ямар болохыг “Тосгүй цана”, “Шайбгүй хоккей” гэх мэтээр оноож гарчигласан байна.
Шайбгүй хоккей нь юу юм гэхээс бусад нь оносон зүйрлэл санагдав. Манайхаар бол “Давсгүй хоол” гэдэг зүйрлэлтэй төстэй юм уу даа. Үнэхээр ч спортын хүчирхэг гүрэн ОХУ-гүйгээр өрсөлдөөн суларч, тэмцээн уралдаанууд “давсгүй хоол” шиг санагдах нь лавтай. Спортын ертөнцөд ОХУ-ын эсрэг олон алхам одоо ч үргэлжилж байгаа болохоор яг ямар байгууллага, ямар арга хэмжээ авсан талаар энд мэдээлэхийг зорьсонгүй. Арай хөнгөнөөр, "Үзнэ дээ" гэж, спорт сонирхогчийн хувьд аазгай хүрч байсан ямар үйл явдлууд бүтэхээ больж, спорт сонирхогчдын урам хугарсныг түүлээ.
Йоханнес Клебо-Александр Большуновын агуу өрсөлдөөн
Хөлбөмбөгийг Л.Месси, К.Роналдугийн өрсөлдөөн чимдэг шиг цанын спортыг өнөөдөр Йоханнес Клебо, Александр Большуновын өрсөлдөөн чимж байна. 1996 онд төрсөн хоёр залуугийн өрсөлдөөн “Пёнчан 2018” олимпоос эхэлсэн. Тэнд Йоханнес бүрэн давамгайлж гурван алт “хураасан” бол Александр Большунов гурван мөнгө, нэг хүрэлтэй гэртээ харьсан. Хувийн спринт уралдаанд нүүр тулахад Й.Клэбо түрүүлж, А.Большунов хүрэл дээр буусан бол 4х10 км-ийн буухиад Норвеги алт, ОХУ мөнгө, багийн спринтэд Йоханнес Клэбо Мартин Сундбю нартай Норвеги мөн л түрүүлж, А.Большунов, Д.Спицов нарын ОХУ удаалсан юм.
Хоёр тамирчны ривал 2019, 2021 онд ч үргэлжилж, Йоханнес багийн төрөлд үзүүлсэн амжилтаараа бага зэрэг давамгайлсан. 2019 (Зефельд) 2021 оны ДАШТ-ээс Йоханнес Клебо тус бүр гурван алтан медаль авсан бол А.Большунов дөрвөн мөнгө хүртэхдээ бүгдэд нь норвегичуудад, 50 км Ханс Кристер Холунн, багийн спринт Эмиль Иверсен, Йоханнес Клебо, 4х10 км-ийн буухиа Эмиль Иверсен, Мартин Йонсруд Сундбю, Шур Рёте, Йоханнес Клебо нарт ялагджээ.
“Алтан” Клебо, “Мөнгөн” Большунов гэж нэрлэхэд болохоор энэ өрсөлдөөний явцад оросууд цанын спортод маш их хүч хаяж, Норвегийг гүйцэх амбийцтай болж төлөвшсөн юм. Олимпын олон удаагийн аварга Елена Вяльбе холбоог тэргүүлсэн нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Сайн тамирчдын өрсөлдөөн спортын хөгжилд өгөөжөө өгдгийн нэг жишээ энэ. Бээжинд харин юу болсныг бүгд харсан. Йоханнес Клебо спринт уралдааны хувийн болон багийн (А.Большунов, А.Терентьев хүрэл авсан) төрөлд түрүүлж, 15 км-ийн сонгодог, 4х10 км-ийн уралдаанд хүрэл мөнгө хүртсэн бөгөөд гол нь энэ хоёр төрөлд А.Болшунов анх удаа Й.Клебогийн урд гарсан (15 км-ийн сонгодог мөнгө, 4х10 км алт) юм.
А.Большунов дараа нь марафон (50 км-т уралдах байсан ч цаг агаарын улмаас 28 болгож багасгасан)-д түрүүлж, олимпын наадмыг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай дуусган, нэг олимпоос таван медаль хүртсэн анхны орос цаначин болсон билээ. Цанын спортыг хожим түүхэнд “агуу”, “домог” гэсэн тодотголтой бичигдэх нь гарцаагүй хоёр сайхан тамирчин ийнхүү чимж байна.
Харамсалтай нь, одоо "байна" биш "байв" гэж бичих болчихлоо. Ямар ч спортыг өрсөлдөөн чимдэг, олон нийтийн анхаарлыг татдаг, улмаар хөгждөг жамтай. Цанын спортод дэлхийн шилдгүүд нь маргаангүй норвегичууд. Шилдгүүд гэдгээ ч баталж “Бээжин 2022” өвлийн олимпоос хамгийн олон буюу таван алтан медаль хүртсэн. Гэвч нийт медалийн тоогоор оросууд тэднээс илүү (ОХУ 11, Норвеги 8) гарсан юм.
Медалийн тоогоор илүү гараад зогсоогүй, нийтээрээ (Александр Логинов, Эдуард Латыпов, Максим Цветков, Антон Бабиков, Карим Халили) “дээгүүр давхиж”, энэ цаг үед шилдэг байгаагаа баталсан билээ. Йоханнес Клэбо, Александр Большунов хэмээх тоолбол нас, төөлбөл бие чацуу залуусын өрсөлдөөн ийнхүү цанын спортыг одоо байгаагаас илүү өндөр түвшинд аваачих нь гэж бодож байсан нь талаар болж байна. Олон улсын цанын холбоо Оросын тамирчдыг тэмцээн уралдаанд орохыг хориглож, А.Большуновтой хамтардаг Францын цана үйлдвэрлэгч “Rossignol” гэрээгээ цуцалжээ.
Агуу өрсөлдөөнийг үүсгэх учиртай хоёр хүний нэг нь болох Йоханнес Клебо “Олон улсын цанын холбоо оросуудыг тэмцээнд оролцуулахгүй байх ёстой” гэсэн нь ч онцгүй санагдсаныг нуугаад яах вэ.
Э.Тутберизегийн охидгүй уран гулгалт
Оросын тамирчидгүйгээр өрсөлдөөн суларч, хамгийн ихээр хохирох спортын төрлийн нэг бол уран гулгалт. Ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд орос охид олимп, дэлхийн АШТ-ийг улсын аварга мэт дангаараа ноёрхдог болоод байлаа. Тэд үгүй болсноор бусад улсын амжилт гаргах боломж нэмэгдэж, тухай, тухайн улсдаа хөгжих л байх. Гэсэн ч “Яг үнэндээ бол тэд хамгийн шилдэг нь биш юм шүү дээ” гэсэн бодол спорт сонирхогчдын санаанаас гарахгүй нь ойлгомжтой.
Уран гулгалтын нэгэн сод дасгалжуулагч болох Э.Тутберизегийн “алтан” охид дэлхийн бусад шилдгүүдтэй хэрхэн өрсөлдөхийг харах боломж хэдий болтол хаагдаж байгааг одоогоор хэлэх боломж алга. Олон улсын холбооны шийдвэр гарснаар 2021 оны ДАШТ-ий дөрвөн алтан медалийн гурвыг хүртэж, боломжит 12 медалийн зургааг авсан ОХУ-ын (гэхдээ үндэсний холбооныхоо нэр дээр оролцсон) баг энэ сард болох ДАШТ-ийг өнжихөөр болж байна.
Спортын тоймчид энэ үйл явдлыг хөлбөмбөгийн “Аваргуудын лиг”-ийг “Манчестер Сити”, ПСЖ, “Байерн”, “Реал, “Челси”, “Ливерпуль” нэгэн зэрэг өнжсөнтэй ижил хэмээн зүйрлэж буй нь огтхон ч хэтрүүлэг биш юм.
Дэмждэг баг
Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийг дэлхий, тивийн АШТ-ий өрсөлдөөнөөс хасаж, багуудыг нь тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцохыг хориглосон. Санк Петербургт болох байсан “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтыг Парис руу шилжүүллээ. Гэхдээ ОУХХ эхэндээ Оросын багийг Үндэсний холбооныхоо нэр дор тэмцээнд орж болно гэж шийдсэн ч дараа нь өөрчилснийг энд хэлэх хэрэгтэй байх.
Улс төрийн нөлөөлөл орсон нь ойлгомжтой. Монголд энэ улсын багийг дэмждэг олон хүн бий. Тэгэхээр ОХУ-ыг хөлбөмбөгөөс холдуулсан нь манай улсад ч хамааралтай шийдвэр юм. ОУХХ сүүлийн жилүүдэд ОХУ-тай харилцаа гайгүй байсан ч бусад улсын тулган шаардалтаас болж олны жишгийг дагасан. ОХУ-ыг эсэргүүцсэн анхны улс нь ДАШТ-ий сорил тэмцээнд учраа таарсан Польш байсанд нэг их гайхах хэрэггүй.
Удаад нь Чех, Швед гээд олон улс ОХУ-ыг тэмцэн уралдаанаас хасахыг шаардсан юм. ОХУ хөлбөмбөгийн хөгжлөөрөө тэргүүлэгч улс биш. Гэхдээ том тэмцээнд үзүүштэй тоглож чадна гэдгээ нутагтаа болсон ДАШТ-д харуулж, Испанийг “мултлан” шөвгийн наймд үлдсэнийг спорт сонирхогчид санаж байгаа биз ээ. Дэмждэг багаа алдсан хохирогчдын тухайд сагсанбөмбөг, хоккейг мөн хамааруулж болно. Хоккейн спортод эзлэх ОХУ-ын байр суурийг бүгд мэдэх бөгөөд Олон улсын хоккейн холбоо энэ байр суурийг нь сайтар ойлгож байсан. Гэвч бусад олон улсын холбоодын адил улс төрийн шахалтад бууж өгчээ.
Үзүүштэй барилдаан
ОУОХ ОХУ-ын гишүүнчлэлийг хассанаар магадгүй, хамгийн ихээр урам хугарсан нь бөхчүүд байх. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2022 онд ОХУ, Беларусийг 2022, 2023 онд болох бүх тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. ОУОХ-ноос олон улсын спорт холбоодод хүргүүлсэн шахалт, шаардлагын дагуу ингэж шийдсэн байдаг. Гэсэн ч энэ оны ДАШТ-д оролцуулсан тул олимпын наадамд орох найдлага бусдаас илүү байв.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чөлөөт, сонгомол, эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-ийг 2005 оноос нэгдсэн байдлаар зохион байгуулах болсон. Нийт 14 удаагийн тэмцээн болоход ОХУ чөлөөт бөхийн төрөлд 12, сонгомол бөхийн төрөлд есөн удаа багийн дүнгээр тэргүүлээд байв. Зөвхөн амжилтаас гадна арга мэх, ур чадварын хувьд дэлхийн бөхийн ертөнцөд эзлэх ОХУ-ын байр суурь онцгой бөгөөд энэ хэрээрээ том орон зай онгойж үлдэж байгаа юм.
Энэ жагсаалтыг цааш хэчнээн ч үргэлжлүүлсэн болох ч ингээд зогсоё. Оросуудгүйгээр өрсөлдөөн илт сулрах, монголчуудын сайн мэддэг спортын төрлүүдээс гагц Олон улсын жүдо бөхийн холбоо л ОХУ-д зөөлөн хандсан. Тэд холбоонд хашдаг албанаас нь В.Путиныг чөлөөлж, ОХУ-д болох бүх тэмцээнийг цуцлаад тамирчдыг үндэсний холбооныхоо нэр дээр тэмцээн уралдаанд оролцох боломжийг нь үлдээсэн юм. Гэсэн ч олимп бол худлаа болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.23
Oros ulsiin Avarga Delhiin avarga shig l boldog bolno gsn ug
Хариулах