Р.Эмүжин: Амь гол мэт тэвэрч үлдэх амьдралын шийдэл юу вэ?

Zuv.mn
21 цаг 25 минутын өмнө

2025 оны улсын төсөв эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал болж хувираад байгаа энэ үед нийтлэлч Р.Эмүжин олон нийтэд хандан байр сууриа илэрхийлж, асуудал дэвшүүлжээ. Тэрбээр төсөв нь зөвхөн цалин биш, улс орны хөгжлийг тодорхойлогч гэдгийг сануулж, төсөв хэлэлцэх явцад гарсан улс төр, эдийн засгийн нюансуудыг дурдаж, цаашид гарах үр дагаврыг хэрсүү уншигчдад ойлгуулахыг зорьсон байна. 

"Амь гол мэт тэвэрч үлдэх амьдралын шийдэл юу вэ?" гэсэн асуултаар гарчиласан бичвэртээ тэрбээр "За бүгдээрээ, улс орноороо нэг иймэрхүү байдалд шилжсэн. Яагаад иймдээ тулав?

#1. Засгийн газар мега төслүүдээ урагшаа түлхсэн нь зоригтой алхам байсан. Гэтэл мега төсөл дагасан төсвийн 60 хувийн нэмэгдэлд Номингоос эхлээд номхон тэмээ төрхтэй, ноорхой ядуу сэтгэлгээтэй сайд нар том том мөнгөн дүн хулгайгаар шургуулсан. Энэ нь өчүүхэн биеийг өргөж, өндөр Засгаа түймэрдэж байна л гэсэн үг.
#2. Төрийн тэргүүнтэй, төрт ёстой улс юм хойно, Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан, тавихаас ч өөр гарц харагдаагүй. Татвар төлөгчид төсвийн алдагдалд бухимдсан, хяналтгүй, байгаа оноогүй асар их зардлууд иргэдийг бухимдуулсан, угаасаа нийгмийг өдөөн хатгаснаас өөрцгүй төсөв байсан.
#3. Сангийн сайд хоригийг далимдуулан, даварсан зардлуудыг дарж авахаа мэдэгдсэн. Цаг хугацааны хувьд ирэх оны төсөв яагаад ч хуулийн хэм хэмжээнд багтахгүй нь тодорхой болсон. Ингээд харганын ноосоо хайгаад, эсгий хийх хүнээ бодоод, татах морь, баглах шидмэс олсоо эрээд явж байтал өнөө өөх нь бялуурсан төсвийг чинь тойроод нөгөө л Монголын эмзэг сэдвүүд эрийгээд босоод ирсэн, одоо тэгээд хүн тойрч маргаад, хүрээ тойрч хэрэлдээд байж байна даа.
#4. Төсөвт шаардлагагүй илүү зардлууд олноор шургасан, энэ үнэн. Гэвч эл даварчихсан зардлуудыг далимдуулан Монголд зайлшгүй хэрэгтэй эрчим хүч цахилгаан станцын, боомтуудын, автозамын, зэс, гангийн үйлдвэр зэрэг үндсэн хөгжлийн төслүүдийг давхар мөргөж унагаах кампанит ажил эхэлсэн. Хулганаа алах гээд байшингаа шатаахаар шуударсан гэсэн үг.
#5. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсон. Өнөөгийн Засгийн газрын хамтарсан хэлбэрийг үгүйсгэх, сонгуулийн дараа тогтсон намуудын эвлэрлийн уур амьсгалыг эвдэх хандлага хүчтэй түрэн орж ирсэн. Энэ бол монголчууд цахилгаан станц, зэс, ган, алт цэвэршүүлэх үйлдвэр ярих болгонд босч ирдэг, төр дайвалзуулж, засаг задрахад хүргэдэг танил технологи.
#6. Мега төсөл тойрсон үндэсний акул, монопол компаниудын өрсөлдөөн ширүүссэн. Тэд УИХ, Засгийн газарт байгаа өөрийн хүмүүсээ турхиран хөдөлж эхэлсэн. Мега төслүүдэд амбицаа илэрхийлж байгаа нь тэдний зөв, томхон төслүүдийг үүрээд гарах хэмжээнд бойжсон, гадаад дотоод харилцаа сайтай компаниуд өнгөрсөн хугацаанд бий болсон.
#7. Хөрш улсуудын маань тавиулууд ч мега төслүүдийн сургаар идэвхтэй хөдлөх болсон. Нэг нь асар их зээлээр Монголын амийг гогодох сонирхолтой, нөгөөх нь хөгжлөөс алсад хөл тушаатай байлгах хүсэлтэй.
#8. Энэ бүх зөрчил эцэстээ УИХ, Засгийн газрыг чиглэн өрнөж байна. Монголын ардчилсан парламентийг арчиж хаях, Засгийн газрын төвшинд нэн шинэ түүхэндээ хоёр дахь удаагаа хамтарсан хамтралыг мөргөн унагаах, ингэснээрээ төрийн хямралд шууд хүргэх оролдлогууд цухалзаж байна. Хэрэв ингэвэл бид 1990 он руу ухарна.
#9. Одоо яах ёстой вэ? Хүн тойрч маргахаа болиод, асуудал сэдэв хоёроо өмнөө тавьж байгаад шийдэлд хүрмээр байна. Нэг л зүйл тодорхой байгаа, мега төслүүд урагшлах ёстой, үүний тулд намууд Засгийн газрын төвшинд хамтрах ёстой! Монголчууд эрчим хүчний хувьд бие даах ёстой, алт зэс, нүүрсээ шууд хямд ачуулахаа болиод, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн борлуулах ёстой! Яаж хагарч, хавсайдаж байсан ч Монгол Улсын амь гол шигээ тэвэрч үлдэх амьдралын шийдэл бол энэ!" хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна