Шатахуун бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг. Ялангуяа манайх шиг шатахуунаа импортоор авдаг улсад тээвэр, хүнс үйлдвэрлэл болон эдийн засгийн бүх салбарт нөлөө үзүүлдэг гол хэрэгсэл. Наймдугаар сар гарсаар иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахуун литр тутамдаа 450 төгрөгөөр нэмэгдчихлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэв.
Иргэд хагас сар өдөр, шөнөгүй шатахуунд очерлож, бүр сүүлдээ 50 мянган төгрөгт өдөр өнжиж балга бензин авах эрхтэй болов. Нэг үгээр хэлбэл, шатахууны хомсдол, үнийн өсөлт инфляцийн дараагийн давлагааг бий болгочихлоо. Горыг нь нийтээрээ хүртэх нь ээ. Өнөөдөр 3000 төгрөгөөр авч байсан талх шатахууны нэмэгдлээс үүдэж 3500 болох нь. Удахгүй хичээл сургууль, ургац хураалт эхэлж нийтээрээ өвөлдөө бэлтгэж, амьдралын идэвхтэй хэмнэлд орцгоодог. Энэ үед гар дээр авдаг хэдэн төгрөг нь хэрэглээндээ хүрэхгүй, хоол хүнсээ базаахад арайхийн хүрэх нөхцөл байдал руу орчихлоо. Дөнгөн данган амиа зогоох айл өрхийн тоо нэмэгдэнэ гэсэн үг.
Атал макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцийг зохистой түвшинд барих үүрэгтэй Засгийн газар, Монголбанк дорвитой арга хэмжээ авахгүй байна. Өнөөдөр инфляц хоёр оронтой тоонд буюу 13 хувь болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Саяхан л Ерөнхий сайд мах өндөр үнээр худалдаалж байгааг мэдэж зарим нэг дарга нарт гомдож байсан. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд, монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо эрх баригч намын шийдвэрт гомдох боллоо” гэж байв.
Инфляцийн дараагийн давлагаанаас иргэдээ бодитой хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байна уу. МАН эрх бариад 10 жил болж байна. Жилээс жилд хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тэр бүр алдаатай, буруу бодлого гаргасан эрхтэн дархтан хариуцлага хүлээлгүй өнгөрч байна. Мөнгөний бодлогыг барих ёстой Монголбанк ч ажлаа дутуу дулимаг хийж, УИХ, Засгийн газраас хэт хараат явж ирлээ. Энэ оны хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их няд төгрөгт хүрээд байна Энэ нь цар тахлын үетэй дүйцэх хэмжээний өндөр үзүүлэлт гэдгийг АН-ынхан хэлж буй юм. Жилийн эцэст энэ тоо бүр талийх нь.
Ер нь сүүлийн 36 жилийн 75 хувьд нь МАН засаг барьсан байдаг. Үүнээс өнгөрсөн 10 жилд инфляци ямар болсныг хүн бүхэн мэднэ. Жишээлбэл, махны үнэ 2016 онд 8000 төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр мах 36600 төгрөг болж 357 хувиар өссөн. Мөн талхны үнэ 1100 төгрөг байснаас 2800 төгрөг болж нэмэгджээ. Энэ нь 161 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хэлж байна.
Ингээд харахад, үнийн өсөлтийг авч байгаа цалинтай нь харьцуулах ямар ч боломжгүй. Иргэдийн авч байгаа цалин 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хэдэн хувиар өссөн үзүүлэлт гарав. Нийт төсвийн зарлага 6-7 хувиар өсөхөд иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар нэмэгдсэн байдаг. Эндээс иргэдийн зарлага болон төрийн зарлагийг харьцуулж харж болох юм.
Эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрч, зэс, нүүрсний үнэ зах зээлд өндөр үнээр худалдаалагдаж байгаа. Мөн экспортын биет хэмжээ хүртэл өндөр үзүүлэлтэй гээд гадаад зах зээл таатай, төсвийн орлого ч тасрааүй байхад Засгийн газар дотооддоо инфляцаа алдав. Үр дүнг нь сарын дараагаас нийтээрээ үүрч эхлэх нь ээ. Манай улс Непалийн жишээ рүү ойртсоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна