Монголчуудад ухаж ойлгодоггүй юм гэхэд "нүдээ аниад" ч дагаад явчих итгэл үнэмшил, зонхилох шашин, цэгц номлол хэрэгтэй байна

Zuv.mn
1 цаг 18 минутын өмнө

Улс оронд дэг журам, тогтвортой байдлыг хангахад нийгмийн төлөвшил, ойлголцлыг илэрхийлдэг нийгмийн харилцааны баялгийг бүрдүүлэх явдал чухал байр суурь эзэлдэг. Дэлхий нийтийн жишгээс харахад ямар нэг үзэл баримтлал дор нэгдэж чадсан үндэстэнд нийгмийн ухамсар, иргэний ёс зүй өндөр байдаг байна. 

Зарим улсад энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийн сургааль, айлдвар, эс бөгөөс шашин ч байж болно. Ард түмний оюун санааг нэгтгэж байгаа тэрхүү үзэл баримтлал нь улс төрийн цэгц номлол юм уу, шашин байх нь гол биш, гагцхүү үүргээ гүйцэтгэж, нийгмийн ёс зүй ухамсрыг тогтмол дээд түвшинд барих нь л гол. 

Практик дээр дийлэнх улсад шашин энэ үүргийг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл шашин нь хувь хүний ухамсар, ёс зүйн хэм хэмжээг тогтоох замаар нийгмийн ёс зүйг өргөж өгдөг ажээ.

Өмнөх нийгмийн үед шашны нийгмийн ухамсарт гүйцэтгэх үүргийг үгүйсгэж, огт хэрэггүй зүйл мэтээр сурталчилдаг байв. Тухайн нийгмийн гол онолч болох Карл Марксыг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм” гэж хэлсэн мэтээр гүтгэж, сүм хийдийг түйвээн устгаж, лам нарыг алж хядаж байлаа.

Өнөөдөр Монголд нийгмийн ухамсар асар доройтож, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болж, эд баялгийг олох нь гол, яаж олох нь чухал биш гэсэн мунхаг тачаал ноёлох хандлагатай болжээ. Тиймдээ ч шашныг нүгэл хийчихээд сэтгэлээ хуурах төдий зүйл гэсэн ойлголт ноёрхож байна. Хүмүүсийн шашны талаарх ойлголт ийм ухвар мөчид, өнгөц байгаа нь сүм хийдэд хандив өргөхийн оронд хувьдаа суварга бариулдаг аминч үзлээс нь илт. Ийм байдлаас болж буддын шашин “Бусад шашин өгдөг, буддын шашин авдаг” гэсэн ярианы сэдэв болж шүүмжлүүлж буй.

Эндээс Монголын зонхилох шашин бусад шашинд байр сууриа алдаж байгаагийн гол шалтгаан нь яг буддын шашны сургаалийг таньж мэдсэн, тухайн шашныхаа сургаалийг судалж боловсорсон сүсэгтэн бараг байхгүйд оршиж байна гэж дүгнэж болно. Тиймээс шашны боловсролыг олгох замаар иргэдийн ёс зүй ухамсрыг дээшлүүлж, далимд нь амар амгалан, аз жаргалтай нийгэм байгуулах нь чухал. Шашны боловсрол олгоно гэдгийг шашны сургууль нээж хүүхэд элсүүлэн лам бэлдэх бус, буддын шашны нигүүлсэнгүй, шударга, хүлээцтэй байх сургаалийг олон нийтэд таниулан сурталчлах хэлсэн гэж ойлговол зохино. 

Өнөөдөр нийгэмд олныг цочирдуулсан хэрэг байсхийгээд л гарч байна. Энэ бол магадгүй, сүүлийн 30 жил  бид Марксизм, Ленинизмийг орлуулчих, нийгмийг нэгтгэн зангидах нэгдмэл үзэл баримтлалгүй явж ирсний үр дагавар гэж харж байна. 

Хувьсгал гэдэг угаасаа их бага хэмжээгээр хаос дагуулж, тэр нь хэдэн жил ч үргэлжилдэг. Нийгэм ийм эмх замбараагүй үед олон нийтийн оюун санааг зангидах үүрэг шашинд үлддэг жамтай. Харамсалтай нь манайх эрхийг нь нээж өгсөн ч бусад асуудлыг орхигдуулснаас, нөгөө талаар гадны шашин, ашиг сонирхол хэтэрхий хүчтэй орж ирснээс болж одоогийн энэ байдалд хүрлээ. 2020 оны байдлаар Монгол Улсад шашны 50 гаран урсгалын 848 байгууллага, шашны чиглэлээр 40 гаран олон улсын ТББ, өөр зорилго, үйл ажиллагааны хэлбэрээр халхавчлан цөөнгүй шашны байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна.

Тиймээс шашны нийгэмд гүйцэтгэх үүргийг дахин авч үзэх, тэр дундаа зонхилох шашны одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж, зохих арга хэмжээ авах цаг болсон гэдэг нь яах аргагүй үнэн юм. 

Шашин бол хүн төрөлхтний бий болгосон соёл, ухамсар, гоо зүй, гүн ухаан, ёс суртахууны хэм хэмжээтэй хүйн холбоотой  байдаг. Арван хар нүгэл, зовлонгийн шалтгааныг мэддэг хүн хүслээ эс тэвчин балмад хэрэг үйлдэх үү гэдэг талаас нь харж, шашны сургаалийг зөвөөр таниулан сурталчилж чадвал нийгэм одоо байгаагаас хамаагүй амар тайван болж, ёс зүйн хэм хэмжээ өндөрсөнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Бас нэг арга нь, орчин үеийн соёлт хүмүүний хэм хэмжээ, хууль эрхзүй, ёс зүйн нийтлэг хэм хэмжүүрийг нэгтгэж, цэцэрлэг, ЕБС-ийн хөтөлбөрт байгаа хичээлүүдээс ижил агуулгуудыг мөн нийлүүлээд нэгэн хичээлийн хөтөлбөр бэлтгээд заавал үр дүн гарч мэднэ.   

Г.Нанзаддорж: Төр улс шашин соёлтой хамтран хөгжих ёстой

/Гандантэгчэнлин хийдийн дэд хамба/

Өндөр хөгжилтэй томоохон орнуудад Буддын институт олноор байгуулагдаж, төр улс бол шашин соёлтой хамтран хөгжих ёстой гэдгийг зарлан тунхаглаж буй. Өнөөгийн ертөнцийн хүмүүн бид хэт гадна талын материаллаг эд зүйлсээр хөөцөлдөж дотоод оюун санаа сэтгэлийн хүчээ таягдан орхисноор хүн байхын утгаа гээжээ. Өнөөгийн бидний авир байдлыг ажиглавал идэш тэжээлээ хайж буй адгуус араатнаас ялгаагүй шахам байна. Бид оюун санааны хувьд ингэж ядуурч байсан үе цөөхөн.

М.Амарбаяр: Дэлхийн олон улс оронд үндэсний уламжлалт шашнаа хуулиар баталгаажуулан хүндэтгэн үздэг

/Хуульч, судлаач/

Бурханы шашин бол Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдал, Улсын бүрэн эрхт байдалтай шууд хамаарах бөгөөд гүнзгий утгаараа үндэсний ухамсар, соёл иргэншлийг авч үлдэх нарийн бодлого, агуулгатай. Дэлхийн олон улс оронд үндэсний уламжлалт шашнаа хуулиар баталгаажуулан хүндэтгэн үздэг.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.133
    46 минутын өмнө

    Энэ ард түмнийг улс орныг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар шиг эх орончид гарч ирж хувьсгал байгуулж мандуулахгүй бол энэ улс сэргэн мандах ямар ч найдлаггүй болсон байна.

    Хариулах