Д.Энхтүвшин: Төсвийг хүссэн хэмжээгээр бууруулаагүй ч цаашид алдагдалгүй төсөв батлуулах дээр цаг алдалгүй ажиллах болно

Т.Отгонсувд
2024/12/05

2025 оны төсвийг УИХ-аар эцэслэн батлах үеэр Д.Энхтүвшин, Ж.Баярмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд алдагдалтай төсвийг бууруулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж, гарын үсэг цуглуулж байсан. 

Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тависнаар Засгийн газраас дахин УИХ-д төсөв өргөн барихаар болсон. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Засгийн газар 2025 оны улсын төсвийг ДНБ-ний 35.2%-тай тэнцэх хэмжээнд буюу өмнөх төсөлтэй харьцуулахад 2.3 их наядаар бууруулж, алдагдалгүй төсөв батлах саналаа өчигдөр өргөн барилаа.

Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэгт иргэд илүү идэвхтэй оролцсон нь олон нийтийн санал хууль тогтоох үйл явцад ямар чухал болохыг харуулсан бөгөөд иргэдийн дуу хоолойг сонсож, тусгах чадвартай Ерөнхийлөгч, УИХ байгаагаа бас харууллаа.

Төсвийн зардлыг танах нь инфляци нэмэгдэх дарамтыг бууруулах, мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр зээлийн хүү буурах, улсын зээлжих зэрэглэл сайжрах зэрэг давуу талуудаас гадна төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, татвар, нийгмийн даатгалын реформ хийх зэрэг бодлогын шилжилт хийхээс өөр аргагүй нөхцөлд оруулж байна.

Энэ хандлага нь эдийн засгийн бодлогын хувьд зөв зам дээр гарах эхлэлийг тавина итгэлтэй байна. Хэдийгээр хүссэн хэмжээгээр 2025 оны төсвийн зардлыг бууруулах төсөл орж ирээгүй ч, цаашид 2026, 2027 онуудад төсвийг мөн алдагдалгүй байлгахаар төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл оруулж ирсэн учир өргөн барьсан төслийг цаг алдалгүй хэлэлцэж, дэмжин батлуулах бодолтой байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна