ХААН Банк ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихээр ЕСБХБ-наас 145 сая ам.долларын санхүүжилт татлаа

Х.Есү
8 цаг 38 минутын өмнө

2025 оны 5-р сарын 14-ний өдөр- ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 145 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгууллаа. 

Энэ нь ЕСБХБ-наас Монголын санхүүгийн байгууллагад олгож буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж буйгаараа онцлог төдийгүй Монгол Улсад тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй эдийн засгийг дэмжих зорилготой хоёр томоохон хөтөлбөрийг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм. 

Уг санхүүжилтийн 75 сая ам.доллар нь “Монголын ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр” (MonGEFF)-ийн хүрээнд байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүч, усны хэмнэлттэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулагдана. 

MonGEFF-ийн санхүүжилтийг ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (GCF) хамтран бүрдүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ногоон зээл сонирхогч харилцагчдад зориулан тусгайлан бэлтгэгдсэн ногоон технологийн зөвлөх баг ХААН Банкны ажилтнуудтай хамтран мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх юм.

Харин 70 сая ам.долларыг эмэгтэй удирдлагатай бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Мөн үүнээс гадна ХААН Банкны харилцагчид бизнесийн зөвлөх үйлчилгээнд хамрагдаж, өсөж хөгжих боломжийг хамт бүрдүүлж буй.

ЕСБХБ-наас өмнө нь ХААН Банканд "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийн санхүүжилтийг гурван удаа, “Монголын ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (MonGEFF)”-ийн санхүүжилтийг хоёр удаа олгож байсан бөгөөд өмнөх хөрөнгө оруулалтууд амжилттай хэрэгжсэн юм. Ийнхүү 2007 оноос хойш урт хугацаанд тогтвортой үргэлжилж буй хамтын ажиллагаа дараагийн шатанд гарч, Монголын санхүүгийн байгууллагад хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг дахин олгож буй нь банкны салбар төдийгүй Монгол Улсын тогтвортой эдийн засгийн хөгжилд ХААН Банкны тэргүүлэгч байр суурийг бататгаж байна.

---

ХААН Банкны тухай

Монгол Улсын банкны салбарт тэргүүлэгч ХААН Банк нь орон даяар нийт 548 салбар нэгж болон цахим сувгуудаараа дамжуулан Монголын нийт хүн амын 82 хувьд банкны үйлчилгээ үзүүлдэг. Монгол орны өнцөг булан бүрд иргэд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч, мөн томоохон аж ахуйн нэгжийн харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээг найдвартай хүргэж, харилцагчдынхаа өсөж хөгжих, урагшлах санхүүгийн аяллын алхам бүрд хамт байсаар байна. ХААН Банк нь тогтвортой санхүүжилт, цахим банкны инновац болон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тэргүүлсээр байна. 

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тухай

ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 71 улсад үйл ажиллагаа явуулдаг. Нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх зорилгынхоо хүрээнд ЕСБХБ өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг төдийгүй өдгөө гурван тивийн 7,400 гаруй төсөл хөтөлбөрт нийт 210 тэрбум евро зориулаад байна.  

2025 оны 2-р сарын байдлаар Монгол Улсад нийт 2.6 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгож, 152 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд чухал нөлөө, дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү санхүүжилтийн 74 орчим хувь нь хувийн хэвшлийн компаниудыг дэмжихэд зориулагдсан юм.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна