Иран улс сүүлийн 37 жилд анх удаа шашны тэргүүн, оюун санаан удирдагчаа сонгох гэж байгаа билээ. Энэхүү суудлын төлөө одоогийн дэглэмээс хүн тавих уу, эсвэл АНУ оролцож, ардчиллын талын хэн нэгнийг тавих уу, тавиалаа гэхэд иргэд аль талдаа гарах вэ, учраа олох уу, иргэний дайнд хүрч хурцдах уу гэх зэрэг олон асуулт хариултаа хүлээж буй.
Өөрөөр хэлбэл, цаашид лалын хаалттай улс байх уу, 1979 оноос өмнөх шиг ардчиллын замд буцаж орох уу гэсэн асуулт эдгээр өдрүүдэд шийдэгдэж буй. Тэгвэл энэ үйл явцад чухал нөлөө үзүүлэх, 1979 оноос хойш хуримтлагдсан нийгмийн болон цэрэг, улс төрийн нөхцөл байдлын талаарх таван баримтыг хүргэж байна.
Иранчуудын ихэнх нь шашны удирдагчид улс орны удирдлагын төвшинд тодорхой байр суурь эзлэх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч ямар хэмжээтэй байх вэ гэдэг дээр санал зөрдөг байна.
2012 онд “Pew Research Center” гэх байгууллагын явуулсан санал асуулгаар 10 иран хүн тутмын дөрөв нь л “шашны удирдагчид улс төрийн төвшинд шийдвэрлэх нөлөөтэй байх нь зүйтэй” гэж үзэж байжээ. 30 хувь нь шашны удирдагчид бага зэрэг нөлөөтэй, эс бөгөөс огт оролцдоггүй байх нь зөв гэж хариулж байв.
Лалын бүгд найрамдах Иран улсыг тунхагласны дараа буюу 1979 оноос хойш төрөгсөд ахмад үеэ бодвол шашны зүтгэлтнүүдэд илүү нааштай хандах байдал ажиглагдаж байжээ. Гэхдээ одоо шинээр сонгогдох шашны удирдагчийн эрх хэмжээ ямар байх вэ гэдгийг дахиж авч үзэх магадлал өндөр байгаа бөгөөд үүнд залуусын байр суурь чухал гэж үзэж байна.
2. Нийгмийн бүлэглэлүүдийн зөрчил
Иранчууд шашинд итгэх итгэлээрээ ялгаатай болж эхэлсэн гэдгийг дээр дурдсан. Энэ ялгаатай байдал нь нийгэмд болж байгаа асуудлуудад ялгаатай байдлаар хандахад хүргэж, энэ нь зөрчил үүсэх шалтгааны нэг болж байгааг ажиглагчид онцолж байна.
Шашинд гүн бат итгэл үнэмшилтэй хүн, итгэл үнэмшил багатай хүн хоёр яг ижил асуудалд өөр, өөрөөр ханддаг. Энэ нь зөрчил үүсэх шалтгаан болдог гэдгийг дээр дурдсан 2012 оны санал асуулга ч харуулсан юм. Тэр үед санал асуулгад оролцогчдын 14 хувь нь ийм зөрчил маш их байдаг гэж үзсэн бол 30 хувь нь “Их байдаг”, 39 хувь нь “Байдаг ч тийм их биш” гэж хариулж байжээ. Түүнээс хойш энэ байдал багасаагүй, харин ч нэмэгдсэн байж болохыг байсхийгээд л болдог төр засгийн эсрэг тэмцлүүд нь харуулдаг юм.
3. Эдийн засгийн таагүй байдал
Иран улс хоногт 4.1 сая баррель газрын тос олборлодог үзүүлэлтээрээ дэлхийд V, экспортын хэмжээгээрээ (хоногт 1,3 сая баррель) XII, тогтоогдсон нөөцийн хэмжээгээр IV жагсдаг. Гэсэн ч эдийн засаг нь сүүлийн 10 гаруй жил маш тогтворгүй байсан нь иргэдийн байр суурьт хамгийн гол нөлөөг үзүүлсэн. Үүнд АНУ тэргүүтэй барууны орнуудын хориг гол үүрэг гүцэтгэсэн нь тодорхой.
Хоригийн хүнд жилүүдэд бүсээ чангалан тэвчиж байсан иранчуудад Ерөнхийлөгч Хассан Роухани итгэл төрүүлж, АНУ-тай тохирон цуцлуулсан хоригийн дараа гарах эдийн засгийн өсөлтийг “Ард иргэддээ наана” хэмээн амлаад хэлсэндээ хүрээгүй зэрэг нь өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхэд нөлөөлсөн нь лавтай.
Хориг цуцлагдаж, Ираны ДНБ 2016 онд 12.5 хувиар өссөн ч иргэдийн амьдрал дээшлээгүй юм.
4. Бүс нутагтаа тэргүүлэхийн төлөөх өрсөлдөөн
Иран бол Орйхи Дорноддоо хамгийн нөлөө бүхий улс. Лалын шашны шийт урсгалыг шүтэгчдийн “Дэлхийн төв” гэж нэрлэгддэг. Ираны бүх хүн амын 90-95 хувь буюу 80 сая орчим хүн шийт урсгалыг шүтдэг. Энэ ч утгаараа шийт шашинтнууд хүн амын дийлэнхийг эзэлдэг Ливан, Ирак зэрэг бүс нутгийнхаа орнуудтай ойр харилцаатай. Тэр хэрээрээ хүн амынх нь ихэнхийг суннит шашинтнууд бүрдүүлдэг Саудын Араб, Египет улстай дайсагнасан харилцаатай байдаг юм.
Энэ удаагийн, АНУ хөндлөнгөөс оролцоход хүргэсэн тэмцэл хөдөлгөөний ард хэн байгаа талаар мэдэгдэхдээ АНУ, Израилаас гадна үргэлж Саудын Арабыг хамт нэрлэж ирсэн байдаг.
5. Батлан хамгаалах хүч
Иран улс нь Ойрхи Дорноддоо хамгийн хүчирхэг армитай. “Global Firepower”-ын 2026 оны чансаанд 145 улсаас 16 дугаарт бичигдсэн. Байнгын цэргийн хүч нь 610 мянга, үүн дээр нэмээд 470 мянган эр байлдааны идэвхитэй нөөцөд байдаг гэнэ. Стокгольмын олон улсын судалгааны интитутын тайланд өгүүлснээр бол тус улс 2025 онд ДНБ-ий 3 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна