Ливан улс дараагийн халуун цэг болох магадлал өндөр байна

Zuv.mn
2026/03/02

Ливаны эрх баригчид өнөө өглөө шуурхай хуралдаан зарлаж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцжээ. Израиль улс Ливанд хандаж, Хезболла бүлэглэлийнхний орогнож байгаа гэж үзсэн 52 хот тосгоноос иргэдээ нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсантай холбоотойгоор ийнхүү хуралдаж байгаа юм. 

"АНУ, Израилийн хамтарсан хүч Иранд цохилт өгчээ" гэсэн мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдахтай зэрэгцэн хоёр улсын асуудал бүс нутгийн асуудал, цаашлаад дэлхийн асуудал болох вий гэсэн түгшүүр төрж эхэлсэн билээ. Тэр ч утгаараа цохилтын талаар байр сууриа хамгийн түрүүнд илэрхийлсэн улсуудын нэг болох Их Британи бүс нутгийн хэмжээнд өргөжих вий гэж түгшиж байгаагаа илэрхийлсэн. Түгших бодит шалтгаан байгаа бөгөөд үүнийг олон хүн өмнө нь зөгнөн хэлж байсанд оршино. 

АНУ, Израиль-Ираны хооронд өрнөж байгаа дайныг Израиль өнгөрсөн зургадугаар сард маш итгэлтэйгээр эхлүүлсэн /13-ны баасан гарагийн шөнийн 03.00 цагт Тегераныг бөмбөгдөж эхэлсэн/. Эндээс "Энэ итгэл хаанаас гарч ирэв. Хэн нэгний даалгавар байв уу" гэсэн хардлага зүй ёсоор гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, дээрээс даалгасан, илүү олон улсыг хамруулах "төлөвлөгөө"-ний эхлэл байх вий гэсэн болгоомжлол шууд төрсөн юм. Энэ нь АНУ оролцсоноор батлагдаж буй бөгөөд  дайнд татагдах орох хамгийн ойрын субъектээр Ливаны "Хезболла" бүлэглэл тооцогдож байна.  Ираны дуулианд дарагдаад л байгаа болохоос Израилийн зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд  Ливанд цохилт өгсөөр байгаа юм.  

Израилийн арми Ливанд цохилт өгч буй нь. 2025.VI.17 

Энэ нь барууныхан болоод тэдний эсрэг талынхны хувьд урьдын тооцоогоо дуусгах буюу угаасаа төлөвлөгөөний дагуу л явж байж магадгүй гэх хардлага байна. 

Өөрөөр хэлбэл, АНУ нь Украины дайныг дуусгахад хүчин чармайлт гаргаж буй мэт жижглээд энхийн цагаан тагтааны дүрээр тоглоомоос гарч, харин дараа нь өөрсдөө далд үлдээд Израилиар дайн өдөөлгөж байна гэсэн санаа. Иран ч Израилийн довтолгоон өртсөн эхний өдрөө л "Ард нь АНУ байгаа. Тэдний зөвшөөрөлгүйгээр ийм хэмжээний үйлдэл гаргах ямар ч боломжгүй" гэж мэдэгдсэн. Энэ ч батлагдаж, одоо Д.Трамп "Зорилгодоо хүрэхээс нааш зогсохгүй" гэж мэдэгдтэлээ улангасаад байна. 

Ираны үнэнч холбоотон "Хезболла" бүлэглэл Ливаны эрх баригчдыг АНУ, Израилийн эсрэг дайтхыг шаардаж, хүлээж авахгүй бол төрийн эрхийг авна гэж сүрдүүлсэн. Одоо Ливанд иргэд хот тосгодыг орхиж гарах үйл явц өрнөж байгаа бөгөөд олон хотод эмх змбараагүй, гарах зам ачаалал ихтэй байдалтай байна.


АНУ Ливаныг дайнд татагдан орохгүй бол зүгээр орхино гэж мэдэгдсэн ч Хезболла бүлэглэлийн хатуу байр суурь, Израиль улс нэмэлт цэрэг татлагаар бие бүрэлдэхүүнээ  100,000-аар нэмэх гэж байгаа зэрэг нь тус улсад нөхцөл байдал хурцадана гэдгийг харуулж байгаа юм.    

Одоогоос арваад жилийн өмнө АНУ Сири рүү хуурай замын цэрэг оруулах гээд бүтэлгүйтсэн. Угтаа тэд “Сирийн ажиллагаа” амжилттай болсны дараа Их Британитай хамтран Иран руу довтлохоор завдаж байсан юм. Сирийг эзлэн, ОХУ-ыг Газрын дундад тэнгист түшиц газаргүй болгох төлөвлөгөө нь тухайн үед хэрэгжээгүй ч геополитикчид "Иранд удахгүй дайны гал дүрэлзэнэ" гэж итгэлтэйгээр хэлж байсан билээ.

АНУ-ын бодлого тодорхойлолцдог гол хүмүүсийн нэг, Төрийн нарийн бичгийн дарга агсан Генри Киссинжер тухайн үед АНУ-Ираны дайн болбол цаад утгаараа ОХУ, БНХАУ-тай хийх дайн болно гэж тодотгож байлаа. “Бид БНХАУ-д цэргийн хүчээ өсгөх боломж өгсөн. ОХУ-д ЗХУ-ын задралын дараа бие даах цаг өгсөн. Эцэст нь энэ байдал нь тэдний булшны нүхийг ухлаа” гэж тэрбээр хэлсэн байдаг. Түүнийхээр бол АНУ Ойрхи Дорнодын долоон улсын байгалийн баялгийг ашиглахаар нөлөөгөө тогтоогоод байсан бөгөөд одоо энэ ажиллагаа бүтэлгүйтэж дууссан тул өөрийн “галзуу нохой” Израилийг гинжнээс нь суллан тавих гэнэ. Өөрөөр хэлбэл, Израиль улс удахгүй аль болох олон арабыг тэнгэрт илгээх гэсэн ганцхан зорилготойгоор дайн өдөөх бөгөөд байдал ингэж өрнөсний дараа хэрвээ ялагч болж чадвал Ойрхи Дорнодын газар нутгийн тал нь Израилийн мэдэлд очих ажээ.

Иймэрхүү таамаглалыг ОХУ-ын Либерал намын дарга агсан В.Жириновский мөн хэлдэг байсан бөгөөд илүү ч үгүй, дутуу ч үгүй "Иран, Израилийн дайн цөмийн дайн өдөөнө" гэсэн нь одоо ОХУ-д ид яригдаж, хэвлэлд нийтлэгдэж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.