Шилэн булан: Байгаль эх хог хаягдлыг гоо үзэмж болгож хувиргасан нь

Zuv.mn
1 цаг 29 минутын өмнө

Өнгө өнгийн эрдэнийн чулуугаар өвч бүрхэгдсэн далайн эрэг байна гээд төсөөл дөө. ОХУ-ын Уссурийн булан, Приморскийн хязгаарын хаа нэгтээ байдаг, одоохондоо жуулчдын анхаарлын төвд төдийлөн ороогүй “Glass bay“ буюу “Шилэн булан” гэх газрын гэрэл зурагуудыг хүргэж байна.

ЗХУ-ын үед эргийн ойролцоо байсан шил, шаазангийн үйлдвэрүүд хог хаягдлаа далайд асгадаг байжээ. Тэр хог нь Номхон далайн түрлэгээр туугдан нэг газарт овоорч, хил, шаазангийн асар их хаягдлаас бүтсэн мэт хэсэг газрыг бий болгосон байна. Усны давалгаа аажимдаа хагархай шил шаазанг мөлийлгөн элээж, хоорондоо давтагдахгүй хэлбэр дүрстэй болгосноор хог хаягдлын  эрэг эрдэнэсийн эрэг болж хувирсан аж. Цэлмэг нартай өдөр Шилэн эргийг харвал үнэхээр л үй түмэн эрдэнэсийн чулуу гялбалзан байх шиг харагдана. Энгийн хог хаягдал хуримтлагдаж асан газар ийнхүү гайхалтай үзэсгэлэн цогцлоосныг “Хүн төрөлхтний хийсэн алдааг байгаль эх арилгажээ” гэлтэй.

Энэхүү сонин гайхалтай газарт өвлийн улиралд очиход гоо үзэсгэлэнг нь хамгийн тодоор мэдэрч болох гэнэ. Өнгө, өнгийн шилний гялбаа, цасан ширхэгний гялбаатай нийлээд ер бусын орчныг бүрдүүлдэг ажээ.

Сонирхолтой нь, АНУ-ын Калифорни мужийн Форт Браггт Уссурийнхтай төстэй  "Шилэн эрэг" хэмээх нэртэй газар байдаг аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна