Төрийн Тэргүүн “Талын салхи”-д оролцож, өрсөлдөгч нартаа “сануулга” өгөв

Zuv.mn
45 минутын өмнө

Улсаараа ундуй сундуй, эдийн засаг сайнгүй үед улсын Ерөнхийлөгч өвч бүрэн тоноглосон чамгүй үнэтэй мотоциклээр гангарч, “гайхуулж” “Талын салхи”  олон улсын мото наадамд оролцсон нь шүүмжлэл дагуулж байна. Төрийн Тэргүүн хамгаалалтын хэрэгсэлгүй цуваа ахлан оролцсон  “Талын салхи” олон улсын мото фестиваль 11 дэх жилдээ зохион байгуулагдсан. Жил ирэх тусам хүрээгээ тэлж буй уг наадамд өмнөх жилүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж ирсэн бол энэ удаа өөрийн биеэр оролцсон нь жилийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусах тэрээр улс төрөөс явах болоогүй гэдгээ өрсөлдөгч нартаа дам утгаар зарлав.

Ердөө жилийн дараа монголчууд сонгуульд саналаа өгч шинэ Төрийн Тэргүүнтэй болно. Одоогийн Ерөнхийлөгч “Би дахин сонгогдохгүй. Бүрэн эрхийн хүрээнд ажиллаад ажлаа ёс төртэйгөөр дараагийн хүнд шилжүүлэх”-ээ хэдэнтээ мэдэгдээд буй. Тэрбээр нам бус ч улс төрд нөлөөллөө алдахгүй, хүчээ зузаатгасаар байгааг Ерөнхийлөгч институцийнхээ хүрээнд хийдэг голлох томилгоонуудаас харж болох юм.

Өмнө нь ч тэрбээр  2017 онд улс төрд эргэн ирэхдээ УИХ дахь 65-ын бүдүүн бүлгийн 33:32 гэж талцуулж, “ялснаар” Ерөнхий сайд болж, улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийг удирдан оролцож намаа парламентад үнэмлэхүй олонх болгож байсан билээ. МАН-ын Зүүний хүчний холбооноос эхтэй намдаа хамт хүчин зүтгэж байсан журмын нөхөд, дараагийн үеэ мөн бэлдсэн нь 2017 онд улс төрд эргэн ирэхэд том тус дэм болж байв. Энэ удаа улс төрийн томилгоонууд болоод намын удирдах төвшинд өөрийн хүмүүсийг томилж дараагийн нүүдлээ зэхэж, нөгөө талдаа өрсөлдөгч нартаа сануулга өгсөөр байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна