Парисын автобусанд танихгүй эмэгтэйн өгзгийг алгадсан эр гурван сар хоригдох ял сонслоо

2018/09/26
Парисын ойролцоо автобусанд зорчихдоо танихгүй эмэгтэйн өгзгийг алгадаж, хэл амаар доромжилсон эр гурван сар хоригдож, торгууль төлөх шийтгэл хүлээжээ.

Франц улс саяхан гудамж, олон нийтийн газарт эмэгтэй хүнд үг хэлээр болон физик үйлдлээр бэлгийн дарамт үзүүлсэн хүнд шийтгэл оноох хуультай болсон. Тэгвэл дээрх хэргийн эзэн шинэ хуулийн анхны шийтгүүлэгч болжээ.

30 гаруй насны эрэгтэй автобусанд зорчихдоо 21 настай бүсгүйн өгзгийг алгадаж, хөхнийх нь талаар бүдүүлэг доромж үг хэлсэн юм байна. Энэ үед автобусны жолооч цагдаа дуудаж, иртэл нь хаалгаа хааж зогссон гэнэ.

Парисын өмнөд хэсгийн Эври дүүргийн шүүх гэмт этгээдэд гурван сар хорих ял оноож, үг хэлээр доромжилсных нь төлөө нэмж 300 еврогоор торгожээ. Шинэ хуулийг санаачилсан хүйсийн тэгш эрхийн асуудал хариуцсан сайд Марлен Шиаппа үүргээ сайн гүйцэтгэсэн автобусны жолооч болон шүүгч нарт талархаж байгаагаа твиттер хуудсандаа бичсэн байна.

Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй бүрийн нэг нь гудамж, талбайд бие махбодын болон бэлгийн дарамт үздэг гэсэн НҮБ-ын тоо баримт байдаг. Харин Франц улсад зохион байгуулсан саяхны судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 53 хувь ямар нэг байдлаар бэлгийн дарамт, халдлагад өртдөг гэж хариулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна