АНУ-ын арми 2017 онд 21 600 фунт буюу 9 800 кг тэсрэх бодис агуулсан асар хүчтэй тэсрэх бөмбөгийн Афганистаны нутаг дэвсгэрт хаясан билээ. Тухайн үед АНУ Афганистаны нутагт байрладаг, “Лалын улс” бүлэглэлийн ашиглаж байсан газар доорх хонгилыг устгах зорилгоор "Бүх тэсрэх бөмбөгийн эх" хэмээх уг мега бөмбөгийг анх удаа хаясан байдаг.
Тэгвэл энэхүү аймшигт зэвсгээ Иран дээр хэрэглэнэ гэж Д.Трамп уржигдар мэдэгдлээ. Тэрбээр "Бид Иранд цөмийн зэвсэг хэрэглэхгүй. Бүх тэсрэх бөмбөгийн эх бол жижиг цөмийн бөмбөгтэй дүйцэхүйц, гэхдээ цөмийн биш маш том тэсрэх бөмбөг юм. Бидэнд цөмийн бөмбөг хэрэглэх шаардлага байхгүй" гэж онцолсон юм. Үүнээс хойш олон улсын хэвлэлүүд Иран улс энэ аймшигт бөмбөгийн шинэ бай болж магадгүй талаар бичицгээж байна. Уг бөмбөгийг хамгийн анх 2017 онд Афганистанд хэрэглэсэн бөгөөд энэ талаар мэдээллийн эхэнд дурдсан.
АНУ-ын тал ашиглана гэдгээ ил тод мэдэгдэж байгаа энэ зэвсгийн хэмжээ, хүчин чадлын талаарх тоон мэдээллийг хүргэж байна.
Энэхүү үхэл таригч асар хөнөөлт зэвсгийн урт нь 30 цут буюу есөн метр, жин нь 9800 кг. MC-130 бөмбөгдөгч онгоцонд, тусгай зориулалтын тавцан дээр суурилагддаг бөгөөд шүхрийн тусламжтайгаар онгоцноос салдаг.

Энэ бөмбөгийн хангийн онцгой чанар нь 18000 фунт тротилынхоо ачаар асар хүчтэй дэлбэрэлтийн долгионыг нэг милийн радиуст тархаадаг байна. Пуужингийн “сав”-ыг маш нимгэн хөнгөн цагаанаар хийдэг нь энэ хүчийг сааруулахгүй байх зорилготой юм. Газрын гүн рүү илүү нэвтэрдэг учраас газар доорх хонгилыг ашиглалтаас гаргах зорилгоор ашигладаг. Уг бөмбөгийг анх Иракийн дайнд ашиглах зорилгоор бүтээсэн гэдэг. Ингэхдээ нэг тус бүрт нь 16 сая фунт стерлингийн зардал гаргажээ. Улмаар 2003 онд анхны туршилтаа хийж амжилттай болгосон бөгөөд түүнээс хойш нэг ч удаа ашиглаагүй байжээ.
GBU-43 / B (MOAB) бол АНУ-ын зэвсэглэлд байгаа хамгийн том цөмийн бус бөмбөг юм. Дашрамд дурдахад, ОХУ мөн дээрхтэй ижил зориулалттай FOAB буюу “Бүх тэсрэх бөмбөгийн эцэг” гэгдсэн бөмбөгийг зохион бүтээсэн байдаг.
GBU-43 / B (MOAB)-ын тэсрэлт хоёр үе шатнаас бүрдэнэ. Эхлээд төдий хүчтэй бус дэлбэрэлт болж, мөөгөн хэлбэрийн утаа агаарт тогтоно, төд удалгүй хоёр дахь асар хүчтэй тэсрэлт болж, жинхэнэ ид шидээ гаргадаг байна. Тэсрэлтийн хүч нь асар их учраас энэ бөмбөгийг бусдыг айлган сүрдүүлэх зорилготой бөмбөг гэж ч нэрлэдэг ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна