"Монгол тулгатны 100 эрхэм"-ийн нэгд яригдаж байсан Сергей Шойгу гэж хэн бэ

Х.Батсайхан
1 цаг 17 минутын өмнө

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгугийн талаар уншигчдадаа хүргэе. Тува аав, орос ээжтэй түүнийг 2016 онд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урих асуудал албан ёсоор яригдаж байсан бөгөөд энэ нь монголчуудын дунд түүнийг "монгол тулгатны нэг" гэж үздэгийг харуулсан юм. 

Даргын хүү

Сергей Кужугетович Шойгу Тувагийн БНУ-ын Чадан хотод 1955 оны тавдугаар сарын 21-нд мэндэлжээ. Түүний эцэг Кужугет Серээевич Шойгу нь БНУ-ынхаа төв хэвлэл “Шин” сонинд редактороор ажиллаж байгаад хожим Тува дахь Коммунист намын олон нийтийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Тувагийн БНУ-ын Сайд нарын зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч зэрэг хариуцлагатай алба хашиж ирсэн аж. Харин ээж Александра Яковлевна нь малын эмч мэргэжилтэй, БНУ-ынхаа Хөдөө аж ахуйн яамны төлөвлөгөөний хэлтэст ажилладаг байжээ.       

Үндсэн мэргэжил нь барилгын инженер

С.Шойгу онц сурдаг байсан бөгөөд 1972 онд 10 жилийн сургуулиа төгсч улмаар Красноярскийн Политехникийн коллежийг 1977 онд барилгын инженер мэргэжлээр төгссөн. 1996 онд эдийн засгийн чиглэлээр диссертаци бичиж, эрдэмтний зэрэг хамгаалжээ. Мөн ОХУ-ын Онцгой байдлын албаны Иргэний хамгааллын Академийг төгссөн аж.    

Бригадын даргаас сайд хүрсэн замнал

С.Шойгугийн ажлын гараа Красноярскийн “Промхимстрой” компанид мастераар орсноор эхэлжээ. Улмаар Кызыл («Тувинстрой»), Ачинск («Ачинскалюминийстрой»), Саяногорск («Саяналюминийстрой»), Абакан («Саянтяжстрой», «Абаканвагонстрой») зэрэг хотын барилга трестэд удирдах албан тушаал эрхэлж байгаад 1989 оноос нам олон нийтийн байгуулагад ажиллаж эхэлсэн байна. Эхлээд Абакан хотын удирдах зөвлөлд хоёрдугаар нарийн бичгийн дарга хийж байгаад жилийн дараа төв рүү дуудагдаж, ЗСБНХУ-ын Барилга, архитектурын улсын хорооны орлогчоор ажиллах болсон аж.

1991 онд шинэ тутам ОХУ-ыг шинээр бүрэлдэж байх үед тэрээр Аврах албыг байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн бөгөөд улмаар ОХУ-ын Онцгой байдал, гамшгийн хохирлыг арилгах улсын хорооны даргаар томилогдсон аж. Энэ хороог толгойлж байхдаа 1991 онд, бүтэлгүй болсон төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Б.Ельциний талд зогсч улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлжээ. С.Шойгу энэ үеэс Б.Ельциний итгэлт хүн болсон бөгөөд  “Эрх чөлөөт Орос орны хамгаалагч” хэмээх шагналаар шагнагдаж байв. 

Тэр цагаас хойш хаана хэрэгтэй, чухал ажил гарна тэнд С.Шойгуг томилж ажиллуулдаг болжээ. 1992 онд Осет, Ингушетийн БНУ-ын хооронд зэвсэгт тэмцэл дэгдэх үед уг асуудлыг эрхэлсэн онцгой комисс байгуулж, даргаар нь С.Шойгуг томилж байв. 1994 онд Онцгой байдал, гамшгийн хохирлыг арилгах улсын хороог онцгой байдлын яам болгон шинэчлэн зохион байгуулахад С.Шойгу сайдаар томлогдож, 2012 он хүртэл тасралгүй 18 жил ажилласан юм. Онцгой байдлын сайдын хувиар  С.Шойгу 1996 онд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болжээ. Тэр жилээ Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хяналт тавьж ажилласан байдаг. 

1994 онд Виктор Черномырдины тэргүүлдэг “Орос бидний гэр” нэгдэлд орж, олон нийтээс дэмжлэгтэй улстөрч болох эхлэлээ тавьсан С.Шойгу 2000 онд “Единство” намыг удирдан Думын сонгуульд өрсөлдөж коммунистуудад ялагдсан ч Москва хотын дарга Ю.Лужковын тэргүүлдэг “Отечество – вся Россия” намаас олон суудал авч чадсан байдаг. Улмаар Минтимер Шаймиевийн тэргүүлсэн “Вся Россия”, Ю.Лужковын “Отечество – вся Россия”, “Единство” намууд нэгдэж “Нэгдмэл Орос” намыг байгуулсан юм. Нэгдмэл Орос нам  улсынхаа хамгийн хүчирхэг улстөрийн хүчин болж, гурван сонгуульд дараалан  /2003, 2007, 2011/ ялалт байгуулахад С.Шойгугийн нэр намын жагсаалтын эхний гуравт баттай орж байсан юм.

2012 онд Ерөнхийлөгч Д.Медведев түүнийг Москва мужийн захирагчаар томилохоор санал болгосон бөгөөд мужийн дум дэмжсэнээр тэрээр 2012 оны тавдугаар сарын 11-нд мужийн захирагчаар томилогдов. Гэвч уг албан тушаалдаа удсангүй, тухайн оныхоо арваннэгдүгээр сард, Анатолий Сердюковыг “Оборонсервис”-ийн хэргээр огцорсны дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогджээ. 

Өдгөө тэрбээр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.        

ОХУ-ын баатар

ОХУ-ын төрөөс С.Шойгуг 2009 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан нь түүнийг ямар нэр хүндтэй, чадварлаг удирдагч болохыг батлан харуулсан. Цэрэг дайны, онцгой байдлын эгзэгтэй үед эр зориг, ур чадвар харуулж баатарласных нь төлөө түүнд уг шагналыг хүртээсэн гэдэг.  Тэрээр мөн  Кавалер II зэргийн одон (2010), “Эх орны өмнө гавьяа байгуулсны төлөө” III зэргийн одон (2005), “Эр зоригийн одон” /1994/ зэрэг нэр хүндтэй одонгоор шагнагджээ.  ОХУ-ын Ерөнхийлөгчөөс 1993, 1996, 1999 /хоёр удаа/ онд, ОХУ-ын төрөөс 2000, 2005 онд талархал хүртэж байв.

Мөн Киргизийн БНУ, Мальт зэрэг улс С.Шойгуд төрийн дээд одонгоо хүртэж байжээ. 

Гэр бүл

С.Шойгугийн эхнэрийг Ирина Александровна /Охин үеийн овог нь Антипина/ гэдэг. Тэрээр “Экспо-ЭМ” гэдэг нэртэй бизнес жуулчлал зохион байгуулдаг компани удирддаг аж. Тэд хоёр охинтой. Том охин Юлия нь 1977 онд, бага охин Юлия нь 1991 онд төржээ. Юлия нь ОХУ-ын Онцгой  байдлын албанд ажилладаг бол Ксения нь оюутан. Ксения Шойгу урлагт сонирхолтой, Никита Михалковын найруулсан нэгэн кинонд дүр бүтээж байв.     




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.68
    23 минутын өмнө

    Олигтойхон байлдаж чадахгүй тэнэгтээд байсан юм. Цэргийн мэдлэггүй барилгын инженер юм уу. Оросын армийн нэр хүндийг шавартай хутгаад хаячихсан этгээд дээ. Монгол гаралтай учир тэнэг юм байна . Кккк

    Хариулах