Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.
Энэхүү айлчлалын ач холбогдол, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг аль салбаруудад өргөжүүлэх боломжийн талаар олон улсын судлаачдаас тодрууллаа.
Доктор П.Мягмардорж: Монголын бараа бүтээгдэхүүнийг Евроазийн зах зээлд гаргах боломж юу байна вэ гэдгийг харах хэрэгтэй
Манайх гадаад бодлогын сонголтыг олон байлгах хэрэгтэй. Энэ нь зөвхөн улс төр, дипломатын түвшний баримт бичиг олон байгуулж, түншлэлийн зэргийг дээш ахиулах тухай биш юм. Бизнес худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бодитоор харж, үр дүнг нь харах шаардлагатай гэсэн үг.
2026 оны зургаадугаар сарын 1-нд Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хурал хуралдсан. Энэ үеэр манай талаас хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан төсөл, машин механизмын угсралт засварын ажлыг ярьсан бол Беларусь улс зах зээлээ тэлж экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхээр зорьж байна.
Беларусь нэхмэл сүлжмэл үйлдвэрлэл төдийгүй хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний экспортод том байр суурь эзэлдэг. Экспортын 60 гаруй хувь нь ОХУ-д гардаг. Тиймээс экспортоо төрөлжүүлэх тал дээр анхаарч байгаа болов уу. Иймд манай талыг мөн экспортын гарц Ази руу гарах нэг өнцөг гэж харж байгаа байх.
Бид Беларусийг юу гэж харж байгаа вэ гэвэл хамтарсан төсөл хөтөлбөрөөс гадна 2026 оны долоодугаар сарын 22-нд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан гурван жилийн хугацаатай хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны таван улсад өөрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тулгамдаж байгаа асуудал нь мал эмнэлгийн болон холбогдох шаардлагууд юм. Энэ шаардлагыг хангахад Беларусьтай хамтрах боломжтой. Учир нь, Беларусь мал эмнэлэг, вакцинжуулалтад харьцангуй туршлагатай. Иймд бид тус улстай хамтарч Монголын бараа бүтээгдэхүүнийг 200 сая хүнтэй энэ зах зээлд гаргах боломж юу байна вэ гэдгийг харж, манай улсын шийдвэр гаргагчид ажиллах хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.
Мөн “Бид олон харилцаанд оролцож байгаа жижиг улс. Жижиг улсын гадаад бодлогын сонголт бага. Сонголтыг аль болох олон болгох хэрэгтэй. Хямрал мөнхөд үргэлжлэхгүй. Олон улсын харилцаа ямагт өөрчлөгддөг. Сонголтоо олшруулахдаа заавал өндөр хөгжилтэй, ардчилсан, зөвхөн хоёр хөрштэйгөө эсвэл гуравдагч хөрш гэх мэт бодлогын хязгаарлалтаа тайлах хэрэгтэй. Бид гадаад бодлогын хатуу сонголт хийхээс илүү стратегийн эрсдэлийг саармагжуулах буюу өөрсдөдөө ирэх дарамтыг бууруулах юм” гэв.
Судлаач Г.Тод: Беларусь Европын орнуудтай харилцах харилцааны нэг том хаалга болж байна
-2020 оноос Беларусь гадаад бодлогодоо том шилжилт хийсэн үе. Азийн зах зээл рүү хандаж, Азийн орнуудтай хамтарч ажиллаж эхэлсэн. Улмаар 2024 оноос Монгол Улстай харилцаагаа бэхжүүлж эхэлсэн. 2024 онд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг, гэрээг харвал гол төлөв хөдөө аж ахуй, мэргэжилтэн сургах хамтын ажиллагааны чиг хандлагатай байсан. Харин энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хариу айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг илүү боловсронгуй болгох хандлага руу хэлбийж байгаа нь харагдаж байна.
Беларусь улсын хувьд Монгол бол Зүүн Хойд Ази руу гарах зах зээлийн орон зай боломж гэж харж байна. Харин Монгол Улсын хувьд Беларусь бол Европын орнуудтай харилцах харилцааны нэг том хаалга болж байна.
Үндсэндээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь нэгдсэн ашиг сонирхол дээр явах нь дамжиггүй. Беларусь улсын хувьд хамгийн чухал брэнд болсон зүйл нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, бордоо зэрэг болж байна. Манай улсын хувьд Беларусьтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд энэ удаагийн айлчлалаар сүүний ашиг шим өндөртэй үхрийн үржүүлэг, ферм байгуулах, сүүний чиглэлийн үхрийн генийн санг бүрдүүлэх чиглэлээр ажиллах хүлээлттэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна