Б.Түвшин: Засгийн газар хуулийн төслөө татаж авснаар Ардчилсан намын шаардлага бүрэн биеллээ

Х.Батсайхан
59 минутын өмнө

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшингээс Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаар дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх шийдлээсээ татгалзсан талаар байр суурийг нь сонслоо.

-Засгийн газар Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр нь дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх гэж байснаа больж, хуулийн төслөө татаж авлаа. Таны байр суурийг сонсъё?    

-Оюутолгойн ногдол ашиг хуримтлалын сандаа үлдэж, хуулийн дагуу зарцуулагдах боллоо. Засгийн газар хуулийн төслөө татаж авснаар Ардчилсан намын шаардлага бүрэн биеллээ гэж үзэж байна.

-Бэлэн мөнгө тараая гэж байгаа. Энэ нь инфляцийг өсгөж, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Энэ талаарх шийдвэр гараагүй байгаа шүү дээ. Эхний ээлжинд “Оюутолгойгоос орж ирэх ногдол ашиг хуулийнхаа дагуу Баялгийн сандаа үлдэх ёстой” гэсэн шаардлага байсан. Энэ шаардлага биеллээ.

-Нөгөө талаараа, чухал шаардлагатай, тулгамдсан байсан дэд бүтцийн төслүүд хэрэгжихээргүй боллоо?

-Ер нь бол Засгийн газар Баялгийн сангийн тухай хуулийг даваад шууд төсөвтөө авч зарцуулах гэсэн нь гаргалгаа, шийдлийн хувьд буруу байсан. Энийг нь Ардчилсан нам засаж, залруулж чадлаа.

-Засгийн газар Төсвийн тухай хууль өргөн мэдүүлэхдээ өмнө нь баталсан Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуулиа зөрчсөн явдал энэ жил гарлаа. Дээрх хуулиуд нь төсвийн дунд хугацааны бодлого гэж ойлгож байгаа. Энэ тал дээр та мэргэжлийн хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөл гэдэг бол Монгол Улс ирэх жилүүдэд юу хийх юм бэ, ямар үр дүн гаргах вэ, яаж төлөвлөх вэ, эргээд эдийн засаг, нийгмийн ямар ач холбогдол бий болгох юм бэ гэдгийг төлөвлөөд, их ч биш, бага ч биш, яг энэ төлөвлөсөн зүйлсээ төсөв болгож мөнгөжүүлээд хийж хэрэгжүүлдэг. Төсвийн хүрээний мэдэгдлийг байнга өөрчилж байна гэдэг бол төлөвлөгөө, бодлого байхгүй, зөвхөн тухайн цаг үеийн асуудлаар, чухал гэж үзсэн зүйлд л хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Энэ нь цаашдаа төсөв үр дүнгүй зарцуулагдахад хүргэнэ. Тийм учраас Төсвийн хүрээний мэдэгдэл маш сайн судлагдаж, боловсруулагдсан байх шаардлагатай. Ингэж тодорхой цаг хугацаа авсан, боловсруулагдсан төлөвлөгөөг мөнгөжүүлж хэрэгжүүлж байж Монгол Улс хөгжинө. 

Ингэж чадахгүй байгаа учраас өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын төсөв өчнөөн өссөн хэдий ч өөрчлөлт хангалтгүй байгаа юм. Тиймээс Төсвийн хүрээний мэдэгдлээ маш сайн боловсруулах, дараа нь мөрдөж ажиллахыг мэргэжлийн хүний хувьд шаардаад явж байгаа.

     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна