Н.Учрал: Олж ирсэн нь буруутаж, популист хандлага гаргаж байгаа хүмүүс зөвдөнө гэж байхгүй

Zuv.mn
46 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

-Засгийн газар өнөөдөр Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр дэд бүтцийн төсөл санхүүжүүлэх хуулийн төслөө татаж авлаа?

-Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Оюутолгойн ногдол ашгаар дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдэх хуулийн төслийг татан авч байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр,  “И Монголиа системээр явуулсан санал асуулгад 106 мянган иргэн оролцсоны 57 хувь нь Хуримтлалын сангаараа дамжуулаад  авах санал гаргасан байна. Төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн тохиолдолд юунд зарцуулах вэ гэсэн асуултад 50.5 хувь нь эрчим хүчний салбарыг сонгожээ. Тэгэхээр, өнөөдөр хэрэгжиж байгаа Үндэсний аялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд авч эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулья гэсэн иргэдийн саналыг хүндэтгэн үзэж энэхүү хуулийн төслийг татан авч байна.

Ингэснээр ногдол ашиг авах асуудал орхигдож байна гэсэн асуудал огт биш. Ногдол ашиг авахаа харилцан тохиролцсон. Одоо тоогоо эцэслээд Хуримтлалын санд хийнэ.

Зарим гишүүд бас тойрогтоо, сумандаа юм хийнэ гэсэн санал гаргаж байсан. Энэ саналууд бас байхгүй болж байна.

-Бэлнээр авья гэсэн саналтай иргэд бас байх шиг байна. Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах уу?

-Санал асуулга хийх гэж байхад “Дансандаа авах уу” гэж асуу гээд байсан юм. Хууль давж тэгж асууж чадахгүй шүү дээ. Баялгийн сангийнхаа хуулийн дагуу хорхон сонголт байгаа. Хуримтлалын санд хийгээд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах, эсвэл Хуримтлалын дансандаа хадгалах.     

Боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулъя гэдэг нь юу вэ гэхээр, Хуримтлалын санд хадгалагдсан мөнгийг одоо бол 40 хувийг нь ипотект өгөөд, тэр нь орон сууцны зээл болж гараад, Монголбанкны бодлогын хүүгээр хүүлээд иргэдэд байгаа хуримтлал нь байсаар байдаг. Түүн шиг зөвхөн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар түр нээх ч юм уу, хууль эрхзүйн орчин байна.

Тэгэхээр ирэх жилээс ногдол ашиг ороод ирэхээр зөвхөн боловсрол, эрүүл мэндэд зориулна шүү гэж нээж өгвөл нөгөө яригдаад байгаа инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой. Одоо байгаа хууль эрхзүйн орчин нь энэ. Хэрвээ бэлэн мөнгөөр тараая гэвэл хуулиа өөрчлөх шаардлагатай.

-Засгийн газарт ийм сонирхол байгаа юу?

-Бид ажиллаж байна. Ямар ч байсан ногдол ашгаа албажуулъя. Гол нь бид нар эдийн засаа бодох ёстой. Нөгөө талаар, бидэнд боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэсэн зарцуулалтын боломжууд байна шүү дээ.

Олж ирсэн нь буруутаж, зүгээр ярьж, популист хандлага гаргаж байгаа хүмүүс зөвдөнө гэж байхгүй. “17 жилийн дараа ногдол ашгийг олж ирсэн Засгийн газар бол манай Засгийн газар мөн. Олоод ирлээ, одоо яаж зарцуулахаа УИХ-аараа шийд” гэсэн төсөв өргөн барьсан чинь сүүлдээ явсаар байгаад танихын аргагүй болж эхэлж байна шүү дээ. Энэ бол буруу хандлага. Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байгаа учраас татаж аваад хуулийн дагуу Хуримтлалын сан руу хийх замыг сонголоо. Гэхдээ, хэлэлцэний стратегид энэ бол сөргөөр нөлөөлж байгаа.

Монгол Улс хуультай улс учраас хэрвээ 3 их наядыг хуулиар албажуулаад авчихсан бол бид хэлэлцээр хийхдээ “Ийм хэмжээний ногдол ашгийг авья гэж манай төрийн эрх арих дээд байгууллага шийдсэн. Ийм хатуу тоотой. Хууль учраас бид эн тал дээр ямар ч яриа байхгүй” гэдэг байдлаар яриа хэлэлцээр үргэлжилж байсан байх нь шүү дээ. Гэтэл авна, авахгүй, шууд дансанд нь хий гэх мэтээр хэн нь илүү ард түмэндээ хайртай вэ гэдэг марафон боллоо.

-Ногдол ашиг баталгаатай авахаар болсон юм уу?

-Авахаар болсон, гагцхүү тоо хэмжээ, хугацаан дээр яриа хэлэлцээр явж байна. Жишээ нь, хугацаа гэхэд энэ чинь 2027 оны төсөв шүү дээ. Хэмжээний тухайд, бид чинь бас санхүүгийн модель дээрээ гурван их наядаас илүү тоо гаргачихаад шахалт үзүүлж байгаа. Нөгөө талаас бас буулгана гэж үзэнэ шүү дээ. Төсөв дээр гурван их наяд гэж тоог зүгээр нэг тавьчихаагүй аль, аль талаасаа харилцан тохиролцож болохуйц боломжийн тоо.

Бид Оюутолгойгоос өгөөж хүртэх замыг нээчихлээ. Энэ үед нь зөв хандаад явчихсан бол зүгээр байсан юм. Гэхдээ бид төсөл хөтөлбөрүүд дээрээ өөр замуудыг сонгоно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна