СУРВАЛЖЛАГА: Нийтийн тээврээр зорчиж буй иргэд халдвар хамгааллын дэглэмийг хэр сахиж байна вэ?

2021/01/15

Нийтийн тээвэрт иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх, хүн хоорондын зайг үл тоох, зай барь гэх бичигтэй сандал дээр хээв нэг очоод суух нь энгийн үзэгдэл мэт болж. 

Эл асуудлаар нийтийн тээвэрт иргэд халдвар хамгааллын дэглэмийг хэр сахиж байгаа талаарх сурвалжилгыг хүргэж байна. 

                                              КОРОНАВИРУСИЙГ МАРТСАНЫ ХОР УРШИГ

Манай улсад өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд “Ковид-19”-ийн анхны тохиолдол илрэхэд холбогдох албаныхан шуурхай ажилласны дүнд дотооддоо алдалгүй, барьц алдалгүй “барьж авч” чадсан билээ. Үүнд иргэд ч чухал хувь нэмэр, үүрэг гүйцэтгэсэн. Хорио цээрийн дэглэмийг улс даяараа сайн мөрдсөний ачаар, тэр дундаа бүх нийтээрээ амны хаалт зүүж сурсны үр дүнд халдварыг дотооддоо алдаагүй гэдгийг албаныхан ч хүлээн зөвшөөрч байсан.

Харин энэ удаад нөхцөл байдал огт өөр байлаа. Амны хаалт зүүсэн хүн бараг харагдахаа больж, улс даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэм үндсэндээ албан бусаар цуцлагдсан. Хил хаалттай л болохоос биш дотоодод ямар нэгэн хязгаарлалт байгаагүй. Боловсролын байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулж, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр зохион байгуулж байв. “Амны хаалт зүү” гэж байнга сануулдаг Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг ч дагаж мөрддөг хүн үгүй болсон. Товчхондоо, дотоодод ямар нэгэн хязгаарлалт байгаагүй, халдварыг алдвал голомтлон тархах хөрс нь бүрдчихсэн байлаа.

Харин халдварыг дотоодод алдсан сургаар иргэд үймэлдэж, амны хаалтын эрэлд гарч, зах, худалдааны төвд урт дараалал үүсгэн, бараа, бүтээгдэхүүн худалдан авав. Уг нь “Хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай бий” гэж салбарын яамнаас мэдээлсэн ч тоосонгүй. Харин оройноос хотын гудамж эл хуль боллоо. Эрүүл мэндийн яамнаас гаргасан “Шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх” зөвлөмжийг иргэд дагасан бололтой.

“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоож, халдварыг дотооддоо алдаагүй 10 сар тэссэн. Хөл хорио тогтоосноос хойш гудамжинд хөл хөдөлгөөн эрс багассан ч хатуу хөл хориог нэг шат бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, ААН-ын үйл ажиллагааг нээсэн нь хөл хөдөлгөөн эрс нэмэгдэх шалтгаан болов. 

Үүнийг дагаад нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл бий боллоо.

“Нийтийн тээвэрт халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа нь мэдэгдэхгүй байна. Хүмүүс бөөн бөөнөөрөө орж ирж байна. Хоорондоо маш ойрхон зогсож байна. Нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа гэдэг нь их хэцүү л байна. Өдрийн турш ийм их хүнтэй явдаггүй. Яг ажил эхлэх, тарах цагийг л тааруулаад гарах үед нийтийн тээврээр маш их хүн зорчиж байна. Автобуснуудаа нэмээд, зогсоол болгон дээр хяналтын ажилтан байлгаж болохгүй байгаа юм байхдаа” хэмээн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд хэлж байлаа. 


Нийтийн тээвэрт хийгдэж буй  халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын ажлын талаар  Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад, "Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэр халдвар хамгаалал, ариутгалыг тогтмол хийж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлж байна.  Цаашид карантины үед тогтмол шалгаж шаардлага хүргүүлнэ.

Мөн халдвар хамгаалалыг хаа хаанаа сахих үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудад угаалга цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт өдөр бүр тогтмол хийгдэж байна. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 940 орчим автобусуудад өглөө болгон их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байхыг шаардаж, тогтмол шалгаж байна" гэлээ.
 “COVID-19” халдварт цар тахлын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийтийн тээврийн автобусанд зай барьж, нэг автобусанд 10-15 хүн зорчихыг анхааруулж байгаа. Энэхүү дэглэмийг баримтлахад хяналтын ажилтнуудыг ажиллуулах, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэх зорилгоор хүн ихээр зорчдог 84 байршлын зогсоолуудад нийтийн тээврийн үйлчилгээний газрын албан хаагчид хяналт тавин ажиллаж байсан.

Гэтэл Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм сахиж буй эсэхэд хяналт шалгалт тавих үүрэгтэй албан хаагчид тогтмол ажиллаж байх ёстой. Хөл хориог сулруулснаас хойш хяналт шалгалт тавих үүрэгтэй алба хаагчид салхинд туугдсан мэт алга болов.
Нийтийн тээврийн автобусанд суух иргэд хүйтний улиралд автобус хүлээх хэцүү байгаа тул хүн хоорондын зай барихгүй автобусанд дайрч орон, олноороо чихэж суух эрсдэл үүсгэж байгааг анхааруулсаар л байна. Энэ нь иргэний ухамсрын асуудал болж байгаа юм.

Дэлхийн улс орнууд Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга хэмжээ бол хатуу хөл хорионы дэглэм гэдэгтэй санал нэгдэж байгаа. 

Монгол Улс дотооддоо тархсан Covid-19-ийн халдварын тохиолдлыг бүрэн олж тогтоогоогүй, халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнөөдөр нэг хүний эрх ашгаас илүү нийт үндэстний 3.2 сая иргэний амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүрэг төрийн өмнө ирээд байна. Гагцхүү дан ганц төр биш иргэдийн ухамсрын асуудал ч хөндөгдөж байна. Үүнд иргэн бүрийн ухамсар оролцоо ч чухал юм.
Дэглэм алдагдахад хэчнээн мянган хүн эрсдэлд орж буйг хавьтагчдыг тусгаарласан тооноос харж болно. Өдгөө эхний болоод дам хавьтагчдын тоо 5000-ыг даваад байна.

Иймд иргэн та хаана байгаагаас үл хамаарч, халдвар хамгаалалтын дэглэмээ сахиж, иргэний үүргээ биелүүлж, хайртай хүмүүсээ хамгаалах ухамсартай байх хэрэгтэй байна. Бид одоо л нэг хүн шиг нэгдэж, ухамсар, тэвчээртэй байж чадвал энэхүү аюулт цар цахлыг богино хугацаанд хохирол багатай даван туулах боломж бий.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна