Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа байгуулан, Тусгаар тогтнолоо тунхагласны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн хэрэглээ, Үндсэн хуульд хандах олон нийтийн хандлагын талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Үндсэн хуулийг Бурхны шаштир ч юм уу, судар шиг зүйл гэж битгий бодож, хандаасай гэж би боддог. Үндсэн хууль бол энгийнээр хэлэх юм бол 3.4 сая монголчуудын төр засагтайгаа байгуулсан ”Нийгмийн гэрээ” юм. Тиймээс иргэн бүр Үндсэн хуулийнхаа хуудас бүрийг нээж, энэ “Нийгмийн гэрээ”-нийхээ хэрэгжилт нь ямар яваа юм бэ гэдгийг анхаарч, оролцоотой байгаасай гэж хүсдэг. Учир нь “Бид ер нь ямар улс орныг, ямар нийгмийг бүтээхийг зорьж байгаа юм бэ” гэдгийг Үндсэн хууль дээр тунхагласан байдаг.
Анхны Үндсэн хуулийг баталж байх түүхэн цаг үе бол нэг талдаа маш амаргүй цаг үе байсан. 1992 оны, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль бол өмнөх хуулиудаа бодвол Монголын ард иргэд өөрсдөө илүү оролцож, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бий болгохыг зорьж баталсан хууль шүү дээ. Бид 1924 онд Үндсэн хуулиа баталж чадаагүй бол 1992 оны Үндсэн хуулийн тухай ярихгүй ч байх байсан байж магадгүй. Тиймээс Үндсэн хууль бол Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа юм” хэмээн үзэл бодлоо хуваалцсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна