Нийслэл 38.7 тэрбумаар таван байршлын явган хүний замыг шинэчлэх нэрээр "мөнгө угааж" байна уу

С.Гандэлгэр
4 цаг 5 минутын өмнө

Явган хүний замыг халтирдаггүй болгох үүднээс байгалийн боржин чулуугаар солино хэмээн Нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байсан. Өмнө нь хэд хэдэн газарт байгалийн боржин чулуугаар явган хүний замыг хийсэн. Ингэхдээ зүгээр байсан явган хүний замыг "халтирдаггүй болгох" шалтгаанаар дахин шинэчилж их хэмжээний мөнгийг зарцуулах гэж байна хэмээн олон нийт шүүмжлээд байсан юм. 

Ерөнхийдөө Нийслэлийн засаг даргын энэ оны гуравдугаар сарын 05-ны өдрийн А/234 дугаар захирамжийн дагуу хотын чанартай гудамжны явган хүний зам, талбайг халтиргаа гулгаа үүсэхгүй, өнгө үзэмжтэй байгалийн боржин чулуун хавтангаар солихоор болсон байдаг. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан нийслэлийн хэд хэдэнд байршилд өндөр төсөвт өртөгтэй явган замын шинэчлэл хийгдэх зураг төсөв боловсруулж, тендер зарлажээ. Сүүлийн үед нийслэл өөрсдөө дагаж мөрдөх стандартаа баталдаг. Тэр стандартаа мөрдүүлэхийн тулд зүгээр байсан авто зам, явган хүний замыг дахин шинэчилж, үргүй зардал гаргасаар байгаа юм. Өнгөрсөн зун л гэхэд нийслэлийнхэн өөрсдөө баталсан стандартаа мөрдүүлэх нэрээр ихээхэн хэмжээний бордюр сольсон нь олны шүүмжлэл дагуулаад байсан. Харин энэ удаад явган хүний зам талбайг мөн стандартад нийцүүлэхийн тулд байгалийн чулуун хийцлэлээр шинэчлэх гэж байна.  

Явган хүний зам талбайн тохижилтийн хийгдэхээр тендер зарлагдсан байршил: 

  • Их тойруугийн гудамж /Урд, ард хэсэг/
  • Бага тойруугийн гудамж /Урд, ард хэсэг/
  • Чингисийн өргөн чөлөө /1,2,3,4-р хэсэг/
  • Олимпын гудамж /Баруун, зүүн/ 
  • Сүхбаатарын талбай /Ойр орчмын 1.2км явган зам/ 

Их тойруугийн гудамжийн явган хүний зам талбайн тохижилтод нийт 11.8 тэрбумтөгрөг төлөвлөсөн байна. Үүний 5.9 тэрбум нь энэ онд санхүүжих дүн юм байна. Тодруулбал Их тойруугийн гудамжийн урд хэсэгт 2 тэрбум 793.9 сая төгрөг, хойд хэсэгт 3 тэрбум 107.9 сая төгрөгийг энэ онд зарцуулах юм байна. 

Бага тойруугийн гудамжийн явган хүний зам талбайн тохижилтод 6.933 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн урд, ард хэсэг гэж хоёр хуваагдах бөгөөд нийт төсөвт өртөг буюу 3 тэрбум 466.4 саяыг энэ онд санхүүжүүлэх юм байна. 

Чингисийн өргөн чөлөө 1-4 хэсгийн явган хүний зам талбайн тохижилтийг 10.8 тэрбумаар хийнэТус явган хүний зам талбайн тохижилтийг дөрвөн хэсэгт хувааж дөрвөн тендер зарласан. Тус бүр 2.3-3.4 тэрбумын хооронд төсөвт өртөгтэй байна. Харин энэ онд нийтдээ 3.2 тэрбумын санхүүжилт авах юм байна. 

Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийн явган хүний зам талбайн тохижилтийг 5.6 тэрбумаар хийнэНийт төсөвт өртөг нь 5.6 тэрбум. Энэ онд санхүүжих төсөвт өртөг нь 2.7 тэрбум. Баруун, зүүн гэж хоёр тендер зарласан.

Сүхбаатарын талбай орчмын явган замын тохижилтыг тэрбум 166 саяар хийнэ

Үүнийг нэг талаас явган хүний замыг халтирдаггүй болгох гэж байна гэж харж болох ч бүрэн бүтэн байгаа явган хүний замуудыг өндөр төсөв гаргаж шинэчлэх нь ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй. Зөвхөн таван байршилд л 38.7 тэрбум төгрөгийг явган хүний замыг шинэчлэхэд зарцуулна. Мөн тухайн таван байршил бол хотын төвийн явган хүний зам бүхий хэсгүүд юм. 

Утаа, түгжрэл, эрчим хүчний дутагдал, харанхуй гудамжууд, төрийн үйлчилгээ авч чаддаггүй байдал гээд үй олон асуудал Нийслэл Улаанбаатар хотод тулгарч байгаа. Харин нийслэлийн удирдлагууд маань явган хүний замгүй, гэрэлтүүлэггүй гэр хорооллын орчныг сайжруулах бус хэвийн байгаа хотын төвийн явган хүний замыг дахин шинэчлэхэд ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөж, зарцуулах гэж байгаа нь "мөнгө угааж" байна уу гэх хардлага төрүүлж буй.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна