Сурвалжилга: Их хотын завгүй амьдралын хэмнэлийг даган хөгжсөн явуулын зоогийн газрын/street food/ соёл

М.Мөнгөнсувд
2 цаг 25 минутын өмнө

Шинийг эрэлхийлж, төсөөллөө бодит руу хөтөлж буй залуус хотын өнгө төрхийн салшгүй нэгэн хэсэг болоод хэдэн жилийг элээжээ. Хотын хөгжил зөвхөн цэвэр, цэмцгэр гудамж талбай, өндөрт сүндэрлэсэн барилга бус явуулын зоогийн газар, бусад жижиг дунд бизнесээ даган хөгждөг нь дэлхий дахины жишиг юм.

Гэсэн ч хот даяар тависан ТҮЦ, жижиг зоогийн газрууд зарим иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж, “бохир, эрүүл ахуйн стандартыг бүрэн хангаагүй” гэх шүүмжлэлийг дагуулж байсан юм.  

ТҮЦ-үүдийг нүүлгэх үед street food-ийн машинуудыг ч хамт ачиж байсан нь жижиг бизнес эрхлэгчдийн ихээхэн сандаргаад амжсан. Ерөнхий сайд Н.Учрал "Чөлөөлье" аяныг өрнүүлж, бараа үйлчилгээ явуулахдаа элдэв зөвшөөрөл авах шаардлагагүй гэх мэдээллийг өгсөн. 

Улмаар урин дулаан цаг болж их хотын завгүй амьдралд зохицох гудамжны хоолны машинууд хаа сайгүй дэлгэрсэн. 

Энэ талаар сурвалжлахаар бид нэгэн явуулын хоолны машиныг онцлон ярилцлаа.

Тус газар нь гэгээлэг өнгө төрх, чамин хийцээрээ сонирхол төрүүлсэн бөгөөд үүдэнд нь голцуу залуус цугласан байх аж. Тэд нямбайлан зассан шүхэртэй ширээний доор борооноос нуугдах зуураа тавтай нь аргагүй зооглоно. Дөхөөд очтол эгч дүүс уриалгахнаар хүлээн авлаа.

Захиалга авсан даруйд хоолыг шинээр бэлтгэдэг тул хүмүүс хэдхэн минут хүлээх нь хэвийн үзэгдэл аж.

Taco Truck-ийн үүсгэн байгуулагч Номунгэрэл хүний их эмч мэргэжилтэй, 25 настай. Тэрээр 2022 онд ээжтэйгээ хамт энэхүү явуулын хоолны бизнесээ эхлүүлж, өдгөө тав дахь зунаа үдэж байна.

Анх гэр бүлийнхэн нь шарсан тахиа худалдаалах бодолтой байсан ч эцэст нь тако хийхээр шийджээ. “Намайг хүмүүс их гоё хоол хийдэг гэж хэлдэг юм. Энэ бас их урам өгсөн. Тэгээд хоолнуудынхаа жорыг гаргаж бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийсээр байгаад өнөөдрийн хоолнууд маань гарч байгаа.” хэмээв.

Бизнесээ эхлүүлэх санааг өөр бусдаас аваагүй, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийдсэн гэдгээ Номунгэрэл ярив. Түүний хэлснээр тухайн үед Сумъяабазар хотын дарга болсон ба явуулын хоолны үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага харьцангуй хөнгөрсөн нь бизнесээ эхлүүлэх боломжтой болсон байна.

Энэ бол түүний гэр бүлийн бизнес бөгөөд ээж, нагац эгч болон Номунгэрэл өөрөө өдөр бүр хамтран ажилладаг бол 83 настай өвөө нь хүртэл өглөө бүр ирж тусалдаг.

Гаднаас нь харахад өдөрт 12-8цаг буюу найман цаг ажилладаг мэт боловч бодит байдал дээр бэлтгэл ажил, боловсруулалт, цэвэрлэгээ зэрэгтэйгээ нийлээд бараг бүтэн өдөржин хөдөлмөрлөдөг бөгөөд банш, начо зэрэг гараар бэлтгэдэг бүтээгдэхүүний хугацааг тооцвол "бүтэн долоо хоног 24 цаг ажиллаж байгаа мэт санагддаг" хэмээн тэр инээмсэглэн ярив.  

Өдөрт дунджаар 70-80 үйлчлүүлэгч хүлээн авдаг бөгөөд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь нэрийн хуудас болсон тако. Гэсэн ч бусад хоол нь ч өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болсон байна.

Захиалгаа хүлээж байсан үйлчлүүлэгч Н/нэр дурдахыг зөвшөөрөөгүй болно/ ярилцахад “Эндэхийн хоолны амт бараг өөрчлөгддөггүй. Бас үнэхээр амттай болохоор найзуудтайгаа энэ хавиар явахдаа заавал хүрч ирдэг” гэв.

Гэвч өсөн нэмэгдэж буй үйлчлүүлэгчдийн тоо амжилтыг илтгэх ч жижиг бизнес эрхлэх зам үргэлж дардан байдаггүй.

-Бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлүүдийнхээ талаар яриач?

“Төрийн, засаг захиргааны хүнд суртал. Маш олон газраар явж, гуйж, олон талын зөвшөөрөл авах шаардлагатай болдог.”

-Орлого, зарлага нь тогтвортой байдаг уу?. Амьдралд нь хүрдэг үү?

“Харьцангуй тогтвортой ч гэлээ хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг шиг зүйл болдог. Одоогоор ганцхан чиргүүлээ ажиллуулж байна гэж бодохгүйгээр суурин болоод, бүтвэл чиргүүлээ олон салбартай болгохыг маш их хүсэж, бодож байгаа. Тийм учраас өнөө маргаашдаа зарим зүйлээр дутсан ч гэсэн урт хугацааны бизнес гэж харж байгаа.”

-Энэ бизнесээ өргөжүүлэхэд юу шаардлагатай гэж бодож байгаа вэ?

“Боловсрол, зохион байгуулалт, төрийн дэмжлэг туслалцаа гэх мэт. Одоогоор манай улс орон хувийн бизнес эрхлэгчдээ дэмжихгүй байгаа шүү дээ. Тийм учраас мөрөөдсөн шигээ бодитой ажил хийхэд саад тулгарч магадгүй. Гэхдээ болохоос болохгүй хүртэл нь л явна гэж боддог.”

Мөн тэрбээр татварын асуудлыг нуулгүй хөндсөн бөгөөд ажилчдын цалингийн татвар, НӨАТ дээр нэмээд хоолны бизнес эрхлэхэд инфляци маш их саад болдог талаар ярилаа. Жижиг бараа бүтээгдэхүүний үнэ өслөө ч манай менью байнга өөрчлөгдөөд байж болохгүй учраас ашиг огцом буурах тохиолдлууд гардаг гэнэ.

Ирээдүйд бизнес эхлүүлэхээр зорьж буй залууст хандан Номунгэрэл "Хямд аваад өндөр үнээр зарахыг биш, өөрийн гэсэн онцлог бүтээгдэхүүн, амтыг бий болгоход анхаараарай. Чанараа сайжруулж, томоор мөрөөдөж, зоригтой эхлээрэй" гэсэн зөвлөгөөг өгсөн юм.

Яриагаа дуусгаад тэр ажилдаа эргэн орсон бөгөөд биднийг хэдэн хором саатах зуурт үйлчлүүлэгчийн дараалал нэмэгдсэн байв. Хэн нэгний нүүр харалгүй хүсэл зорилгодоо хөтлөгдсөн олон залуус нар мандахаас жаргах хүртэл хөдөлмөрлөж байгаа нь талархалтай ч тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй дарамтууд багасаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн юм. Иргэн баян бол улс баян. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна