Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна. Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд бий.
Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байна. Бидний авран хамгаалж, цуглуулсан энэхүү өв соёлын олдворууд нь Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийн гэрч болон эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна