Дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин юм. Энэ нь гар утас, комьпютер, зурагт гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүсийг хэлдэг. Та өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэнд донтох эрсдэлд орж байна гэсэн үг юм.
Донтолт нь тухайн хүний сэтгэцийн онцлог, нийгмийн бусад хүчин зүйлс, донтуулах хэлбэрээс хамааран нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн аймшигт өвчин юм.
Тэгвэл гар утас, компьютер тоглоомонд бага насны хүүхдүүд донтож байгаа тухай өмнө нь бид олонтаа сонсож байсан байх. Дэлгэцийн донтолт, донтох эмгэгийн талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, сэтгэцийн эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.
-Дэлгэц хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Дэлхий нийтийн эмч мэргэжилтнүүд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон түүнтэй адил төстэй бусад төхөөрөмжөөс хол байлгахыг уриалдаг.
“ДЭЛГЭЦИЙН ДОН СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭХЛЭЛ БОЛДОГ”
-Хөл хорио тогтоож, хичээл сургууль амарснаас хойш Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэр олон хүүхэд хандсан бэ?
-Хөл хорио тогтоосноос өмнө болон дараагийн байдлыг харьцуулж үзэхэд хүүхдүүд чөлөөт цагаа дэлгэцийн ард өнгөрөөж байгаа нь ажиглагдсан. Тиймдээ ч эцэг эхчүүд хүүхдээ байнга утас тоглоод байна гэх асуудлаар зөвлөгөө авах нь ихэссэн.
-Хэдээс хэд орчим насны хүүхдүүд илүүтэй хандаж байна вэ?
-Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн сургуулийн бага ангийнхан болон цэцэрлэгийн насны хүүхдүүд сүүлийн үед түгээмэл ханддаг болчхоод байна. Өмнө нь бол харьцангуй өсвөр насны хүүхдүүд илүү ханддаг байсан. Өсвөр насны хүүхдүүдийн аав ээж нь хүүхэд маань олон хоногоор гадуур яваад байна. Нийгмийн харилцаанд орох дургүй болчхоод байна хэмээн ханддаг байсан. Одоо бага насны хүүхдүүд бүгд гэртээ байгаа учраас дэлгэцийн хэрэглээн дээр эцэг эхийн зүгээс хяналт тавихад хэцүү болсон байгаа.
-Бага насны хүүхэд өдөрт хэдэн цагийг дэлгэцийн урд өнгөрүүлэх нь зохистой вэ?
-Хоёр хүртэлх насны хүүхэд ямар нэгэн байдлаар дэлгэцийн хэрэглээнд бүү оролцуул гэдэг зөвлөмж гарсан. Тэгтэл бага насны хүүхдэдээ бид сатааруулж юм уу уйлахыг нь болиулахын тулд гар утас, компьютер үзүүлээд байдаг шүү дээ. Энэ нь маш буруу дадал. Харин хоёр болон тав хүртэлх насны хүүхдэд нэг цаг хүртэлх хугацаанд гар утас, таблетыг үзүүлэх нь зөв. 6-12 насны хүүхдэд хоёр хүртэлх цагийг зөвшөөрдөг. 13-аас дээш насны хүүхдэд гурван цагаас дээш хэтрүүлж болохгүй гэж заасан. Заасан хугацааг нарийн баримталснаар сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийг нь хамгаалах бүрэн боломжтой.
-Бага насны хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс өөрсдийгөө дэлгэцэд донтсоноо анзаардаггүй бололтой. Хүний бие болон сэтгэл санаанд ямар шинж тэмдэг илэрч эхэлдэг вэ?
-Тийм. Насанд хүрэгчдийн хувьд ажлаа хойш тавиад л хэтрүүлэн хэрэглээд эхэлбэл бие махбодийн хувьд ядрах сульдах, нойр хямрах, нүд чилэх, гар хөл чилж ядарч, шинж тэмдэг илэрнэ. Ийм байдалд ороод ирэхээр сэтгэл санаа, зан үйлийн хувьд өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Сэтгэл санааны хувьд гутрамтгай болох, аливаа зүйлийг сөргөөр хардаг, сөргөөр боддог болох, юм бүхний болохгүй бүтэхгүй зүйлийг нь илүү их харж түүнийг хүлээн авч мэдрээд байдаг. Мөн уур бухимдлаа барьж чадахаа больдог. Маш их цочир ууртай болно. Ялихгүй асуудлыг хүндээр хүлээж аваад түүнийг даван туулах, шийдвэр гаргах чадвар нь дэлгэцийн донтолттой хүн дээр алдагдаж эхэлдэг.
“ХҮҮХДҮҮДЭД “ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ” ОГЦОМ УУРТАЙ БОЛОХ ШИНЖ ТЭМДГЭЭР ИЛЭРЧ БАЙНА”
–Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хэр ойлгож, дэмжиж байгаа санагддаг вэ?
-Зарим эцэг эхчүүд ямарваа зүйлд сүр бадруулах гээд байдаг хандлагатай. Цоо эрүүл хүүхдээ дагуулж ирээд сэтгэцийн эмгэгтэй мэтээр ойлгуулах гээд байдаг үе нилээдгүй байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарах анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй.
-Гэртээ хүүхэдтэйгээ удаан хамт байгаад эхлэхээр хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа илүү төвөгтэй болж байгаа юм шиг санагдлаа
-Тийм. Том жижиг гэлтгүй хүүхэдтэйгээ яг л найз шиг нь харилцаж, хайртай гэдгээ хэлж, байнга тэвэрч байх нь чухал. Мөн өөртөө мэдрэгдэж буй мэдрэмжээ ч мөн хүүхдэдээ хэлж, хуваалцаж байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдээ эмээ өвөөгөөр нь өсгүүлсэн эцэг эхчүүд эргээд хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй. Аль болох хүүхдээ өөртэйгөө хамт өсгөж, ойр байлгах нь зөв. Санаа бодлыг тулгахгүй, шүүмжлэхгүйгээр ярилцаж чаддаг бол хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй гэх зүйл байхгүй. Уг нь их амархан харилцаа юм.
-Бага насны хүүхдийн утасны тоглоом тоглох, зурагт үзэх хэрэглээг нь яаж зохицуулах вэ?
-Бага насны хүүхдийн ядаргаа нь булчин татваганах эмгэгээр ихэвчлэн илэрдэг. Байн байн нүдээ анивчих, хамар амаа мурилзуулах, мөрөө хавчих, үе үе янз бүрийн дуу гаргаж гууглах зэргээр илэрдэг. Мөн шээс задгайрах буюу орондоо шээх, цөөн тохиолдолд өтгөн задгайрах, хумсаа мэрэх, зөрүүдлэх, хөлрөх, үсээ зулгаах, биеийн эсэргүүцэл суларч, өвчлөмтгий болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Ер нь бол таван наснаас доош хүүхдүүдэд гар утас, таблет зэрэг цахим хэрэгслийг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Энэ үед хүүхдийн хийсвэр сэтгэхүй хөгжөөгүй байдаг учраас өөрийн дурыг хязгаарлах чадвар муу байдаг. Тиймээс эцэг, эхчүүдийг анхаараач гээд байгаа юм. Хүүхдийнхээ хажууд цахим хэрэгслийг хэмжээ, хязгаартай хэрэглэж зөв үлгэр дууриал үзүүлэх, хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөх, дотно харилцаа үүсгэж, тоглож наадах нь чухал байна.
-Цахим ертөнцөд хэт донтох нь тухайн хүүхдийн бие болоод сэтгэл зүйд ямар хор уршиг учруулдаг вэ?
-Хэтрүүлэн хэрэглэснээс болж бие махбод болон сэтгэцэд өөрчлөлт орж эхэлнэ. Бага насны хүүхдэд нэг шинж тэмдэг давамгайлсан сэтгэцийн өөрчлөлт гарч эхэлдэг. Тухайлбал цэцэрлэгийн насны хүүхдүүд нүдээ анивчих, хоолойгоо ойр ойрхон засах, гудчиж дуугарах, нүүрээ хавчих, булчин татганах эмгэгээр илэрч болно. Мөн нойрондоо муудах, орондоо шээх эмгэгтэй болж болно. Үзэж харж буй контентын агуулга нь хүчирхийлэл агуулсан бол хүүхэд айдастай болох, хар дарах, зүүдэндээ явах, ярих гэх мэтээр хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт ордог. Тиймээс бага насны хүүхдэд түлхүү гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сургуулийн болон өсвөр насны хүүхдүүдэд үүнээс өөр шинж тэмдэг илэрнэ.
“ХЭВИЙН СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХҮН ДОНТОХГҮЙГЭЭР ХЭРЭГЛЭЭГЭЭ ТОХИРУУЛЖ ЧАДДАГ”
-Хэрвээ телевиз ч юм уу гар утсаа 2-3 цаг өөрт хэрэгтэй зүйлд зарцууллаа гэж бодоход энэ нь донтолт болох уу?
-Тийм. Донтолтын эхний шат нь хэтрүүлэн хэрэглэлт юм. Насанд хүрэгчид кинонд их цаг зарцуулах тохиолдол байна. Эсвэл Youtube-ээс видео үздэг. Сонирхлыг нь татах агуулгаасаа шалтгаална. Эсвэл зүгээр сошиал ертөнц байж болно. Фэйсбүүк, твиттэртээ донтож болно. Яагаад гэвэл тэр нь өөрсдийнх нь асуудалтай илүү ойр дотно, сонирхлыг нь татаж байгаа юм. Хүн яг тэр орчиндоо илүү их үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийнхөөрөө байж чадаж байна гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар стресстэй, сэтгэцийн асуудалтай хүмүүс дэлгэцэд илүү донтдог. Сэтгэл зүйн ямар ч асуудалгүй байгаа юм уу, хэвийн сэтгэл зүйтэй хүн бол аливаа зүйлд донтохгүй хэрэглээгээ хэтрүүлэхгүйгээр тохируулж чаддаг. Шийдвэр гаргах чадвар сайн байдаг болохоор донтдоггүй гэж хэлж болно.
-Донтолтын эхний шат хэтрүүлэн хэрэглэлт гэж та хэллээ шүү дээ. Хэрвээ өөрийгөө хэтрүүлэн хэрэглээд байгаагаа мэдчихвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Хамгийн түрүүнд хувь өөрөө хэрэглээндээ хяналт тавьж сурах хэрэгтэй. Би яг үр бүтээлтэйгээр ашиглаж чадаж байна уу, үр дүн нь хэр байна вэ гэдгээ тунгаах хэрэгтэй. Өдөртөө хоёр цагийг зөвхөн утас ширтээд, фэйсбүүкт ороод ашиглачихжээ. Ямар ч ашиггүй зүгээр л фэйсбүүк ухсан юм байна гэж бодож байгаа бол таны хэрэглээ зорилгогүй байна, цагийг чинь дэмий үрсэн байна, ямар ч үр дүн гаргаагүй байна гэдгийг бодоод тэрнийхээ үндсэн дээр хэрэглээгээ танаж, хянах ёстой. Өдөртөө ердөө гучхан минутийг л мэдээ мэдээллээ шалгахдаа зарцуулъя гээд өөрөө өөртөө хяналт тавьж эхэлнэ. Өөрөө өөрийнхөө эзэн нь болж эхэл. Тэгж байж бид нар сошиал гэх амьгүй зүйлд донтохгүй. Хяналтаа л алдаад эхэлбэл донтож байгаагийн нэг хэлбэр юм.
-“Дэлгэцийн дон”-г эмчүүлээд эдгэх үү, эдгэсэн тохиолдлоос дахин СЭМҮТ-д хандаж байсан удаа бий юу?
-Мэдээж байлгүй яахав. Эргэх холбоогоор эмчилгээгээ аваад явдаг. Нас нь бага, хэрэглээ нь бага байх тусмаа эдгэрнэ. Нэг сэтгэл заслын эмчилгээ 5-6 сар үргэлжилдэг. Тэгэхээр эмнэлгээс гадуур тогтвортой эмчилгээг хийлгэдэг эцэг, эх ховор байдаг. 10-14 хоног хэвтүүлээд зүгээр болчих юм шиг санадаг. Гэтэл гэр бүлийн сэтгэл засал чухал үүрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна