Сүүлийн өдрүүдэд хүхэрлэг хий хоёр дахин нэмэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж, иргэдийн дургүйцэл, шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар "Таван толгой түлш" компанийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек хэвлэлд ярилцлага өгснийг сийрүүлэн та бүхэнд хүргэж байна.
Утаа буурсан нь сайшаалтай ч хүхэрлэг хий хоёр дахин өссөн гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа. Хүхэрлэг хий өссөнөөр ямар үр нөлөөг үзүүлэх вэ ?
Бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлш нь Монгол Улсын стандартыг хангаж байгаа. Хүхэр дан ганц Таван толгой түлшнээс хамааралтай гэсэн асуудал өрөөсгөл ойлголт юм. "Жайка" Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хүхэрлэг хийн ялгарлын судалгааг хийсэн байдаг. Судалгаагаар хүхэрлэг хийн 70 орчим хувь нь цахилгаан станцын түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй. 22-23 хувь нь авто тээврийн хэрэгсэл болон халаалтын зуухнуудаас, 7-8 хувь нь айл өрхийн түлш буюу бидний үйлдвэрлэж байгаа түлшнээс хамааралтай.
Судалгаанаас харахад хүхэрлэг хий тогтмол өсөж байгаа. Үндсэн шалтгаан нь мэдээж хэрэг түүхий нүүрсний хэрэглээ жилээс жилд өсөж байгаатай холбоотой. 2017 онд 4,5 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол 2019 онд 5 сая тонн давсан байгаа. Одоо ойролцоогоор 6 сая дөхөж байгаа. Түлшинд хэдий хэмжээний хүхэр агуулагдана төдий хэмжээгээр агаарт шаталтаар ялгардаг. Түүнээс гадна авто тээврийн хэрэгслээс ялгарах хүхэрлэг хий ихээхэн нөлөөтэй. Жилээс жилд тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод нэмэгдэж байгаа. Тээврийн хэрэгсэлд манай улс евро 2,3 ангиллын шатахуун хэрэглэдэг.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2019 он гэхэд шатахууны 50 хувь евро 5 ангиллын шатахуунд шилжих ёстой. Харамсалтай нь манайд хараахан биелээгүй байна. Өмнө онтой харьцуулахад энэ онд айл өрхийн хэрэглэх түлшний хэрэглээ нэмэгдсэн. Ноднин нэг сарын үед нийт 85 мянга орчим тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байсан бол энэ жил нэг сард 100 мянган тонн давсан байна. Түлшний хэрэглээ нэмэгдэх тусам хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдэнэ.
Засгийн газрын 62 дугаар тогтоолд үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа тоосонцрыг бууруулах зорилготой төлөвлөгөө байсан. Уг тогтоол хэрэгжсэнээр 2019 онтой харьцуулахад 2020 он гэхэд тоосонцор 50 орчим хувь буурсан. Харин хүхэрлэг хий хүний нүдэнд харагддаггүй.
Агаарын чанарын индексээр азотын хий, хүхрийн хийн үзүүлэлтүүд бий. Манайх олон улсын жишигтэй харьцуулахад агаарын чанарын индекс ямар хэмжээнд байна вэ ?
2018 оноос хойш Агаарын чанарын индексийн мэдээг иргэдэд мэдээлдэг болсон. АНУ-ын үндсэн аргачлалаар олон улс агаарын чанарын индексээ тохируулдаг байгаа. Агаарын чанарын индекс үндсэн зургаан хэсэгт хуваагддаг. Хүхэрлэг хий хэр хэмжээнд байхын бол хэвийн гэж тооцох вэ гэхээр БНХАУ-д 24 цагийн дундаж нь 150 микрограмм м3 байхад хэвийн гэж үздэг. АНУ-д 377 микрограмм м3 хэвийн гэж үздэг. Манайд 300 микрограмм м3 нэг цагийн дундаж байхад хэвийн гэж үзнэ.
Стандарт, агаарын чанарын индекс гэдэг хоёр өөр ойлголт. Олон улсад агаарын чанарын стандартыг үндсэндээ гурав ангилдаг. Тухайн орны хөгжлөөс хамааран тогтоодог.
Авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа хүхэрлэг хийг бууруулахын тулд шатахуун евро 5-д шилжих ёстой. Бидний хэрэглэж байгаа евро 2,3 ангиллынх евро 5-тай харьцуулахад 50 дахин илүү хүхэр ялгаруулдаг. Уг шатахууныг нэвтрүүлбэл мэдээж хэрэг автомашины хүхэр буурна. Станцын хувьд тоосонцрыг шүүх "Электростатик фильтр"-тэй байдаг. Харин манай станцуудад тийм үхэрлэг хийн ялгарлыг бууруулдаг тоног төхөөрөмж байхгүй. Цаашдаа эрчим хүчний хэрэглээ тасралтгүй 5 хувиар нэмэгдэнэ гэж үзвэл, станцаас үүдэлтэй хүхэрлэг хийн хэмжээг барихад маш хүнд, бараг л боломжгүй болох юм.
Манай “Таван толгой” түлш компани MNS5679:2019 гэдэг стандартыг барьж байгаа. Хүхэрлэг хий нэг хувиас бага байх ёстой, үүнийгээ л барьж ажиллаж байгаа. Иргэдээс гаргасан гомдлыг үнэлээд тоосонцрын тал дээр сайжруулсан байгаа. Дараагийн алхам хүхэрлэг хийг бууруулах талаар арга хэмжээ авч байна. Мэдээж хэрэг түлшний 96 хувь эрчим хүчний баяжуулсан нүүрс. Уг нүүрсэнд 0,8-0,96 байгаа хүхэрлэг хийг 0,5-0,7 хүртэл бууруулахаар ажиллаж байна.
Түлшийг дулааны аргаар боловсруулаад, шатах органик хүхэрлэг хийг бууруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Үүнээс гадна шохой, шохойн чулууг ашиглан бууруулах туршилтыг хийсэн байгаа. Зарим тохиолдолд буурахгүй, ажиллахгүй байна. Эцсийн технологийг нарийвчлан тогтсоны дараа үүнийг нэвтрүүлж эхэлнэ. Гэхдээ ямар ч байсан ирэх жилээс 2021 оны өвөл гэхэд түлшнээс үүдэлтэй хүхэрлэг хийг 20-50 орчим хувиар бууруулахаар төслөө боловсруулаад явж байна.
-Хүхэрлэг хий нүдэнд үл үзэгддэг. Энэ маань өсөж байна гээд олон нийт шүүмжлээд байгаа. Хүхрийн хийний хүний биед үзүүлэх хорт нөлөөлөл ямар байдаг вэ ?
АНУ-ын 24 цагийн дундаж нь 370 микрограмм м3 энэ нь манайд байдаг стандартаас даруй 7,8 дахин өндөр байдаг. энэ нь хүний биед хэвийн. Харин 24 цагийн дундаж нь 377-590 хүртэл микрограмм м3 байхад хэт мэдрэг хүмүүст загатнах, амьсгалын замын өвчлөлийн нөлөөг үзүүлдэг. Одоогийн байдлаар агаарын чанарын индексийн дундаж үзүүлэлтийг харвал хараахан дээр дурдсан үзүүлэлтэд хүрээгүй байна.
Агаарын чанарын индекс 12 сарын дундаж мэдээгээр 2019 онд 106 байсан бол 2020 оны 12 дугаар сард 211 болсон нь даруй хоёр дахин нэмэгдсэн байна. Агаарын чанарыг стандарттай харьцуулж ярьдаггүй. Агаарын чанарын мэдээг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа индексээр илэрхийлээд мэдээлдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.71.150
Сайжруулсан түлшний үйлдвэрийг хэвлэлээр гаргаж харууллаа. УБ т хавар их шуурга, салхитай хот. ЭНЭ үйлдвэрийн хашаандах их нунтаг хотын иргэдэд хор болж байна. АРИЛГАХ арга байна уу?
Хариулах