Өр, сэтгэцийн эмгэг: Нэг зоосны хоёр тал

Х.Батсайхан
2023/05/08

-Монголд хэдэн арван мянган хүн амиа хорлох эрсдэлтэй байна-

Өр шир, сэтгэцийн эрүүл мэнд хоёр бол ерөөс ангид байх аргагүй нэг зоосны хоёр тал ажээ. Аливаа улсад “Төр байваас татвар буй, татвар буй дор төр оршмой” гэдэг шиг өр зээл хэдий их байна, сэтгэцийн эрүүл мэнд тал дээр тэр чинээгээрээ эмзэг, эрсдэлтэй байх зүй тогтолтой аж. Тиймээс энэ талаар мэдлэгтэй улсуудад иргэдээ хамгаалах бүтэц хүртэл бий болж хөгжсөн байна. Манайд энэ бүтэц одоогоор алга. 

МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД СУЛ БАЙГАА НЬ ӨР ЗЭЭЛТЭЙ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ХОЛБООТОЙ

Өр нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэдэгээс гадна,  сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь өр тавихад хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, өр, сэтгэцийн эрүүл мэнд хоёр нь бие, биенийхээ шалтгаан болдгийг шинжлэх ухаанч судалгаагаар нэгэнт тогтоожээ.

Гурван жилийн өмнө ДЭМБ, СЭМҮТ “Монголд гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай” гэсэн судалгаа гаргаж, хэвлэлүүд “Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна” гэлцэн шуугиж байж билээ. Энэ судалгаа худлаа байсан гэж бодохгүй байна. Тиймээс бид иргэдээ эрсдлээс хамгаалахын тулд юуны түрүүнд “Монголд үнэхээр сэтгэцийн асуудал хавтгай байгаа юм байна шүү. Үүсгэж байгаа олон шалтгааны нэг нь өр, зээл юм байна” гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь эрсдлээс сэргийлэх, нэгэнт эрсдэлд орсон хүмүүсээ хамгаалах асуудал яригдах учиртай. Монголд өнөөдөр нэг талд гэр бүл салалт, ажилгүйдэл, ядууралд өртсөн, өрөнд хэзээ ч ороход бэлэн хэсэг бүлэг, нөгөө талд нэгэнт өрөнд орсон хэсэг бүлэг сэтгэцийн эмгэгээр шаналж байна. Нийтээрээ өр зээлтэй, орлого бага, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хувь маш өндөртэй манай улсын хувьд энэ бол анхаарах ёстой асуудал мөн.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД, ӨР ХОЁРЫН ХАРИЛЦАН ХАМААРАЛ

Иргэдийн өрөнд орох шалтгаан олон янз. Тэр шалтгаануудаас материаллаг шалтгааных нь талаар энд ярихгүй. Гагцхүү сэтгэлзүйтэй холбоотой асуудалд ач холбогдол өгч, хоёр бодит жишээн дээр төвлөрье.

Иргэн А

Нэг удаа Зөрчлийн хуулиар өндөр торгууль төлсний дараа санхүүд маань асуудал тулгарч эхэлсэн. Торгуулиа төлөхийн тулд нэг газраас зээл авсан бөгөөд санхүүгийн түүх муу байсан тул өндөр хүүтэй газраас зээлсэн. Дараа нь эргэн төлөлт хийх үү, байр ус, цахилгааны мөнгөө төлөх үү гэсэн сонголт байнга тулгарах болсон. Тэгээд би нэг удаа маш ихээр бухимдаж, тогны мөнгөө ч, эргэн төлөлтөө ч хийгээгүй... Дараа нь банк, ОСНААК-аас дарамт ирж эхэлсэн. Шүүхийн шийдвэрт хандсан байсан.

Өр ширэнд баригдах үндсэн шалтгаануудын нэг болох “Төлбөрийг үл тоомсорлох явдал” энэ жишээн дээр гарч ирж байна. Өр төлбөрөөс үүдэлтэй сэтгэцийн асуудалд орсон хүний санхүүгийн шийдвэр гаргах чадвар буурч, тулгамддаг. Улмаар яарч, хамгийн буруу сонголт хийх магадлал өндөрсдөг байна. Буруу шийд гаргаснаа мэдсэн хүн мөнгө төлбөрийн асуудлаар хүнтэй харилцахад хэцүү болж, даамжрахаараа бичиг цаас, төлбөр тооцоог үл тоомсорлох явдал гаргаж, улам хүнд байдалд ордог байна.

Иргэн В

“Ажлын ачаалал их, цалин бага болохоор би төлбөрөө төлөхөө мартаж, байнга нэхүүлдэг байсан. Үүнээсээ болж стрессддэг ч том зээл тавьж байгаагүй. Гэтэл нэг удаа зээлээр сүүлийн үеийн гар утас авч, удалгүй гээснээс хойш  өр зээлнээс салахаа больсон доо. Сүүлдээ “Сүүлийн үеийн чанартай бүтээгдэхүүнийг зээлээр ч болтугай авч хэрэглэх ёстой. Хүн өөрөөсөө мөнгөө харамлах нь тэнэг хэрэг” гэж боддог болсон. Сүүлд дахиж зээл авсан. “Төр зээлтэй хүмүүсийнхээ өрийг тэглэнэ” гэсэн яриа бас нөлөөлсөн”

 Энд харин нийгмийн сэтгэлзүйн сул байдал өрөнд өрөх шалтгаан болдгийг баталсан жишээ байна. Өрөнд донтох буюу нэг төрлийн маниак хам шинж ч харагдана. Санхүүгээ удирдах нь хүнээс ажил хийхтэй адил ухамсартай үйлдэл, нарийн ухаан шаарддаг. Гаднын таагүй нөлөөлөөс болж энэ чадвар алдагдахад зарцуулалт эмх замбараагүй болж, өрөнд орох үүд нээгддэг. Харин нэгэнт өрөнд орсон, энэ нь байнгын шинжтэй болсон бол яваандаа өрөнд донтдог байна. Нийт өртэй хүмүүсийн тодорхой хэсэг нь ямар ч хэрэгцээгүй эд зүйл авахын тулд зээл авагсад буюу өрөнд донтогсод байдаг нь нотлогдсон зүйл.  

ЭРСДЛЭЭС ХАМГААЛАХ АРГУУД

Өрийн удирдлагын үйлчилгээ: Нэг сард таван газарт 100, 100 мянган төгрөгийн эргэн төлөлт хийдэг хүн нэг газарт 500 000 төгрөгийн эргэн төлөлт хийдэг хүнээс илүү сэтгэлзүйн дарамт мэдэрдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс гадны өндөр хөгжсөн улсуудад өрийн зөвлөх үйлчилгээ буюу иргэдэд зээл авах эсэхээ шийдэхэд нь зөвлөдөг, нэгэнт үүссэн өр төлбөрийг зохих газарт нь үйлчлүүлэгчийнхээ өмнөөс шилжүүлж өгдөг үйлчилгээ өргөнөөр нэвтэрсэн байдаг байна. Та хэдэн газарт ч эргэн төлөлт хийдэг бай хамаагүй, нийлбэр дүнгээ л өрийн зөвлөх рүүгээ шилжүүлж, зөвлөх тань цааш нь төлбөл зохих газруудад таны өмнөөс шилжүүлнэ гэсэн үг. Мөн орлого хүрэлцээгүй тохиолдолд зээлийг чухал, чухал бишээр нь эрэмбэлж төлснөөр үйлчлүүлэгчдээ ирэх эрсдлийг боломжит хамгийн бага хэмжээнд хүртэл багасгадаг байна.

Иргэд ч үйлчилгээ авах сонирхол өндөр байдаг. Энэ нь өр шир, санхүүгийн асуудал нь хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг, хүмүүс ч өөрсдөө мэдрээд өөрсдөө аль болох өртөхгүйг хичээдгийг баталж байгаа юм.

Манайд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд байдаг ч ихэвчлэн байгууллагуудтай харилцдаг. Зээл олгодог зарим байгууллага аппликейшндээ хэрэглэгчийн орлого, зарлагыг харьцуулж, зээлийн зөвлөгөө өгдөг хиймэл оюун ухааныг хөгжүүлж эхэлж байгаа  ч өмнөөс нь шилжүүлгүүдийг нь хийж, эзнээ стресс ядаргаанаас чөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна.

АНГЛИД ДАМПУУРСАН ХҮНД ӨГДӨГ "ЯЛ"-ЫГ МОНГОЛЫН ТӨР ЗЭЭЛЭЭ ХУГАЦАА ХЭТРҮҮЛЖ ХААСАН ИРГЭНДЭЭ ӨГЧ БАЙНА

Өр ба сэтгэцийн эрүүл мэндийн хамаарлын талаар мэдээ баримт цуглуулж байх явцдаа Англи улсын жишгийг судлаад их сонин юм олж мэдэв. Тэндхийн санхүүгийн байгууллагууд  сэтгэцийн эрүүл мэнд нь асуудалд орсон иргэндээ Өрийн удирдлагын агентлагаар дамжуулаад янз бүрийн боломжийг санал болгодог юм байна. Жишээ нь:

Эргэн төлөлт, хүүгийн уян хатан нөхцөл: Анх авсан нөхцлөөр төлөх боломжгүй болсон ч орлогодоо тохируулаад төлөх санал тавьж болно (гэхдээ та яг бодитоор хангаж чадах ганцхан л санал). Энэ тохиолдолд зээлдүүлэгчээс өрийн хүүг царцаахыг хүсэх эрхтэй.

Өрийг зогсоох: Хэрэв танд маш бага орлого байгаа бол мөн нэрлэсэн дүнгээр эргэн төлөлт хийх, эсвэл төлбөрийг түр түдгэлзүүлэх хүсэлт гаргаж болно.

Боломжийн нөхцлөөр "Зээлээ бүрмөсөн хаах": Зээлдүүлэгч зээлийн үлдэгдлээс бага хэмжээний нэг удаагийн буюу шууд төлж барагдуулах саналыг хүлээн авах боломжтой.

Өр тэглэх: Практикт ховор тохиолддог ч зээлдэгч нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарвал өрийг тэглэх боломжтой.

Дампуурал: Их хэмжээний өртэй, ямар ч хөрөнгөгүй бол дампуурах сонголт бий. Дампуурал зарлавал нэг жилийн хугацаанд санхүүгийн ямар ч үйлчилгээ авах эрхгүй болно. Мөн ээлийн агентлагуудад 6 жилийн хугацаанд бүртгэгддэг бөгөөд ирээдүйд санхүүгийн үйлчилгээ авахад хүндрэл учруулж болзошгүй.

Манай улсын санхүүгийн байгууллагуудын тухайд сэтгэцийн асуудалтай болж хөдөлмөрийн чадвараа түр болон бүрмөсөн алдсан үйлчлүүлэгчид зориулсан тусгай журам хэрэгжүүлдэг эсэх нь бүрхэг,  үйлчлүүлэгчийн амь насны болон бусад даатгал, хамтран зээлдэгч зэргээс эрсдлээ хаадаг байна. 

МОНГОЛД ХЭДЭН АРВАН МЯНГАН ХҮН АМИА ХОРЛОХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Өрийн улмаас илэрдэг сэтгэцийн хамгийн хурц илрэл нь амиа хорлох явдал юм. Манай улсад өр зээлээ төлж дийлээгүйн улмаас амиа хорлосон тохиолдол байнга гарах боллоо. Иргэдэд тулгарч буй сэтгэцийн дарамт ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлтэй харьцуулбал банкны салбараас олгосон нийт зээлийн ес орчим хувь буюу 1.8 орчим их наяд төгрөг нь чанаргүй гэсэн тоо байна. Энэ нь нэг талаар нийт зээлдэгчдийн ёс орчим хувь нь өрөөс үүдэлтэй сэтгэлийн дарамтад байсан гэсэн үг мөн. Банкны зээлээс гадна бүр ч илүү дарамттай өдрийн зээл гэгчид жижиглэн худалдаа эрхлэгчид бараг бүгдээрээ дарамтлуулж байгаа талаар холбооны тэргүүн нь ярьж байсан. Өдрийн зээлнээс болж амиа хорлосон тохиолдол нэг бус гарсан. Цаад утгаараа жижиглэн худалдаа эрхлэгчид бүгд амиа хорлох эрсдэлтэй гэсэн үг. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.54
    2023/05/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.70.99
    2023/05/08

    Сэтгэцийн өвчтэй орк монголчууд үхээд цөөр.

    Хариулах
    • 103.57.92.197
      2023/05/08

      Зайлдаа