Өнгөрсөн баасан гарагийн өглөө Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн Филипп 99 насандаа таалал төгссөн болохыг Букингемийн ордноос мэдээлжээ. Түүний гачигдалд хааны угсааны гэр бүлийнхэн болоод Их Британи даяар ихээхэн эмгэнэн гашуудаж байгаагийн зэрэгцээ олон улс орны төр, засгийн тэргүүд харууслаа илэрхийлсээр байна.
Түүнчлэн энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш ард иргэд ордны гадна цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байгаа боловч Их Британийн засгийн газрын зүгээс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хүмүүсийг олноор цугларахгүй байхыг хүсчээ. Харин түүний оронд буяны үйлсэд хандив өргөн оролцохыг уриалсан юм.
Өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал ихээхэн муудаж, сар гаруйн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд байсан билээ. Хунтайж Филиппын дурсгалд зориулж Вестминистер ордны хонхыг түүний насны тоогоор буюу нийт 99 удаа цохисон бөгөөд гэр бүлийн гишүүд болон ойрын хүрээллийн олон зуун хүмүүс эмгэнэлээ илэрхийлэхээр цайзад зочилж буй тухай холбогдох эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тэрбээр Английн хатан хаан II Элизабеттай ханилан нийт 73 жил хамт амьдарсан ажээ. Тухайлбал, түүнийг хаан ширээнд залрахаас 5 жилийн өмнө буюу 1947 онд гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш бүхий л хугацаанд хатан хааны дэргэд байж, улс орныг удирдан чиглүүлэх үйлсэд нь дэмжлэг үзүүлэн, өмөг түшиг болж байсан юм. Тэд нийт 4 хүүхэд, 8 ач зээ, 10 гуч, зээнцэртэй өнөр бүл байсан билээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна