Бид өглөөний 10:00 цагт Нарантуул захыг зорьсон юм. Бүгчим халуун өдөр болох шинжтэй. Өглөө, өдөр, орой гээд ер нь хэзээ ч орсон амьдрал буцалж, хөл хөдөлгөөнд даран байх Нарантуул биднийг шал өөрөөр угтсан юм. Зөрөх ч зайгүй хүнээр дүүрч, энэ тэнд үнэ хаялцан байдаг лангуунууд хүнгүй хоосон байлаа. Аль хэдийн 10:00 цаг болсон ч зарим худалдаачид нь ирээгүй, зарим нь дөнгөж бараа таваараа дэлгэж байсан юм. Нааш цаашаа хэсэг явлаа. Яг л адилхан. Зарим нэг нь эрт ирсэн ч үйлчлүүлэгчгүй учир утсаараа тоглоно, өглөөнийхөө цайг ууна, зарим нь бүр хөзөр тоглож байсан юм. Захын бодит байдал, хэрэглээний барааны өсөлт, худалдан авагчийн чадамжийг сурвалжлахаар очсон бид яахаа мэдэхгүй хэсэг зогслоо. Энэ үед аль хэдийн бараа таваараа дэлгэн, ганц нэг хувцасныхаа ёрдойж гарсан утас зэргийг цэвэрлэн зогсох буурайг хэсэг ажиглалаа. Буурай гэдэг нь харваас манай эмээгээс хөгшин болов уу гэлтэй ахимаг насны эмээ байлаа. Залуу худалдаачид хөзөрдөж эсвэл хийцгүйрэн байхад өнөөх буурай нааш цааш холхин ихэд завгүй байсан учир түүн дээр очсон юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
76 настай Б.Бадамханд: Хоёр ачийнхаа өдрийн хоолыг тасалчихгүй юмсан..
Нарантуул зах дээр комиссын лангуу ажиллуулдаг түүнийг Б.Бадамханд гэдэг, 76 настай. Тэрбээр Нарантуул зах анх нээгдэж эхэлснээс одоог хүртэл тасралтгүй 27,28 жил наймаа хийж байгаа аж.
Уг нь бол наймаа их сайн байсан. Одоо наймаа муу болсон. Сая наадмын амралтаар хүмүүс бүр ховордсон байсныг эс тооцвол одоо мэр сэр яваад л байна. Урдаас болон Солонгосоос ирж байгаа бараануудын үнэ нэмэгдчихсэн. Хоёр зуун мянган төгрөгөөр нэг боодол хувцас авдаг байсан бол одоо гурав, дөрвөн зуу мянган төгрөг болж нэмэгдсэн. Үнээ нэмээд байдаг гэтэл бид нар авч байгаа бараан дээрээ үнэ нэммээр байдаг ч хүмүүс авахгүй.
"Өө энэ чинь тэд л байдаг ш дээ" гээд л. Наймаа бол ерөнхийдөө муухан байна. Зарим үедээ хагарахгүй буух(юу ч зарагдаагүй өдөр) үе ч бий.
Би гэртээ ганцаараа байдаг ч хичээл орохоор хөдөөнөөс хоёр ач маань ирж хамт байдаг. Оюутан хүүхдүүд бий. Айл гэж явж байгаа юм болохоор идэж уух юм гээд бүх л юм хэрэг болно. Би тэтгэвэр гээд 400 гаруй мянган төгрөг авдаг. Гэсэн ч энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. Тэгээд бас эмээ нь энэ хоёр жижигхэн лангууны түрээсэнд сарын 190 гаруй мянган төгрөг өгнө. Энэ хоёр авдарт(бараагаа нөөцөлдөг авдар) бас 90-100 мянган төгрөг төлдөг. Ингээд 300 гаруй мянга нь цэвэр түрээсийн зарлагад гарна. Тэгээд зарсан юмныхаа үлдсэн таван цаасаар нь хоол, ойр зуурын хувцас хэрэглэлдээ зарцуулдаг. Наймаачид чинь өөрсдөө явж бараагаа авдаг байснаа болиод компаниуд нь цаанаасаа явуулж байгаа. Тэд нар нь хүн рүү явуулж байгаа юмаа яг өөрсдийн авдаг шигээ сайныг нь ялгаж өгөхгүй. Тал нь оригнал тал нь муухан ирнэ.
Би өглөө гэрээсээ 05:00-06:00 цагт наашаа гардаг. Дэнжийн мянгаас 2-3 автобус, микро дамжиж хэдэн юмаа үүрээд ирдэг. Орой эндээс 19:00-20:00 гэж гараад харих гэсээр байтал 21:00-22:00 цагт л гэртээ очдог” гэсэн юм.
Түүний насны хөгшчүүл ихэнх нь гэртээ ач зээгээ хараад сууж байдаг. Гэтэл түүний хувьд өглөөний наран мандахаас оройн наран жаргах хүртэл цагтай уралдаж ийнхүү хөдөлмөрлөж байгааг харах сэтгэл бахдам байлаа.
Цааш явж барааны үнийг сонирхсоны дараа худалдагчаас зарим зүйлийг тодруулахад “Худалдан авалт одоохондоо тааруу байна” гэлээ. Мэдээж эдгээр наймаачдын аж амьдрал иргэдийн эрэлт, хэрэгцээ шаардлагаас шууд хамаарна.
Нарантуулын Монгол дээл зардаг лангууны хэсэг наадмын өдрүүдэд ямар байдгийг Монголчууд андахгүй. Гэвч наадам болоогүй учир монгол дээлийн лангуу эрхлэгчид “худалдан авалт тааруу байна” гэж хэлэх нь зүй ёсны хэрэг байх аа. Хурим хийх гэж буй хос цэнхэр өнгийн хээтэй торгон дээл өмсөж байхыг нь харсан юм. Худалдан авагч энэ хос дээл хэд вэ, хямдруулах уу? Гэж ойр тойрныхноосоо санаа нь зовон асууж буй нь илт байлаа. Мэдээж залуу хос хурим найрын бэлтгэл гээд тав арван цаас ч болтугай хэмнэх нь хэрэгтэй шүү дээ. Харин худалдагч “За 360 мянгаас 355 мянгад ав” гэх нь сонстов. Хэн хэндээ л хэрэгтэй учир худалдагч нааштай хариу өгсөнгүй.
Бараа нь зарагдахгүй байгаа үед наймаачид ихэнх нь ширүүхэн харьцаатай, дуу султай байх юм. “Ашиг орлого ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Зураг даруулахгүй, яриа өгөхгүй шүү” гээд ихэд дурамжхан. Тиймээс худалдаа наймаа эрхлэгчидтэй яриа өрнүүлж, асуулт асуухыг урьтал болгосонгүй.
Цааш явж байтал Алтансүхийн Эрдэнэбаяр гэх 25 настай залуутай таарч ярилцах боломж олдсон юм. Тэрээр долоон настай байхдаа зам тээврийн осолд орсны улмаас тэргэнцэртэй явдаг болсон. Түүний хувьд зах дээр зайрмаг зараад долоон жил болж байгаа аж.
Тэрбээр хэлэхдээ эцэг эхээсээ тусдаа Дарь-эхэд нийтийн байранд амьдардаг. Миний хийдэг бизнес улирлын чанартай учраас халуун өдрүүдэд орлого их байдаг. Өдрийн дундаж орлого 20.000 төгрөг, хамгийн ихдээ 40.000 хүрдэг гэлээ. Зуны сэрүүн өдрүүдэд зайрмагаасаа гадна ундаа ус, жимс, өндөг, самар зарж орлогоо нэмэгдүүлэхийг хичээдэг гэсэн юм. Цар тахлаас үүдэн түүний орлого буурсан гэдгийг ч хэлж байлаа.
Худалдан авагчдийн төлөөлөл А.Мөнх-эрдэнэ
Түүний хувьд өнөөдөр авто-машиндаа засвар хийх далимаар Нарантуул захад орж ирсэн гэлээ. “Хүн сэлүүхэн байгаа учир худалдан авалт хийхэд амар байна. Яахавдээ, үнийн хувьд мэдээж өндөр талдаа, аргачгүй биз” гэсэн юм.
Коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш халдварт өртсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ковид-19 халдвараас шалтгаалж иргэдийн худалдан авалт ч мөн адил буурч байна.
А.Мөнхнаран, Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна