Жүжигчин Кэмерон Диаз зөв хооллолт, амьдралын зөв хэвшлийн талаар ном бичсэн, дунд насныхны хямралыг туулж яваа хүмүүсийн хувьд бол бурхан багш болохоо шахсан нэгэн билээ. Түүний хөгжилтэй юм шиг атлаа маш гүнзгий утга санаа агуулсан нэгэн ярилцлагыг хүргэж байна.
-Кэмерон, та өөртөө дэндүү итгэлтэй хүн юм аа. Ихэнх жүжигчид хөгшрөхөөс айдаг шүү дээ. Харин та өөр юм?
-Үгүй ээ би насаа мэддэг. Хүн нас ахих тусмаа өөрийгөө илүү хайрладаг юм уу гэж боддог шүү. Би л лав тийм. 20-той байхдаа хурдхан 30 хүрэх юм сан гэж хүсдэг байлаа. 30 гарсан хойноо 40 хүрэхээсээ айгаагүй. 22 настай залуу нэг удаа миний насыг асуудаг юм байна. Хэлтэл тэр “Айхгүй байна уу” гэж асуудаг юм. Тэгэхэд нь би хэлсэн, “Үгүй ээ хүү минь, чи ч гэсэн битгий айгаарай” гэж /инээв/. Чөтгөр ав гэж, хүмүүс өөрсдөө л нас бодож, айдаст автдаг болохоос тийм айгаад байхаар юм биш шд. Олны анхаарлаас гараад ирэхээр харин ч сайхан. Карьер, мэргэжлийн байдалдаа ч сэтгэл хангалуун болж эхэлнэ. Жишээ нь би одоо 29-тэй байх үеийнхээсээ илүү дээр жүжиглэж чадна. Бас бие хаа маань надад залуу үеийнхээс минь илүү таалагдаж байна.
-Та одоо ч гэсэн гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг хэвээрээ юу?
-Энэ надад тийм ч сонин биш ээ. Мэдэхийг ч хүсэхгүй. Жаахан юм мэднэ л дээ. Нэг нөхөр мэс засал хийлгэж нүүр царай эд эрхтнээ огт өөр болгодог гэж. Гэхдээ ингэх ямар хэрэг байна. Миний бодлоор, ийм мэс засал хэвийн сэтгэх боломжийг ч алдагдуулдаг байх. Толимнд харахад огт өөр хүн зогсож байгаа юм чинь. Эрүүл мэндэд ч муу нөлөөтэй. Нэг мэс засал хийлгэчихдэг, тэр нь нөгөөд муугаар нөлөөлнө. Тэрийгээ засна. Ингээд л зогсох боломжгүй болдог юм шиг байгаан. Тэгсээр нэг нартай сайхан өдөр... Цааш нь ярьж чадахгүй нь.
-Ер нь таны насан дээр ингэж сайхан харагддаг хүн цөөн шүү?
-Баярлалаа. Гол нь гадна төрх биш дотоод байдалдаа л оршиж байгаа юм шүү дээ. Өөртөө итгэлтэй юунд ч санаа зовохгүй амьдрахад болчихно. Цаг завтай байх үедзээ би өдөр болгон шахуу гүйж, сэлж, серфингээр гулгадаг. Та хараад л мэдэж байгаа байлгүй, хамраа хавтанцарт хэдэн удаа хугалсан гэх вэ.
Намайг Нью Йоркод байшин худалдаж авахад хүмүүс янз бүрээр ярьж л байсан. Хоёр эрэгт байшинтэй боллоо гэж. Баячуудын дунд тийм нэг моод байдаг юм байна л даа. Гэхдээ би тэгээгүй. Калифорнид төрж өссөн, Нью Йоркт бүх л зүйл их хэмжээгээр яригддаг болохоор байр худалдаж авсан /их мөнгө эргэлддэг гэдэг утгаар хэлжээ/. Гэтэл зарим хүмүүс алдартнуудтай хөрш амьдрахын тулд Лос Анжелес руу хошуурч байна шүү дээ. Тэдгээр хүмүүсийг харахад харамсалтай санагддаг.
-Та хүүхэд байхдаа ч ийм амар хялбараар амьдарч байсан уу. Бусад жүжигчидтэй харьцуулахад?
-Амьдрал маань бүхэлдээ аз жаргалаар дүүрэн байсан. Хайртай ээж аав, эгч дүү-бид нэг нэгэндээ хайртай маш эвсэг гэр бүлбайв. Одоо ч тэр хэвээрээ. Сургууль дээр асуудалтай байснаа бол хүлээн зөвшөөрнө өө.

Би хичээлд сууж чаддаггүй байсан юм. Одоо ийм хүүхдүүдийг “анхаарал сарних”, “анхаарлын дутагдал” ч бил үү нэг төрлийн өвчтэй гэж үздэг болсон байна лээ. Гэхдээ би итгэдэггүй. Зарим хүүхэд нэг зүйлээс мэдлэг авч байхад нөгөө нь өөр байж болно шүү дээ. Үнэндээ багш миний өмнө зогсоод юм ярьж байхад би юу ч тогтоож авч чаддаггүй байсан. Харин өөрөө оролцоод идэвхитэй байхаар дор нь сурдаг. Би 16 настай байхдаа загварын агентлагтэй гэрээ байгуулж, Японд ажиллаж байсан. Тэгэхэд л “Эргэн тойронд маань маш том ертөнц байдаг. Түүний нэг хэсэг болох нь чухал. Өөрийн жижигхэн, баригдмал ертөнцөөсөө ангижирах нь зөв” гэдгийг ойлгосон.
-Сүүлийн үед та ээжийн дүр бүтээх нь олширчээ?
-Юу асуух гээд байгааг чинь гадарлачихлаа /инээв/. Хүнтэй суух, гэр бүлтэй болох талаар асуухад би хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Энэ удаа ч тэгэхгүй. Бүх зүйл жамаараа болно биз. Би хувь тавиланд итгэдэг. Өдийг хүртэл ингэж амьдарч ирсэн. Бүх юм тохиолдол байдаггүй гэж. Би хүүхэд их сайн асардаг. Бурхны авралаар эгч маань дөрвөн хүүхэдтэй, тийм болохоор төрөх талаар бүх юмыг мэднэ. Дөрөв төрөхдөө гуравт нь өөрөөрөө, нэгд нь кесерево хагалгаагаар төрсөн. Бүгд миний нүдэн дээр болсон.Өмнө нь би хүүхэд элэг бүтэн өсөх нь маш чухал гэж боддог байлаа. Өөрөө тэгж өссөн болохоор. Бас хэнээс жирэмсэн болох нь чухал гэж үздэг байсан. Харин одоо бодол маань өөрчлөгдсөн. Би хүүхэд үрчилж авч магадгүй.
-Танд ямар эрчүүд таалагддаг вэ?
-Өөртөө итгэлтэй, амьдралын идэвхи, завгүй ажилтай эрчүүд таалагддаг. Би 16 настай байхаасаа эрчүүдтэй уулзаж эхэлсэн юм. Энэ асуудалд төрөлх зөнгөөрөө ханддаг.“Санаачлагыг хурдан гартаа авч намайг барьж аваад гэртээ аваачаач дээ. Чи эрэгтэй, би эмэгтэй шүү дээ” гэх маягаар. Би эрчүүдэд үнэхээр дуртай, үүнийгээ хэзээ ч нуухгүй. Гэхдээ бас хүн болгонтой нялагнаад байна гэж юу байхав. Таалагдахгүй байгаа бол таалагдахгүй байна гээд шууд хэлчихдэг. Энэ намайг юу гэж бодох бол энэ тэр гэж санаа зовдоггүй.
-Амьдралдаа баримталдаг зарчим, ухаанаа нэг үгээр илэрхийл гэвэл та юу хэлэх вэ?
-Аз жаргалтай байх миний арга бол талархал. Би өөрт заяасан хувь тавиландаа үргэлж баярлаж явдаг. Бид ямар ч талархалгүй олон нийтийн хүрээлэлд оршдог болохоор үүнийг мартчих гээд байдаг талтай. “Миний амьдралын хамгийн сайхан мөч коллежид өнгөрсөн” гэх мэтээрярьдаг хүмүүсийг би гайхдаг. Үгүй л байхгүй юу. Яг одоо өнгөрч байгаа минутууд л амьдралын хамгийн чухал цаг мөчүүд. Дараагийнх нь ч бас. Үүнийг л ойлгочих юм бол амьдраад сурчихлаа гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна