Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа бүрдүүллээ. Шинэ Засгийн газрын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
“Эвслийн” тодотголоо хадгалсан ч ИЗЗН-ыг гаргаж, Үндэсний эвслийг оруулж ирэв
Н.Учрал танхимдаа ХҮН нам хэвээр үлдээсэн бол ИЗНН-ыг гаргажээ. Гэсэн ч оронд нь Үндэсний эвслийг оруулж, Н.Номтойбаярт Шадар сайдын суудал гаргаж өгснөөр Г.Занданшатарын халаасанд 80 кнопыг хэвээр хадгалав. ИЗНН-д хуваарилагдсан байсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг бүлэг доторх цөөнхдөө өгөв. Зарим нэгний таамаглаж, “хардаж” байсан шиг Ардчилсан намыг урьсангүй.
Хэн, хэн хэвээр үлдэв…
Ерөнхий сайд Н.Учрал Г.Занданшатарын танхимд ажиллаж байсан сайд нараас Тэргүүн Шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нарын долоон сайдыг улирааж ажиллуулахаар шийджээ.
“МАХН-ын квот”-оор Г.Занданшатарын Засгийн газарт орж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар үр бүтээлтэй ажиллаж байсан Э.Батшугар Эрүүл мэндийн яамны сайдаар томилсон, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар дэвшүүлсэн, улс төрийн тохироогоор орж ирж буй Т.Доржханд Шадар сайдын суудалтайгаа үлдсэн зэргийг тооцвол Г.Занданшатарын Засгийн газрын 19 сайдын 10 нь Н.Учралын танхимд ажиллахаар болж байна.
Шинэ сайд нар...
Г.Занданшатарын танхимд ажиллаж байсан сайд нараас 10-ыг нь багтаа авсан гэхээр үлдсэн ес нь шинэ хүмүүс гэсэн үг. Тэдгээр нь, Онцгой байдал хариуцсан шадар сайд Н.Номтойбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ч.Номин нар.
Эдэн дотор өмнө нь сайдаар ажиллаж байгаагүй цоо шинэ сайд нар гэвэл Н.Номтойбаяр, Б.Найдалаа, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир нар байна. Гэхдээ Н.Номтойбаяр өмнө нь дэд сайдаар ажилласан намтартай.
Үлдсэн дөрвөн сайд өмнө нь нэг болон түүнээс дээш удаа сайдын тамга атгаж байсан хүмүүс байна.
Дэд сайдтай ажиллах дөрвөн яам
Ерөнхий сайд Н.Учрал ерөнхий чиг үүргийн дөрвөн яамаас бусад яамд дэд сайдгүй ажиллана гэж мэдэгдсэн. Дэд сайдтай ажиллах дөрвөн яам нь Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүйн яам эдгээр болно.
“Элсний 30” дөрвөн сайдтай…
МАН-ын бүлэг дэхь цөөнх буюу 30-ийн бүлэг гэж нэрлэгдэж буй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талынхнаас Н.Учралын танхимд дөрвөн сайд орж ажиллахаар болжээ.
Тэд бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн саяд Ц.Сандаг-Очир, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар томилогдсон Ч.Номин нар.
Цөөнхийн тал сүүлийн хоёр жил тордож, өсөлтөөрөө толгой цохиж буй аялал жуулчлалын салбараа үргэлжлүүлэн удирдахаар болжээ.
Ерөнхий сайдаас гадна МАН-ын даргын хариуцлагыг давхар үүрч буй Н.Учралын хувьд бүлгийнхээ 68 гишүүнийг зангидах нь амин чухал байсан. УИХ-ын даргын томилгооны асуудал хурцдаж байх үед МАН-ын цөөнх “Засгийн газарт орж ажиллахгүй” байж магадгүй гэх яриа гарч, шинэ Засгийн хувь заяаг бүдэгрүүлсэн хүнд нөхцөл үүссэн ч тэрбээр ямартай ч байдлыг эргүүлж, тохироонд хүрчээ. Цөөнхийн төлөөлөөс гурван сайд багтаасан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн зарлагдсанаар МАН доторх тэмцэл бага ч гэсэн намжих найдвар төрж байна.
Бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид танилцуулж зөвшилцсөнөөр танхимын бүрэлдэхүүн эцэслэн тодорно.
Н.Учралын тэргүүлэх Засгийн газрын танхимын бүрэлдэхүүн
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаяр
Шадар сайд– Т.Доржханд
Онцгой байдал хариуцсан шадар сайд– Н.Номтойбаяр
ЗГХЭГ-ын дарга – Б.Энхбаяр
Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг
Батлан хамгаалахын сайд – Д.Батлут
Хууль зүй, дотоод хэргийн сайд– С.Амарсайхан
Сангийн сайд– З.Мэндсайхан
БОАЖ-ын сайд – Ц.Сандаг-Очир
Зам тээврийн сайд - Б.Дэлгэрсайхан
Эрчим хүчний сайд – Б.Найдалаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Г.Дамдинням
Барилга, хот байгуулалтын сайд –Э. Бат-Амгалан
ХХААХҮ-ийн сайд –Ц.Идэрбат
Боловсролын сайд–Л.Энх-Амгалан
Эрүүл мэндийн сайд – Н.Батшугар
Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд– Т.Аубакир
Соёл, спорт, залуучуудын сайд–Ж.Алдаржавхлан
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд– Ч.Номин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
223.104.39.133
Самарсайхан п...г хууль зүйн сайд бсон гэхээр тэгээд л конец фильма юм даа
Хариулах