БНСУ-д био инжнерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр магистрт 100% тэтгэлгээр суралцах "Эдүлинк" бүртгэл явагдаж байна

Б.Мөнхболд
1 цаг 34 минутын өмнө

Монгол Улсад хөдөө аж ахуй, биотехнологи, хүнсний үйлдвэрлэлийн салбар нь эдийн засгийн ирээдүйн гол чиглэлүүдийн нэг боловч эдгээр салбарт олон улсын түвшинд бэлтгэгдсэн инженер, судлаачдын эрэлт өндөр хэвээр байна. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн сорилтууд нь шинжлэх ухаанд суурилсан шийдэл гаргах чадвартай мэргэжилтнүүдийг зайлшгүй шаардлагатай болгож байна.

Дэлхийн 100 гаруй оронд 200,000 гаруй гишүүнтэй Junior Chamber International (JCI)-байгууллага нь залуусын хөгжил, манлайллыг дэмжих чиглэлээр олон улсын түвшний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаа боловсролын салбарт томоохон боломжийг танилцуулж байна.

Өөрөөр хэлбэл JCI Progress салбар байгууллага нь Агро-сити эдийн засгийн тусгай бүс, Korea Institute of Science and Technology (KIST), мөн JCI Wonju салбар байгууллагатай хамтран “Эдүлинк” боловсролын төслийг хэрэгжүүлж эхэллээ.

онТус төсөл нь Монгол оюутнуудад дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, эх орондоо үнэ цэн бүтээх боломжийг олгож буйгаараа онцлог юм.

“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, инновацыг уялдуулсан хөгжлийн загвар бүс болон хөгжиж байгаа бол, Korea Institute of Science and Technology (KIST) нь БНСУ-ын тэргүүлэх судалгаа, технологийн байгууллагуудын нэг бөгөөд дэлхийн хэмжээний судалгаа, инновацаараа танигдсан институт юм.

Ийнхүү талуудын хамтын ажиллагаа нь Монгол оюутанд дэлхийн түвшний боловсрол эзэмших “шууд гарц” болж байна.

Тус хөтөлбөрт шалгарсан оролцогч нь олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн болон төлөвшихөөс гадна Монгол Улсын хөдөө аж ахуй, биотехнологи, инженерчлэлийн салбарт бодит хувь нэмэр оруулах чадамжтайгаар бэлтгэгдэх юм.

Мөн суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирсний дараа “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд шууд ажлын байраар хангагдан ажиллах боломж бүрдэж байгаагаараа энэхүү хөтөлбөр нь зөвхөн боловсрол төдийгүй карьерын баталгаат гарааг санал болгож буйгаараа онцлог юм.

Хөтөлбөрийн хүрээнд ердөө 1 оюутныг сонгон шалгаруулж БНСУ-д магистрын хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулах ба дараах чиглэлүүдийг суралцуулна:

• Биотехнологи

• Хүнсний биотехнологи

• Иргэний болон байгаль орчны инженерчлэл

Тэтгэлэг нь сургалтын төлбөрийг 100% хариуцахаас гадна дотуур байр, мөн сар бүр ойролцоогоор 1,000,000 воны амьжиргааны зардлыг багтааж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогчид:

• Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй (эсвэл 2026.05.31-ний дотор төгсөх)

• Голч дүн 3.0-аас дээш

• IELTS 6.0, TOEFL 80, TOPIK 4 зэрэг хэлний шаардлага хангасан

• Төгсөөд “Агро-сити” бүсэд ажиллах хүсэлтэй байх шаардлагатай

Материал хүлээн авах хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжилж байна.

Материалыг Монгол-Солонгос эсхүл Монгол-Англи хэл дээр бэлдэх ба бүх баримт бичгүүдийг нэг PDF файл болгож progress@jcimongolia.mn  болон agro_city@ulaanbaatar.mn и-мэйл хаягт ирүүлнэ.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99916032, 88048909 утсаар холбогдон авах боломжтой.

Иймд Монголын ирээдүйн инженер, судлаач болох зорилготой залуус энэхүү ховор боломжийг алдалгүй ашиглахыг зохион байгуулагчид уриаллаа.

Бүртгүүлэх бол энэхүү QR code уншуулна уу.


 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна