М.Нарантуяа-Нара бол зүгээр л өгөөш...

Х.Батсайхан
2 цаг 11 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа.

Төсөлд “Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан” УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай бөгөөд энэхүү эрх мэдлийг ҮХЦ хэрэгжүүлэхээр зүйлчилсэн нь маргаан дагуулсан юм.  

Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна, ард түмэн энэ эрхээ төлөөлөл буюу УИХ-ын гишүүдээр дамжуулж хэрэгжүүлнэ гэж заасан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд энэ эрхийг Үндсэн хуулийн цэцэд буюу сонгосон субъектээс өөр этгээдэд өгөх саналыг дэвшүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, энэ хууль М.Нарантуяа-Нара гэх мэт зарим нэгэнд таалагдаагүй үг хэлсэн гишүүдийг хаяж өгч байгаад ард түмнээс эрхийг нь булаах, УИХ-ын гишүүн, УИХ-ын хараат бус байдалд заналхийлсэн шинжийг агуулжээ.

Хуулийн төсөлд: Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын Нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл, Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэжээ.

Энд хоёр зүйлийг онцолсон нь нэгд, жагсаалтын гишүүдийг эгүүлж татна, хоёрт эгүүлэн татах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргана гэсэн байна.

Тэгвэл УИХ-ын гишүүний хувь зяаг шийдэр эрхийг атгаж магадгүй байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хэн томилдог вэ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн: Гурвыг Улсын Их Хурал, Гурвыг Ерөнхийлөгч, Гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. ҮХЦ-ийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гурвыг нь УИХ-ын дарга Н.Учрал, гурвыг нь Улсын дээд шүүх томилно гэсэн үг.

Цэцэд гурван гишүүн санал болгох эрхтэй Улсын дээд шүүхийн тухайд, 25 гишүүнтэй. ҮХЦ-д томилуулах гурван нэр дэвшигчээ /Нэр дэвшигч нь Улсын дээд шүүхийн шүүгч биш байх ёстой/ бүх гишүүдийн хурлаараа тодруулдаг.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Мөн бусад шүүгчдийг ч батламжилдаг байна. Сонгон шалгаруулалтаа давж, УИХ-аар дэмжигдсэн ч Ерөнхийлөгч батлахгүй л бол Дээд шүүхийн шүүгч болох ямар ч боломжгүй. Үүний нэг жишээ нь өнгөрсөн жил Улсын дээд шүүхийн шүүгч болсон Э.Золзаяа. Тэрбээр 2024 онд нэр дэвшиж, сонгон шалгаруулалт, УИХ-ын босгыг давсан ч Ерөнхийлөгч хүлээж аваагүй тул Дээд шүүхийн шүүгч болж чадаагүй. Улмаар өнгөрсөн жилийн зургадугаар сард дахин нэр дэвшиж, Ерөнхийлөгч батламжилснаар Дээд шүүхийн шүүгч болсон юм.

Эндээс харвал, Ерөнхийлөгийн санаачилсан хувилбараар явбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх Үндсэн хуулийн цэцэд очиж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ үе, үеийн Ерөнхийлөгчид л очно гэж харагдаж байгаа юм. Бүр тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийн институци УИХ-ыг далдуур атгана гэсэн үг. Энэ нь төрийн өндөр албан тушаалтан харъяаллын байгууллагынхаа тоог цөөлж, эрх мэдэл нь багассан мэт харагдуулаад цөөлсөн байгууллагуудаа нэмэлт чиг үүргүүдийг татаж авдагтай төстэй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн эрх мэдэл нэмэгдсэнээр Ерөнхийлөгчийн ч эрх мэдэл, нөлөө нэмэгдэнэ гэж ойлгож болох юм.

Энэ хувилбарыг "Парламентын дархлаанд нөлөөлнө" гэж үзэх хүмүүс байгаа нь ёс зүйгүй гишүүнийг өмгөөлсөндөө биш, харин ард түмний сонгосон УИХ-ын гишүүн буюу төлөөллийг эргүүлж татах эрхийг ҮХЦ-ийн есхөн хүнд атгуулж, хамгийн гол нь, ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргуулах "кноп дардаг хүүхэлдэй" болчих вий гэсэн зовинолоос үүдэлтэй. Тиймээс хамтарсан Ажлын хэсэг ҮХЦ-тэй холбоотой заалтыг хамгийн түрүүнд авч хаях ёстой. 

Ерөнхийлөгч жагсаалтын гишүүдийг сонгогчдод хамаагүй гэж үзэж байх шиг. Гэвч үнэн хэрэгтээ Жагсаалтын гишүүд жинхэнэ ард түмний сонголт, хэн эрх барихыг шийдэх гол хүчин зүйл болдог талаар, түүнчлэн, УИХ нэгэнт хүлээгээд авчихсан юм болохоор энэ удаад хөндөлгүй орхисон Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль санаачлах эрхтэй эсэх талаар бид дараа хүргэх болно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.194
    35 минутын өмнө

    Энэ эмэгтэй арай л дэндүү хэлэмгий хэож байгаа үг нь зарим үг нь сонсохол ч хэцүү дэнпүү увайгүй дур зоргоороо шүү дээ боловсрол нимгэн баыж болно хүн байх хүмүүжил л хэрэгтэй дээ

    Хариулах