Ж.Батбаясгалан:"Гэр хорооллын бохирдлыг бууруулах, дэд бүтцийг чадавхжуулах нь хотын хөгжлийн үүд байх ёстой"


Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурын ажлын албаны дарга А.Баттөмөр “Хөгжлийн үүд” төсөл хэрэгжих байршил, төлөвлөлтийн шийдлүүд, инженерийн дэд бүтцийн шийдэл, дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг төсөлтэй холбоотой товч мэдээллийг хүргэв. Дараа нь нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар болон нийслэлийн Орон сууцны корпорациас төсөл хэрэгжихтэй холбоотойгоор зах зээл дээр байгаа орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хотын хамгийн боломжтой хоёр талын байршил руугаа шинээр суурьшлын ногоон бүс бий болгох ёстой. Энэ хүрээнд “Хөгжлийн үүд” төслийг тооцоо судалгаатай, техник эдийн засгийн үндэслэлтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Гэр хорооллын бохирдлыг бууруулах, дэд бүтцийг чадавхжуулах нь өөрөө Улаанбаатар хотын хөгжлийн үүд байх ёстой. Энэ талд бүх ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллахыг хүсч байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар дэд ажлын хэсэг байгуулъя. Дэд ажлын хэсэг нь төслийн ТЭЗҮ, ажлын даалгаврыг боловсруулж ажиллах шаардлагатай байна” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ төслийг хэрэгжүүлэх шалтгаан бол маш тодорхой. Хүн бүрийн, айл өрх болгоны хүлээлт болсон орчин үеийн орон сууцны хотхоныг бий болгох, шаардлага хангасан аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах асуудал юм. Нэгдсэн дэд бүтэцтэй, дулаан цахилгаанд холбогдсон, нийгмийн үйлчилгээгээ бүрэн авдаг, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хотхоныг л бий болгох зорилго тавин ажиллах ёстой. Одоо төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөндөө орж, шаардлагатай судалгаа тооцоог гарган ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна