“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт өнөөдөр (2024.04.25) болж, МЕТА компанийн төлөөлөгчид сургалт, мэдээлэл хийлээ.
Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулсан уг сургалтад МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена, Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Кю Кю Тэн, Хуурамч мэдээллийн бодлого хариуцсан менежер Алис Будисатрио, Мэдээллийн үнэн зөв байдал, стратегийн түншлэлийн хөгжил хариуцсан ажилтан Никол Хан, Түншлэлийн сүлжээ, Төв Азийн орнуудын бодлого хариуцсан менежер Аврора Ли нар сэтгүүлч, судлаач, хуульчдад үйл ажиллагаагаа танилцуулж, сургалт, мэдээлэл, зөвлөмж өгөв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх болон сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, тархалтыг бууруулах, устгах технологийн талаар МЕТА компанийн төлөөлөгчид сургалтын эхэнд танилцуулсан юм.
Сонгуулийн шударга байдлыг хангах зорилготойгоор МЕТА компани ажилладаг гэж Ази номхон далайн бүсийн хөтөлбөрийн менежер Кю Кю Тэн сургалтын үеэр онцлоод хуурамч хаяг, худал мэдээллийг бүртгэж, устгах, тархалтыг бууруулах, ташаа мэдээллийн шошго тавих зэрэг арга хэмжээ авдаг талаар мэдээлэв. МЕТА компани Монгол Улс болон бусад улсад төлөөлөгчийн газар ажиллуулдаггүй, хараат бусаар ажилладаг гэдгээ тодотгож, хуурамч мэдээллийг илрүүлэх хүрээнд “Монголын баримт шалгах төв (Mongolian Fact Checking Center-MFCC)”-тэй хамтран ажилладаг тухайгаа дурдав.
Улс төрийн агуулгатай мэдээ, мэдээллийг түгээхэд тодорхой шалгуур тавьж байгаа талаар төлөөлөгчид тайлбарласан бол сэтгүүлчид нийт мэдээ, мэдээллийн хандалт багассан шалтгааныг тодрууллаа. Дэлхийн олон улсад сонгууль зохион байгуулж байгаа учраас МЕТА компанийн платформууд дахь мэдээллийн тоо эрс өссөн. Тиймээс мэдээллийнхээ чанарт анхаарахыг сэтгүүлчдэд зөвлөлөө.
МЕТА компанийн төлөөлөгчид энэ сарын 22-26-ны өдөр Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзалт хийсэн. Түүнчлэн сонгуулийн шударга байдлыг хангаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх, сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, тархалтыг бууруулах, устгах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намын төлөөлөл сэтгүүлч, судлаач, хуульчдын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна