Г.Дашням: Сорилтууд дунд “туучиж” яваа ч би юу хийх ёстойгоо ойлгосон залуу хүн


Овог, нэр: Ганзроригийн Дашням

Төрсөн газар: Монгол Улс, Улаанбаатар хот

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Эрхэлсэн ажил: “Жи Мобайл” корпорацийн ТУЗ-ийн дарга

Гэр бүлийн байдал: Ам бүл тав. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг  

Хувийн хэвшил, төрийн салбарт мэдлэг авъяасаа зориулж яваа олон шилдэг залуус манайд бий. Зөв.мн тэдний төлөөллийг урьж ярилцдаг “Шинэ Монголын төлөө” нэртэй булангаа нээж байна. Бид булангийнхаа анхны зочноор Г.Дашнямыг урьж, ярилцлаа.

БАГА НАС МИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ СОРИЛТ ДУНД ӨНГӨРСӨН

-Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Ганзоригийн Дашням гэдэг. 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Бага сургуулиа ОХУ-д, ахлах сургуулиа Швейцарьт, их сургуулиа Англид дүүргэсэн.  Их сургуулиа 2008 онд төгсөөд, мөн ондоо эх орондоо ирж, үүрэн телефоны оператор “Жи мобайл” компанид туслах ажилтнаар ажлынхаа гарааг эхлүүлсэн. Одоо “Жет шаринг Монголиа” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

-Манайхан 2000-аад оноос гадагшаа их явж суралцдаг болсон. Одоо ажиглаад байхад, тэд буцаад ирчихсэн, Англи, АНУ-д боловсрол эзэмшсэн залуус төр, хувийн хэвшилд их ажиллах болжээ. Таныг бас багаасаа бие дааж гадаадад олон жил сурч, амьдарсан гэж сонсож байсан?

-Манай гэр бүл 1990 онд гэр бүлээрээ тухайн үеийн ЗХУ-ын Москва руу нүүж, тэндээ 1998 он хүртэл амьдарсан юм. Тэгээд Монголд дөнгөж хоёр жил болж байхад 2000 онд намайг Швейцарь руу дотуур байртай сургуульд явуулсан. 2004 онд Женевт ахлах сургуулиа төгсөөд Английн Лондон хотод их сургуульд суралцсан...

--УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нэгэнтээ “Хүүхдүүдээ амьдралд тэмцэх, тэсэж үлдэх чадалтай хүн болгохыг хичээдэг. Үгүй бол тийм үр хүүхэд үлдээгээд ч яах юм билээ” гэж өгүүлж байхыг сонссон. Аав тань бас тийм бодолтой  байсан юм болов уу. Их л багад тань гадагшаа явуулжээ?

-Барууны соёл, стандартыг багаас минь төлөвшүүлэх санаа байсан болов уу. Ямар ч байсан бага нас минь их сорилттой өнгөрсөн. Бүр бага, Оросод байхдаа л ангидаа ганцхан монгол хүүхэд нь байдаг байсан. Швейцарь, Лондон д ч ялгаагүй. Их сургуулиа 2008 төгсөж ирснээсээ хойш Монголдоо ажиллаж амьдарч байна.

-Монголдоо ирээд хаана ажилласан бэ? 

-Ажлын гараагаа “Жи мобайл” компаниас эхлүүлж байсан. Манай гэр бүлийн бизнес л дээ. Аав маань “Магнай трейд” ХХК-ийг үүсгэн байгуулсан, Р.Ганзориг гэж хүн бий. Компаниа 1996 онд байгуулж, 1997 оноос газрын тосны бүтээгдэхүүн импортлох чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. 2007 онд харилцаа холбооны салбарт орж ажилласан нь “Жи мобайл”.

-Ажилд орохоосоо өмнө харилцаа холбооны салбарын талаар хэр мэдээлэлтэй байсан бэ? 

-Төгсөхийн өмнөх жил, 2007 онд манай аав “Харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулахаар боллоо. “Жи мобайл” үүрэн телефоны оператор компанийн хувьцааны 50 хувийг эзэмшинэ” гэж хэлж байсан. Тухайн үед 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ц.Цэрэнпунцаг гарьд байсан юм билээ. Тэр үедээ би нэг их сайн ойлгохгүй “Тийм үү. Үүрэн телефоны оператортой болж байгаа юм уу” гэж асуугаад, аав ч “Тийм ээ” гээд л, бид хэдий залуу, жаахан хүүхдүүд байсан ч гэсэн гэр бүл дотроо чадах ядахаараа ойлгуулж, хэлж байсан.

Миний төрсөн ах Г.Магнай надаас хоёр насаар ах. Надаас хоёр жилийн өмнө сургуулиа төгсөөд ирчихсэн, “Магнай трейд” компанид ажиллаж байсан. Би ч гэсэн 2008 онд сургуулиа төгсөөд л шууд Монголд ирж, ирсэн өдрөөсөө шахам “Жи мобайл” компанид ажиллаж эхэлсэн.

-Гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн хүмүүс Монголд дасахад эхэндээ амаргүй, соёлын ялгаа гардаг гэж ярилцдаг. Та бас тэр үе шатыг туулсан байх?

-Мэдээж, эхний жил надад хэцүү байсан. Хэцүү ч юу байх вэ... Би чинь дөрвөн настайгаасаа гадаадад амьдарчихсан. Өмнө нь мэдээж, өвлийн, хаврын, зуны амралт болгоноороо Монголдоо ирдэг байсан л даа. Байнга л ирдэг, байнга л хөдөө явдаг байсан. Аав, ээж хоёр маань хоёулаа Хэнтийн хүмүүс. Улаанбаатарт төрцгөөсөн ч эмээ, өвөөгөөрөө Хэнтийнх гэж явдаг. Аавын талынхан бүгд Дадал сумын буриад ястан болохоор Хэнтий рүү, Дадал сум руу голчлон явдаг байв. Тийм болохоор бүр таг гадаад бол бас биш. Гэхдээ л 22 настай, яг Монголд ажиллах гээд ирчихсэн хүнд сэтгэл санааны бага, сага асуудал байсан.

-Яг ямар асуудал байсан бэ?

-Би чинь зургадугаар сарын дундуур ирж байгаа шүү дээ. Тэгсэн, ирээд хоёр долоо хоноогүй байхад “Долдугаар сарын 1” болж, бослого эхлээд... Би бас тухайн үед бодож л байсан, “Ямартай ч магистраа хийе ээ” гээд... “Ер нь би буцъя, оюутны амьдралаа үргэлжлүүлъе” гэж хэлж ч үзсэн.  Гэхдээ аав зөвшөөрөөгүй. Аав минь миний амьдрал, бизнесийн ментор гэж хэлж болно. Тэр үед аав шулуухан хэлсэн, “Яах гээд байгаа юм бэ. Юун магистр. Чамайг зүгээр хурдхан төгсөөд ирж Монголд ажиллахыг чинь өчнөөн удаан хүлээлээ” гэж.

Манай аав бол намайг нэг их тийм онц сурлагатан болж, мундаг их сургуулийг сайн төгсөөсэй гэж хэзээ ч боддоггүй. 10 жил, их сургууль бол хүний дамжих л ёстой шат, гол нь сурсан мэдсэнээ Монголдоо зориулах ёстой гэсэн бодолтой. Тийм болохоор оюутан болохоос эхлээд л нутагтаа ирж ажиллана шүү гэдгийг ойлгуулдаг, бизнес тал руу болгочих гэж хичээдэг байсан.   

-“Жи мобайл” таны хүссэн ажлын байр мөн байсан уу?

-Хүүхэд болгонд хүсэл мөрөөдөл байдаг. Би бол 10 жилд байхдаа их спортлог, хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейболоор сургуулийнхаа шигшээд ордог байсан болохоор төгсчихөөд тамирчин болно гэж боддог байсан. Ээж, аав болохоор “Юун тамирчин бэ, чи их сургуулиа төгсөөд бизнесмэн болно, хүнтэй харилцаж сурна. Бизнес гэдэг чинь онол гэхээсээ илүү харилцаа, хандлага байдаг. Энийг чамд их, дээд сургуулийн багш зааж өгч чадахгүй. Өөрөө бизнес эрхэлж үзээгүй хүн яаж чамд бизнесийн боловсрол өгөх юм бэ, миний хүү” гэнэ. 

Би тэгэхээр нь “Тэгвэл их сургууль надад бизнес зааж өгч чадахгүй юм бол би өөрийнхөөрөө явья. Тамирчин болно” гээд л... Миний зорилго бол сургуулиа төгсөөд авто, мото талын, уралддаг хүн болчих санаатай.

2000 онд өөртөө нөүтбүүктэй хүүхэд ховор байлаа шүү дээ. Би тэгэхэд нөүтбүүкээ зараад өөртөө мотоцикл авч байсан гээд бод л доо. Европт, ер нь Европт гэлтгүй америкт 15, 16 настай хүүхдийг автомашин жолоодохыг зөвшөөрдөг. Дунд сургуулийн хүүхдүүд л жолооны үнэмлэхтэй болчихсон байдаг. Би ч ялгаагүй Европт мотоцикл унаад явдаг. Энд ирэхээр л заавал 18 гэж нас заагаад, ээж, аав хүртэл юун мотоцикль, машинаас хүртэл хол байлгадаг байсан. Бага насны минь нэг хүсэл тэгж алга болж байлаа.

-Оюутны ширээнээс ажлын талбар дээр гарах үе бүгдэд л амаргүй санагддаг?

-Бусад хүүхдүүдийн ээж, аав хүүхэддээ “Төгсөөд наанаа үлдэхийг бод” гэдэг байсан бол манай ээж, аав юун, үлдэх, “Бушуухан төгсөөд ир” гэдэг байлаа шүү дээ.

Тэгээд Монголдоо ирээд, эхний нэг, хоёр сар бас ялгаагүй, сорилттой л байсан. Миний ярьж байгаа онигоо, миний ярьж байгаа сэдэв шал өөр. Европчууд чинь алиалаад, их чөлөөтэй харилцдаг. Гэтэл энд монгол найзууд уурлаад “Чи яагаад манийгаа хийгээд байгаа юм бэ” гэх мэтчилэн, мэдрэмж зөрөх тохиолдол их байсан. Дээр хэлсэн, “Долдугаар сарыйн 1”-ээс гадна энэ байдал бас нөлөөлөөд байсан болохоор “За, за би ерөөсөө явж магистраа хийлээ” гэсэн юм.

Аав тэр үед шууд “Явж яах юм бэ. Би чамд магистраас чинь илүү юм заагаад өгье. Бизнес бол ерөөсөө л харилцаа. Чи тэр харилцааг мэдэрч чадахгүй бол бизнес баларна. Тухайн хүнээ мэдэрч, тохируулж харилцана гэдэг том соёл. Сургууль хэзээ ч чамд заахгүй” гээд үлдээж байв. Тэр үеэс л надаас “Сургууль” гэдэг үг алга болж, “Би нутагтаа ирсэн байгаа. Би Монгол Улсдаа хайртай. Монгол Улс хөгжиж байна. 

Би хөгжчихсөн оронд зүгээр нэг цалингаас цалингийн хооронд амьдрах юм байна. Монголд, хөгжиж байгаа оронд бол зөндөө боломж байна” гэдгийг ойлгосон. Зөв талаас нь харсан гэх үү. Дээр нь манай аав дөнгөж харилцаа холбооны салбарт ороод хөрөнгө оруулчихсан байна. 

Тэр үед чинь харилцаа холбооны салбарын хөгжил 2G,  “Нокиа”-гийн эрин үе, гар утасны хөгжил товчлууртай дээрээ л явж байсан шүү дээ.  Тэгээд л би харилцаа холбооны салбар руу эргэлт буцалтгүй орсон. Би дуугуй ажлаа хийдэг болсон.

-Шинэ ажилтныг бас л сорилт угтдаг. Таны хувьд гэр бүлийн компанидаа ажилласан болохоор арай гайгүй байсан уу?

-Тийм давуу тал олдоогүй. Анх “Бизнес хөгжлийн газар” гэдэг 20-иод ажилтантай албанд “Туслах менежер”-ийн албан тушаалд очиж байлаа. Аав намайг дагуулж очоод танилцуулахдаа л “Энэ миний хүүхэд биш. Захирлын хүүхэд гэж давуу тал үүсгэх юм бол би бүгдтэй чинь хариуцлага тооцно шүү.

 Яг адилхан анкет бөглөж орж ирсэн. Мэргэжил нь энэ байна, боловсрол нь энэ байна, хэлний ур чадвар нь энэ байна” гээд, надад “За, Дашням аа, ажилла. Чиний албаны дарга чинь энэ байна. Хэлтсийн дарга чинь энэ байна, газрын дарга чинь энэ байна. 

Захирал чинь энэ байна. Ажлаас хоцорч болохгүй. Манай компанид хүн ажлаас хоцордоггүй. Захирлаас эхлээд хэн ч хоцордоггүй шүү. Энэ хүн хоцорвол гурван удаа сануулах арга хэмжээ ав. Дөрөв дэх дээр нь цалингийн арга хэмжээ авъя. Тав дахь дээр нь шууд халъя” гэж хэлсэн. Тэр үед чинь би жаахан хүүхэд, аавдаа бас гомдчихмоор оргиж байгаа шүү дээ. “Аав яагаад намайг ингээд байгаа юм бол доо” гээд. Одоо л би учрыг нь бага зэрэг олж байна. Энэ жижиг, жижиг юмнууд чинь бодогдоно шүү дээ. Би үнэхээр зөв ментортой, хүмүүжилтэй хүүхэд байсан юм байна гээд.

Дээр нь, 2008 оны наймдугаар сард Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган олимпын аварга болсон. Би чинь уйлаад л... Тэгэхэд л “За, би нутагтаа ирчихсэн юм байна аа. Би гэртээ байгаа юм байна” гэдгийг яг эцсийн байдлаар ойлгож байгаа юм л даа.

Би түрүүнд хэлсэн, буцаад Лондон руу явах гэж байсан гээд. Тэнд миний бүх найзууд үлдсэн. Их сургуулиа төгсөөд хэн нь ч нутаг буцаагүй. Надад англи найз байгаагүй, дандаа орос, каках, узбек,  хятад, япон, америк гээд есөн шидийн найзууд байсан. 

10 жилийн найзууд Швейцарьт байгаад байдаг.  Тэгээд би “Аав аа, би нэг ганцхан сар явчихаад ирье, тэгэх үү. Тэгээд л би дахиж явахгүй. Магистр энэ тэр гэхгүй. Би ажиллана, нэг ч удаа хоцрохгүй. Яг таны хэлснээр, н.Нямбаяр захирлын хэлснээр байна” гэж хэлээд явж байсан. Тэгж явж ирснээсээ хойш дахиж тийм яриа гаргаагүй, Монголдоо, харилцаа холбооны салбарын хүн болж,  ажиллаж амьдраад байж байна.

-Тэрнээс хойш компанидаа л ажилласан уу?

-Яах вэ, дундуур нь аав нэг удаа “Магнай трейд”-д ажиллаж үзэх үү” гэж хэлж байсан. Тэр үед чинь би жинхэнэ ажилдаа шимтчихсэн, ажилдаа улайрсан хүн болчихсон байсан. “Бизнес хөгжлийн газар”-ын Гадаад харилцааны хэлтэст БНСУ-ыг хариуцдаг байсан юм. 

Компанийнхаа гар утас, суурин утас модем гээд БНСУ-аас авдаг хэрэгцээт бүх барааг би хариуцдаг. Хариуцдаг ч юу байх вэ, би и мэйл бичиж захиалга өгнө, гэрээ нь над дээр ирдэг. Гэрээгээ хариуцаж байгаагийн хувиар БНСУ руу явж, түншүүдтэйгээ харилцдаг. Ийм байдлаар хамгийн доороос нь эхлээд есөн жил явсан байдаг юм. Би 2017 онд “G Mobile” компанийн гүйцэтгэх захирал болсон.

ӨӨРИЙГӨӨ ОЛОХ, ЮУ ХИЙХЭЭ ОЙЛГОХ ХАМГИЙН ЧУХАЛ

-Хөлбөмбөгийн “FC Ulaanbaatar баг, скүүтэр гээд таны эхлүүлсэн бизнес, бизнесээс гадуурх үйл, оролдлогуудыг харахад ашгийг эхэнд тавьдаггүй юм шиг санагддаг. Та ер нь бизнес, үйл хэрэг эхлүүлэхдээ сонголтоо яаж хийдэг вэ?

-Би 2022 оны аравдугаар сард Хэнтий аймгийн 18 сумыг тойрсон. Жи-мобайлын сүлжээний өргөтгөл гээд ажлаар явсан юм. Тэр үеэс миний бүх юм өөрчлөгдсөн. Амьдралыг харах өнцөг, цаашдаа юу хийх гээд. Өөрийгөө олсон гэж боддог. Би юу хийх ёстойгоо маш сайн ойлгож авсан. “Би 2008 онд гадаад явчихаагүй нь ямар сайн юм бэ” гэж бодсон. Би Монголдоо үнэхээр хайртай юм байна. Над шиг ийм Монгол залуучууд мянга, мянгаараа байгаа. Бүгдийг нь олж авна. Бүгдтэй нь найзлаад хамтарна” гэж бодсон.

Хөдөөний ард иргэд яаж амьдарч байна, юу болж байна. Өнөөдөр хөдөө орон нутагт 100 жилийнхээ ойг модон нойлтой тэмдэглэх гэж байна. Ард иргэд ингэж л амьдарч байна.

Би тэгэхэд л их юм ойлгож авсан. Хүн чинь ганцаараа утасгүй хөдөө, ямар ч найзгүй байхаар чинь өөрөөр бодож эхэлдэг юм билээ. Тэгээд ирээд жиү жицүгийн ДАШТ-д орсон. Гурван долоо хоног би бэлтгэл хийгээд л орсон. Энэ бүх юм их богинохон хугацаанд болсон. Тэгээд би шийдсэн.

Би зүгээр л Монгол улсын төлөө зүтгэнэ ээ. Би монгол улсдаа тэр гадаадад харсан олон зүйлийг заавал хэрэгжүүлнэ гэж бодсон.

МОНГОЛЫНХОО ТҮҮХЭНД НЭРЭЭ ҮЛДЭЭХ ХҮСЭЛТЭЙ

-Би одоо нас 38 хүрчихлээ. 22-оос 38 нас хүртлээ амьдарлаа шүү дээ. Сайн, муу зөндөө л юм боллоо, амьдралд. Одоо 40 дөхөж байна. Гэрлэлээ, сайхан эхнэр, гурван хөөрхөн охинтой боллоо.

Би сүүлийн хоёр жил нэг юмыг аягүй их бодсон. Одоо яг яах вэ. За ямар ч байсан би нэг төгсөөд ирлээ. Ажиллалаа, шоудлаа. Янз, янзын л хүмүүстэй танилцлаа, олон ч охинтой үерхэж, салж нийллээ. Эцэст нь гэрлэж, амьдрал сайхан тогтвортой болчихлоо. Бизнесээ босгочихлоо. Тэгээд би шийдсэн. Одоо ерөөсөө нийгэмд идэвхтэй байя. Би энэ нийгэмдээ юм үлдээнэ. Би заавал энэ улсдаа нэрээ үлдээнэ гэж. Багынхаа хүсэл мөрөөдлийг санасан.

-Мөрөөдөмтгий хүүхэд байсан уу?

-Би ер нь багын л алдаршихыг хүсдэг хүүхэд байсан. Яагаад би тамирчин болохыг хүссэн юм бэ. Алдаршихыг хүссэндээ шүү дээ. Олон нийтэд харагдаад, танигдаад л.

10 жилд байхдаа анкет хөтөлдөг байлаа. Манай ангийн цөөхөн хэдэн хүүхэд л анкет хөтөлбөдөг байсан. Орост анкет хөтөлдөг хүүхэд гэдэг чинь од байлаа. Ангийнхаа охидуудад тэрийгээ өгөөд л. Тэр чинь тэрхүүхэн тэндээ бас л алдар байхгүй юу. Одоо бол би яг шийдсэн. Нийгэмдээ ямар нэг сайн, сайхан зүйл үлдээнэ ээ. Би нэрээ үлдээнэ. Надад мөнгө, төгрөг хангалттай байна. Надад юу ч хэрэггүй.

Би сайн эцэг эхийнхээ буянаар үнэхээр сайхан амьдарсан. Гомдоллох, гомдох... Хүнд атаархах, хүнд муу юм санах гэдэг тэр чанарууд надад байхгүй. Үзээд өгье гэсэн ч үнэхээр байхгүй. Ийм хүн болсныхоо төлөө аав, ээждээ би баярлаж явдаг. Ялангуяа ээждээ “Баярлалаа” гэж байнга хэлдэг.

-Та НАМЗХ-нд элссэн. МАН-ын залуучуудын байгууллага шүү дээ. Сонголтоо яаж хийсэн бэ?     

-Нийгмийнхээ төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө нэг юм хийчих юм сан гэж бодож явсаар байгаад НАМЗХ-нд орсон. Би бас судалж байгаа шүү дээ. Нийгэмд идэвхтэй байя гэсэн хүн чинь нам, олон нийтийн байгууллагад орох ёстой. Тэрний тулд нам харах болно.

 Би сайн мэдэхгүй болохоор найзуудтайгаа уулзаж, асууж, зөвлөж байхад “НАМЗХ зүгээр байж магадгүй шүү. Чи хар” гэсэн. Тэгээд би НАМЗХ-д орсон. Би юу ч мэдэхгүй. “Ороод үз, тэгээд таалагдахгүй бол больчихно л биз дээ” гэдэг үндсэн дээр орсон, бараг. “Нийгэмд идэвхтэй бай, чиний зөв өө” гэж хэлэх найзууд байсан. “Яах гээд байгаа юм бэ. Тэнд чинь жинхэнэ эвгүй гарууд байгаа шдээ” гэж хэлсэн снайзууд ч байгаа. 

Тэр үед “Тэгээд бизнест тийм сайхан хүмүүс байгаа юм уу. Найзынх нь тийм цочроо гарчихсаан. Зүгээр, яав л гэж дээ” гээд орсон. Тэгээд алдаагүй. Харин ч хөгжсөн. НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал надад маш их юм зааж өгсөн. Менторлосон. Их гоё зөвлөгөө өгсөн, өгдөг.

МӨНГӨ ОЛОХЫН ХАЖУУГААР ХӨГЖИЛ АВЧРАХ БИЗНЕС ХИЙХ ЁСТОЙ

-Таныг сүүлийн үед “Жет скүүтэрийн Г.Дашням” гэх болжээ. Энэ санааг яаж олсон бэ?   

-Анх нээх ч юм бодоогүй. Манайх чинь их түгжрээтэй. Энэ шийдэл болж магадгүй гэсэн бодлоор л оруулж ирсэн. Тэгсэн өнөөдөр хот биш улс даяар ярьж байна. Би гэхдээ нээх аймар амьдралаа залгуулах гээд байгаа юм биш шүү дээ. 

Энэ бүх зүйлийн гол юм нь их хурлын гишүүн ЦХХХ-ны сайд Н.Учрал. Би үүнд үнэхээр баярлаж явдаг. Надад маш том урам өгсөн. “Энэ залуу хүн чадаж байна” гэдэг утгаар. Над шиг зөндөө залуучууд байгаа. Би өөрийгөө нээх мундаг улстөрч гэж хэлэхгүй. 

Мундаг боловсролтой ч хүн гэж хэлэхгүй. Гэхдээ би юу хийх ёстойгоо маш сайн ойлгосон, залуу хүн. Зүгээр л нэг мөнгөний төлөө, ашгийн төлөө өөрийнхөө төлөө амьдарч болохгүй юм байна. Амьдрал үнэхээр баян юм байна. Би эх орныхоо төлөө хичээх ёстой. Би энэ сайхан нийгмийн төлөө хичээх ёстой. Би заавал өөрийнхөө нэрийг энэ нийгэмд үлдээчихээд үхнэ гэж боддог.

 -Анх яаж энэ санааг олсон бэ?

-НАМЗХ 2022 онд Казахстан руу явах болдог юм. Миний Швейцарьт хамт сурч байсан ангийн хүүхдүүдээс Казахстанд байдаг.

Аав ээж нь улсдаа баялаг бүтээгээд, улсаа хөгжүүлэх гээд явж байгаа юм л хүмүүс. Тэгээд би НАМЗХ-ны найзуудаа “Та нар надтай хамт явж Казахстан үз л дээ” гэж урьсан. Тэнд найзуудтайгаа хамтарч байгуулсан, жилд 2, 3 удаа очиж эргэдэг компани ч байдаг.  2005 оноос хойш тогтмол явж байгаа.

Тэгээд найзууддаа хэлсэн. “Та хэдэд би Казахстан үзүүлье тэгэх үү” гэж. Би ер нь 10 жилийнхээ найзуудаа ч, монгол найзуудаа ч бүгдийг нь Казахстан үзүүлсэн. Дуртай.

Тэгээд найзууддаа “Бид нар өөрсдийгөө АНУ, Японтой харьцуулдаг буруу байхгүй юу. Зэргэлдээ, нэг гараан дээрээс эхэлсэн улсууддаа очиж үзэх хэрэгтэй. Монгол Казахстан хоёр яг нэг зэрэг нээлттэй болж, хөгжиж эхэлсэн. Хоёуланд нь яг адилхан боломж байсан.

1991 онд тусгаар тогтносон улс өнөөдөр яаж явж байгааг л харчих” гэсэн. Тэгээд НАМЗХ-ийн найзууд бөөндөө явж байгаа юм. Тавуулаа. 2022 оны наймдугаар сард . Би чинь бас гадагшаа яваагүй удчихсан. 2022 он хүртэл юу боллоо, хэдүүлээ чинь.

Кино болоо биз дээ. Тэгээд очсон чинь скүүтэр байж байсан. Би хараад өнөөдөр Улаанбаатар ямар байгаа билээ. Шууд харсан. Найзууд хот хараад завгүй байгаад байдаг. Би болохоор аль хэдийнэ бүгдийг нь үзчихсэн, надад скүүтэр л харагдаад байдаг. 

Тэгээд би дотроо шууд “Энийг хийнэ” гэж шийдсэн. Тухайн үед найзууддаа бол “Ваав энэ ямар гоё юм бэ” гэж хэлээд өнгөрсөн ч дотроо бол бол шийдсэн явж байсан шүү дээ. Тэгээд нэг их удалгүй, 2023 оны хоёрдугаар сард байх, Г.Учрал сайдыг Казахстанд Дижижтал Алма Аты гэдэг үзэсгэлэнд урьдаг юм. Манай Ай Си Ти экспотой ижилхэн арга хэмжээ. 

Тэгээд Надад ийм арга хэмжээ болж байна аа. Чи Казахстаныг сайн мэддэг юм чинь хамт явчихаад ирье гэсэн. Би чинь бас орон тооны зөвлөх нь болчихсон байсан. Тэгээд би дотор скүүтэр бодогдоод найзууд руугаа залгаж байгаа юм.

“Наана чинь баахан скүүтэрүүд байна лээ. Би уулзъя, танилцъя” гээд. Тэгээд удаагүй, цаг ч болоогүй над руу эргэж яриад Олчихлоо. Миний найзын аягүй сайн найз байсан байна. Чамайг яг одоо видео колл хийе гэнэ ээ гэсэн. Тэгэнгүүт нь Н.Учрал сайд руу яриад хамт явъя гэсэн. Уулзалтад очоод сайд сайд нартай уулзаад явсан. Би харин тэнд очсон бүх старт апуудтай танилцсан. Каталогуудыг нь авсан. Яагаад гэвэл, бид нар өнөөдөр нэг их аймаар сэтгээд, өөрсдөө шинээр хийх гээд хэрэггүй ш дээ. Тэнд яалт ч үгүй хөгжил биднээс жаахан илүү байгаад байдаг. Тэгэхээр бид тэдний алдаанаас суралцаад, энд алдаагүй юм авчрах ёстой байхгүй юу.

Би энд нэг Монскүүтэр гээд хийчихсэн бол бөөн алдаа, бөөн алдагдал “Яаая” гээд байж байх байсан биз. Тэгээд уулзаад шууд “За би бизнесмэн хүн. Тэр тусмаа Орос школтой бизнесмэн хүн. Шууд түс, тас хэлээр нь ярьж чадна. Та нар харин энэ хэлээр ярьж чаддаг юм уу. Эсвэл Америк шиг баахан судалгаа, гэрээ энэ тэр гэх юм уу” гэсэн. Нөгөөдүүл нь “За тэгье, орой уулзъя. Адилхан л Орос школтой хүмүүс, ганц нэг хундаганы ард гаръя гээд. Тэгээд уулзлаа. Би шууд “За та нар аппликейшнээ, бүх ноу хаутайгаа аваад  ороод ир” гэсэн. Надад бас юу нь таалагдсан гэхээр, Украиныг эс тооцвол найман оронд нэвтэрчихсэн байсан юм. Казахстаны 20 хотод үйл ажиллагаа явуулдаг.

Казахстан, Киргизстан, Узбекистан, Гүрж, Армен, Тажикистан, Серб, ОХУ. Монгол ес дэхь орон нь болж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь аль хэдийнэ алдаж оноод, шатдагаа шатаад жигдэрчихсэн. Тэд нар би “За, би 100 хувь хөрөнгө оруулна. Та нар мэдлэгээ, боловсон хүчнээ өг. Гүйцэтгэх захирлыг та нар томил. Би компанийн үүсгэн байгуулагч, 100 хувь үндэсний компани. Би сар болгон та нарт роялти төлье. Хамтаръя” гэсэн.  

Тэд нар чинь бас тэнэг биш. Энд ирж үзсэн байгаа юм. Тэгээд “Аан, энд хамтрагчгүй бол балрах юм байна” гэдгийг ойлгочихсон байсан. Магадгүй, Монгол Улс оросоор ярьдаг улс байсан бол би тэд нарт хэрэггүй байхгүй юу.

Тэгээд л энэ скүүтэр эхэлсэн. Н.Учрал сайдын нүдэн дээр. Сайд бүр “Нээрээ юу” л гээд байгаа юм чинь. “Чи шатна ш дээ найз аа” гээд. Гэхдээ яг тулаад ирэхэд Н.Учрал сайд намайг дэмжсэн. Гэхдээ л “Чи яг итгэж байна уу” гээд л эцэг эх шиг. Би бүр шийдчихсэн. Нүдэнд харагдаад байгаа юм чинь. За тэгээд Монголд ирлээ. Гэр бүл, найз нөхөд бүгд эсэргүүцсэн. Яах гээд байгаа юм бэ, боль оо. Энэ чинь муу ч үгүй хэдэн сая доллар ш дээ. Чи хэдэн сая ам.доллараар барилга барьж чадна ш дээ.

Тэд нарт “Би тийм хүн биш ээ. Би баялаг бүтээгч, инновацлаг санааг хэрэгжүүлэгч. Би технологийн салбарын хүн. Тэр тусмаа мэдээлэл технологийн салбарын хүн. Энэ старт апыг хийнэ” гээд бүх хүнээс зөрсөн. Нэг удаа яахав больдог юм уу гэж бодсон. Бизнесмэн хүн, эрсдлээ харна. Бас нэг цочсон юм байна.

Одоо миний таньд ярьж байгаа энэ бүхэн, Швейцарь, Лондон, Жи Мобайл, Монгол... Хүний амьдрал байна шүү дээ. Тэр энерги, тэр аура... Амьдралын бүх юм энерги шүү дээ. Би маш их азтай хүн. Аймар гоё хүрээлэлтэй, аймар гоё амьдралаар амьдарсан.

Тэгээд л хийсэн, бөмбөг тэсэрч байгаа юм шиг л болсон. Улаанбаатарчууд маш богинохон хугацаанд унаж сураад л. Ямар ч маркетинггүй, зар сурталчилгаагүй. Гүйцэтгэх захирал нь монголоор ярьдаггүй, би скүүтэр гэх зав байхгүй. Би чинь бүх юмаа хаяад скүүтэр гэж чадахгүй шүү дээ. Тэгэхэд л өөр яваад л байгаа байхгүй юу. Тэндээс би сөргөөс илүү эерэг энерги авсан.

Тэр үед л, одоо би таны асуултад хариулья. Манай залуучууд өөр болчихсон байна лээ шүү. Скүүтэр унаж байгаа, хэрэглэж байгаа. Заавал би машин унана ч гэдэг юм уу, эсвэл муулна гэдэг ч юм уу.  Тийм юм байхгүй. Гудамжинд таарчихаад надтай гар бариад ”Та гоё шүү”, “Тантай зургаа авахуулъя тэгэх үү” гээд л... Тэр үед л би хэрэгтэй юм хийж байгаа юм байна даа гэж урам зориг авсан. Мэдээж 50+ насныхан бол скүүтэр бага хэрэглэж байгаа, зарим нь мэдэх ч үгүй явж байгаа байх л аа. Гэхдээ залуучууд бол намайг үнэлээд, хийж байгаа ажлыг ойлгосонд маш их баярласан. Дахиад юу хийх вэ гэж бодсон.

-Нэг хэсэг алга болсон уу?

-Би тэр дээр ямар ч реакц өгөөгүй. Яагаад гэвэл мэдэж байсан. Тооцоолчихсон байсан байхгүй юу. Казахстанчууд ч надад хэлж байсан. За Г.Дашням аа, ийм ийм юм болно шүү гээд. Давж гарах арга нь ч бэлэн байсан. Төр нь эхлээд саад болох гэж үздэг шүү. Хулгай гарна, эвдэлнэ, хорлон сүйтгэнэ. Энийг л тоож болохгүй шүү. Бид нар найман оронд нэвтрүүлчихсэн шүү дээ гэсэн.

Би бол зөвхөн Монголд франчайз эзэмшиж байгаа л хүн байхгүй юу. Бусад найман оронд бас нэг, нэг Дашням байж байгаа шүү дээ. Тэгээд яг л тэр ёсоор болсон. Хулгайлсан, эвдсэн. Зайсангийн гүүрнээс гол руу хаясан ч тохиолдол байна. Улаанбаатараас Эрдэнэт рүү авч явсан нь ч байна. Манайд хулгайтай тэмцдэг нэгж хүртэл байсан. Тэр Эрдэнэт рүү авч явсан, тэр нэг шар үстэй эгч энэ тэр тэдний хийж байгаа ажил. Миний хүсэл биш. Би өнөөдрийг хүртэл нэг ч хүнийг цагдаад өгөөгүй. Яагаад гэвэл би тоо харж байгаа шүү дээ. Долоо хоногийн дараа хулгай 90 хувь бууж байгаа юм чинь.

Тэр үед би миний хийсэн ажил залуусын сэтгэлгээнд байгаа эерэг талыг нээж байна, сайн тал руу нь өөрчилж байна гэж бодоод өөрөөрөө, залуусаараа маш их бахархсан. Би энэ төслөөс маш их урам зориг авьсан. Цаашид юу хийх вэ гэж бодсон. 

Би төрсөн газраасаа л бүх зүйлийг эхлэхийг хүссэн. Тэр өөрчлөлтийг би хийсэн. Миний амьдралд хамгийн чухал хүн нь аав минь. Аав байхаасаа илүү надад багш болдог байсан. Аав минь би чиний их сургуулийн багшаас их юм зааж өгнө шүү, би багш чинь болъё гэж байсан. Би гадагшаа яваагүй үлдсэндээ л их баярладаг.

Таалагддаг байсан охиноо орхиод ирж байсан. Монгол охинтой үерхье гэхээр вайб нийлдэггүй ч гэх юм уу, тийм л зовлон байсан. Тэрнээс биш Улаанбаатар миа байна гэх ч юм уу, тийм бодол огт төрж байгаагүй. Тэр үед видео колл энэ тэр гэж байгаагүй шүү дээ. Яг товчлууртай утасны үе байсан. И мэйл, “Хай 5” гэж юм байсан. Фэйсбүүкийг ашиглаж эхлээ ч үгүй байсан. “Хай5”-чид л байлаа шүү дээ бид.   

Одоо бол Улаанбаатар минь нүдэн дээр минь хөгжчихлөө. Хэрэгтэй, хэрэггүй баахан л барилга барилаа. Сайхан бүтээн байгуулалтууд хийж байна. Хэрэггүй, нураагаад хаячихмаар барилгууд ч барьчихсан. Сайн, муу юм зөндөө байна өө. Гэхдээ би Улаанбаатарын унаган хүүхэд. Сүхбаатар дүүргийн тавдугаар хороололд төрсөн, одоо 11 дүгээр хорооллын оршин суугч.

-Улаанбаатарт олон өөрчлөлт бий болж буй нь үнэн. Гэхдээ залууст сэтгэлгээний өөрчлөлт чухал байна?

-Манай залуучуудын сайн тал нь их нээлттэй болж байна. Би залуучуудыг их ажиглаж байгаа. Алкоголь хэрэглэхээ больсон байна. Намайг 22 настай ирж байхад залуучууд алкоголь их хэрэглэдэг байсан. Бие биенийгээ шахна. Уухгүй бол гомдоно. Уучихаад бие, биенийгээ зодно. Одоо бол өөр байна. Муу тал нь амиа хичээсэн. Хятадууд, солонгосчууд яаж нэгнийгээ хайрлаж, амь байдаг билээ.

 “It’s all about little things” энэ л байхгүй юу. Ерөнхийд нь харахаар бүх юм болоод байдаг. Гэхдээ нэг жижиг, жижиг юм нь болохгүй байгаа биз дээ.

-Та спорпод элэгтэй хүн. Тэр дундаа хөлбөмбөгийн хөгжилд их хувь нэмэр оруулсан?

2012 онд манай найз надад хэлж байсан юм. Найз хамт хөлбөмбөг рүү оръё, чи манайд ТУЗ-ийн гишүүнээр ороод ирээч гээд.  Би сайхан хөлбөмбөгийн багтай болох юмсан гэж боддог байсан. Би найздаа долоо хоногийн дараа хэлж байсан юм. Найз нь өөрөө багтай болчихъё. Наад лигт чинь ганц лаг баг биш олон лаг баг хэрэгтэй. Тэгээд би баг байгуулна гэчхээд байгуулахгүй яваад л байсан юм. Тэгээд 2015 онд хөлбөмбөгийн шинэ удирдлагуудтай болоод лигүүд гарч ирж байсан. 2015 оны 11 сард би Тавантолгой түлшийн “по” Ганбаа “Хангарьд” багийн эрхийг 15 саяар зарна гэж байсан.

Тухайн үед Анархүү бас санал тавьж байсан. Гантиг найз маань ч бас хэлж л байсан. Би татгалзаад өөрийн багтай болно гэж байсан. Тэгээд л түүнтэй уулзаад багийн эрхээ авч байсан. Тэгээд төрийн бус байгууллагаар явах уу, компаниар явах уу гээд шийдэж байсан. Тэр үед хэн ч компани байгуулж байгаагүй. Тэгээд багийнхаа нэрийг Улаанбаатар сити буюу FC гээд компани байгуулж байсан.

Тэр гэрчилгээгээ би 2018.3.18-нд цэргийн баяраар авч байсан. Би тухайн үед “Магнай трейд”-ийн захирал байсан. Тэгээд энэ компанийг яаж авч явдаг түүн шигээ дүрэм журам тогтооно гэж бодсон. Бүх тамирчидтайгаа гэрээ байгуулсан. Тэр үед энэ багт байгаа бүх хүн цалинтай ажиллана гэж бодож байсан.

Бүх юм дүрэм журамтай тул “Намайг захирал аа гэж дууд, ахаа биш” гээд хэлсэн. Чадахгүй бол гарч болно ч гэж хэлсэн. Дүрэм журамтай болохоор эмх цэгцтэй болж эхэлсэн. Бэлтгэлээ таслах, хоцрох зэрэг дээр ч би хатуу хандаж эхэлсэн. Энэ системээрээ явсаар байгаад бид үлдэж чадсан. Үзэгчдийн суудал хэзээ ч дүүрдэггүй байсан талбайн бүх суудал тэр өдөр дүүрсэн. Би бүр тамирчидтайгаа нийлж уйлсан. Анхны ялалтаа аваад.

Дараа нь бид цомийн аварга болно гээд 2017 онд аваргын цомоо авч байсан шүү дээ. Тэгээд 2019 онд Дээд лигийн аварга болж байсан шүү дээ. Манай гишүүд бүгд цалин авдаг. Эхний хоёр улиралд нэг хүн 300 мянган төгрөг авч байсан. Хамгийн их нь 1,5 сая төгрөгийн цалинтай байсан.

2022 оноос миний гал унтарч эхэлсэн. Зарим хүмүүс, удирдах зөвлөл, холбоо нь над руу дайрч эхэлсэн. Намайг дайсан гэж харсан, өрсөлдөгч гэж харсан. Монголчууд нэг нь дээшээ гарахаар доошоо дандаа зулгаадаг.

Миний хөлбөмбөгт үлдээж чадсан гавъяа бол гэрээ. Бүх хүнтэй гэрээ байгуулж ажилласан. Гэрээн дээр нэг байр байсан байхгүй юу. Таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэр үед багийн гишүүн багаасаа гарна гээд сошиалаар бөөн юм болж байсан. Сошиал намайг биш тэр хүнийг өмөөрөх нь тодорхой шүү дээ. Хөлбөмбөгийн холбоо, УЗ гээд хэн ч намайг өмөөрөөгүй. Тэр үеэс шүгэл үлээж эхэлсэн. Дээд лигийн тамирчид ерөөсөө цалин авдаггүй гэдгийг хэлж гаргаж байсан. Би шударга ёсны төлөө тэмцэж эхэлсэн.

Тэмцэл маань хэтрээд замаа алдаад ирэхээр би за за одоо больё гэж бодсон. Намайг үнэлэхгүй байгаа газар байгаад хэрэггүй гэж бодсон. Энэ миний хобби гэхдээ тэнд байгаа хүмүүсийн амьдрал талхны мөнгө нь байгаа байхгүй юу.

Аливаа зүйлийг харах өнцөг их чухал гэж би боддог. Гэхдээ үүнд нөлөөлөх хүчин зүйл хэрэгтэй

-Та энэ Улаанбаатар хотоо хар даа. Нэг тийм жижигхээн, цэмцгэр старт ап хот шиг харагдаж байгаа биз дээ. Залуус нь соёлтой, хувь хүнгий хөгжлөө дээшлүүлж байгаа. Юу ч хийж болмоор. Зорьсон ажлаа бүтээгээд, тэр нь нийгэмдээ хэрэгтэй зүйл болж, хөгжил дэвшлийг авчирч байгааг хараад олныхоо дунд алхаж явахын сайхныг би мэдэрсэн.

 Ярилцсан: Сэтгүүлч, тоймч Х.Батсайхан



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.121
    2024/04/22

    хөл бөмбөг бөхтэй ялгаагүй биеийн хөгжлийн боломж оюуны шуурхай ,ёс зүй г шаарддаг монголчууд багын мэдрэмж хариуцлагаагүй зүгээр л бөмөг чиглүүлээд л б уудаад байх юм

    Хариулах
  • 103.168.34.19
    2024/04/22

    Uvgen bi amerik yaaj ireed hotiin teevriin gazriin neg darga tanildaa Iim teever baina hii geech geheer shalDemi gej helm baisan zuiliig ene huu hiigeed hereglee bolgochihloo doo amjilt zaluus mini davhiad bai. Daa

    Хариулах
  • 139.5.216.87
    2024/04/22

    завхарсан юм юу ч хийгээгүй нусгайг дөвийлгөх хэрэг байсан уу , өөрөө ямар ажил хийж хөрөнгө босгосон юм бол доо

    Хариулах
    • 103.212.119.85
      2024/04/29

      Өвлөгдөж ирсэн хөрөнгийг шоудаж үрэн тараг хийлгүй харин ч үндэсний компани босгож байгааг нь магтаач.

  • 202.170.66.3
    2024/04/22

    Ямар гоё ярилцлага вэ. Амжилт шүү

    Хариулах